Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Г.Лид холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.П

Хохирогчийн өмгөөлөгч                                 Ц.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Лид холбогдох 2112000000333 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1987 оны  07 дугаар сарын 15-ны өдөр  Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.Л

 

Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул  багийн нутаг Шар давааны ханхар гэх газраас олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 13 тооны хонийг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Г.Лид холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Лид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг хөнгөрүүлэн өөрчилж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж; Шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Лийг 1 / нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс  2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 8/найм/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах  ялд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 1.640.000/ нэг сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 06 өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хохирогч болох Н.Х нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хадам ахынхаа хүү Г.Пд туслах малчнаар ажиллуулах гэрээ хийж, малаа хүлээлгэж өгөхдөө өөрт үлдсэн сувай эм хонио тоолж үзээд маргааш өдөр нь Г.Пд өөрт байх хонио захиж үлдээгээд харж байхыг хүсээд явсан байдаг юм. Энэ хооронд шүүгдэгч Г.Л нь Н.Хын 13 тооны хонийг хулгай хийж гэдэс дотрыг нь голд хаясан үйл явдал нотлогддог юм. Харин голд маш олон тооны хонины гэдэс дотор байхыг хохирогч болох Н.Х нь хараад өөрийн хонийг тоолж үзэхэд 13 тооны хонь дутсан байдаг. Мөн шүүгдэгч Г.Л нь хохирогч Н.Хынхаас хулгай хийсэн хонины гэдэс дотрыг голд урсгаж хаяснаа хүлээн зөвшөөрдөг төдийгүй хулгай хийсний маргааш буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Н.Хыг Г.Лийн гэрт ороход хонины гэдэс чанаж байдаг юм. Шүүгдэгч Г.Л нь бусдын олон тооны буюу 13 тооны хонийг хулгай хийсэн байхад шүүх 13 тооны хонийг хулгайлсан нь эргэлзээтэй байх тул ... 2021 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж , түүнд 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр нас нийлсэн хонь 150.000 төгрөгийн, охин төлөг 110.000 төгрөгийн үнэ ханштай байхад 1 тооны хонийг хулгайлж гэсэн мөртлөө охин төлөгний үнэлгээгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Г.Лид холбогдох хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч голд урссан олон тооны хонины гэдэс харсан учраас хэргийн газарт дахин үзлэг хийх боломжгүй үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмгөөлөгч миний хувьд Г.Лийг яллаж, ял шийтгэл эдлүүлэх сонирхол байхгүй. Хохирогч 13 тооны хонио алдсан гэж байхад шүүхээс 1 тооны хонь авсан гэж шийдвэрлэж, харин бусад хонины хохирлыг гаргахгүй байгаад хохирогч гомдож байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад прокурор 13 тооны мал хулгай хийсэн, мөн хохирогч олон тооны хонины гэдэс хөвж байсан, заримыг нь айлын нохой голын эргээр идэж байсан гэдэг асуудал яригддаг. Маргааш нь Г.Лийнд ороход хонины гэдэс чанаж байсан байдаг учраас 13 тооны хонийг хулгай хийсэн гэж үздэг. Дараагийн асуудал нь 26-ны өдөр н.П-д хонио тоолж өгөхдөө  өөртөө үлдсэн сувай хонийг тоолж үлдээгээд өгсөн байдаг. Тэгтэл маргааш нь шувуу эргэлдээд байхаар нь тоолтол 13 тооны хонь дутсан ийм үйл явдал гарсан. Иймд шүүхээс хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Түүнээс биш Г.Лид ял шийтгэл оногдуулах гээд байгаа зүйл байхгүй. Хохирогч гол нь хохирлоо авчихвал гомдол саналгүй юм. Хохирлыг гаргаагүй учраас өмгөөлөгч намайг гомдол гаргаад өг гэсэн асуудал тавьсан.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийн нөхцөл байдал тодорхой харагдана. Хохирогч голд олон тооны хонины гэдэс хөвж байсан гэж яриад байгаа болохоос биш энэ байдлыг нотолсон баримт хэргийн материалд байдаггүй. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийхэд тухайн голд олон тооны хонь хөвөх хэмжээний урсгалтай гол ч юм уу, тогтонги урсгалтай нарийн гол ч юм уу гэдгийг тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгч нарийн шуудуй байсан гэдэг зүйлийг ярьдаг. 28-ны өдөр хонины гэдэс чанаж байсан гэж ярилаа. Айл юм чинь хонины гэдэс чанаж болно. Г.Лийнх бага насны 5 хүүхэдтэй бөгөөд айлын мал маллаж амьдардаг хүмүүс юм. Айлаас хонины гэдэс авчраад чанаж байхыг үгүйсгэхгүй. Энэ бүгдийг хардаж 13 тооны хонийг хулгай хийсэн учраас хохирлыг гаргуулах ёстой гэж хэлж байгаа нь зохисгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг прокурор зөвшөөрч байна. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Архангай аймгийн Прокурорын газар яллагдагч Г.Л нь 2021 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг, Шар давааны Ханхар гэх газраас Н.Хын 13 тооны буюу олон тооны хонийг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгахад шүүгдэгч Г.Л нь хохирогч Н.Хын 13 тооны хонийг хулгайлсан нь эргэлзээтэй байх тул Н.Хын 1 тооны хонийг хулгайлж, бусдад 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Г.Лид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Л нь хохирогч Н.Л-ийн хулгайд алдсан гэх 13 тооны хониноос 1 тооны  хонийг хулгайлсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, харин бусад 12 тооны хонийг хулгайлсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь зөв болжээ.

 

Мөн шүүх шүүгдэгч Г.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тохирсон байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Б “...Шүүгдэгч Г.Л Н.Хын 13 тооны хонийг хулгайлсан байхад шүүх 1 тооны хонийг хулгайлж, 110.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр нас нийлсэн хонь 150.000 төгрөгийн, охин төлөг 110.000 төгрөгийн үнэ ханштай байхад 1 тооны хонийг хулгайлж гэсэн мөртлөө охин төлөгний үнэлгээгээр шийдвэрлэсэн нь буруу байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

            Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд явуулсан, нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, ач холбогдолгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч Н.Х /хх-ийн 6-8, 57-58/, гэрч Д.М /хх-ийн11-12/, Г.П /хх-ийн 29-31/, шүүгдэгч Г.Л /хх-ийн 39-41/ нарын мэдүүлэг, мал тооллогын бүртгэл /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 26-27-ны өдөр Н.Хын 13 тооны хонь хулгайд алдагдсан болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Г.Лийг  бусдын 1 тооны хонь хулгайлсан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хулгайлсан 1 тооны хонь нь эм төлөг тул учруулсан хохирлыг эм төлөгний үнээр тооцсон нь зөв болно.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /хх-ийн 156/ олон тооны буюу Н.Хын эзэмшлийн 1 тооны хонийг хулгайлж гэж алдаатай бичсэн хэдий ч  тогтоох хэсэгтээ гэм буруутайд зөв тооцсон байна.

 

           Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/99 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ