Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/74

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-ад холбогдох эрүүгийн 1727000480033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.1 дэх хэсэгт зааснаар 55.000 төгрөгөөр торгох ялаар,

-  Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 11 хоногийн хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.4, 211.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 07 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Г.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Нурамт гэх газраас хохирогч Б.Ч-ын 2 тооны хонийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас өөрийнхөө мотоцикльтой 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум орохоор явж байтал ус ихтэй хүчтэй аадар бороо ороод явж болохгүй болохоор нь замд таарсан нэг саравчинд орж хэсэг зогссон...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Ч-ын өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад хонио хариулахаар хонин дээрээ очтол манай малын саравчин дотор хоёр эр хонь хүлээтэй дэргэд нь нэг хүн байсан. Би тухайн үедээ ганцаараа тэр хүнтэй уулзахаасаа жаахан жийрхээд өвөлжөөнөөсөө холдож ойролцоох ил харагдах толгой дээр байж байгаад утсаар дүү Ө, Б нарыг дуудаад Ө-ыг ирэх хооронд нөгөө манай саравчинд хоёр хонь хүлчихсэн байсан хүн чинь уулруу мотоцикльтой зугтаачихсан. Араас нь Ө мотоцикльтой хөөгөөд би унаж явсан морио уячихаад Б-гийн мотоциклийн араар сууж араас нь хөөсөн юм. Тэгээд эхлээд Ө нөгөө хүнийг хөөж гүйгээд бариад авсан. Б бид 2 араас нь очсон юм. Тэр хүн би борооноос хорогдоод саравчинд зогсож байтал хонь ороод ирсэн тэгээд нэг иймэрхүү юм болчлоо гээд зогсож байсан.

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “...Тухайн үед болсон асуудал надад ямар нэгэн хохирол учраагүй би хүлүүлсэн 2 тооны хонио бүрэн бүтэн хүлээж авсан учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас/

Гэрч Ц.Ө-ын өгсөн: “...Би 2017.07.24-ний өдөр манай нутгийн Ч гэх залуу надруу утсаар залгаж манай саравчинд нэг хүн 2 хонь хүлчихсэн авч явах гэж байна хүрээд ир ханиндаа очоодхоё гэхээр нь би мотоцикльтой давхиад очтол нөгөө хүний мотоцикль нь унтраад зогсчихсон юм. Намайг яваад очтол өөдөөс намайг уучлаарай би буруу юм хийчихлээ ярилцья гээд түрийнээсээ цухуйж байсан хутганыхаа ишнээс барьчихаад суугаад байсан. Араас Ч, Б нар ирсэн тэгээд нөгөө хүнийг чамайг цагдаад хэлнэ чи яагаад хонь хулгайлаад байгаа юм бэ гэтэл намайг уучлаарай гээл байсан тэгээд уулнаас бууж ирээд хулгайлж байсан хонийг нь өөрөөр нь буцааж тавиулаад би гэрлүүгээ явсан. Ч-той тэр хүн ярилцаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №1/37 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 53-58 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47, 48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ц-ыг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Нурамт гэх газраас хохирогч Б.Ч-ын 2 тооны хонийг хулгайлахыг завдсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулав.

Иймд Г.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсний дагуу Г.Ц-ад ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц-ад нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц-ыг бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Ц-ад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6.  Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ц-ын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА