Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1129

 

 

 

“Ж хотхон” сууц өмчлөгчдийн холбоо

/цаашид СӨХ/ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00795 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж хотхон” СӨХ-ны хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, нотариатын зардалд нийт 874 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж хотхон” СӨХ нь 2018 оны 12 дугаар сард байгуулагдаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны гучин байр болон нийтийн орон сууцны 1-5 дугаар байрнуудын 218 айлын дундын өмчлөлийг хариуцан ажиллаж байна. СӨХ нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүх гишүүдийн хурлаа хийж дүүргийн засаг даргад өргөдлөө гаргаж улмаар гэрчилгээ авсан. Сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаас СӨХ-ны татвар хураамжийг 85 000 төгрөг байхаар анх байгуулагдахдаа шийдвэрлэж, энэ хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулж үндсэндээ 1 жил болсон. СӨХ-ны удирдах зөвлөлөөс төлбөрөө төлөөгүй айлуудаас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж барагдуулахыг СӨХ-ны даргад үүрэг болгосон. А.Днь 2019 оны 01 дүгээр сараас 10 сар хүртэл харуул хамгаалалтад 220 000 төгрөг, хог хаягдал 30 000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгааны зардал 42 000 төгрөг, нийтийн шугам хоолойны засварт 60 000 төгрөг, ногоон байгууламжийн засвар 24 000 төгрөг, ажилчдын цалин хөлс 294 000 төгрөг, тохижилт үйлчилгээ 106 000 төгрөг, бичиг хэрэг шуудан холбоо 18 000 төгрөг, хойшлуулшгүй арга хэмжээ буюу нөөц зардалд 66 000 төгрөг, нийт 860 000 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, бүгд 874 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос хойш гадаадад амьдардаг оюутан хүүхдийн байранд өвлийн хэдэн сар амьдардаг. 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл зусланд байдаг. Халаалт муу, ерөөсөө халдаггүй, СӨХ-д хандахад засаж чадахгүй байна гэдэг. Үүнээс болж үргэлж халаагуур залгадаг. СӨХ-ны төлбөрөөс суутгаж сард 10 000-20 000 төгрөгийг төлдөг байсан. Байранд засвар хийдэггүй. Өөрсдөө мөнгө гаргаж материалаа авч засвар хийсэн. СӨХ нь цас цэвэрлээгүйгээс миний бие хальтирч сүүжээ хугалсан. СӨХ ажил хийдэггүй тул 85 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Тэтгэврийн ганц бие хүн ийм өндөр төлбөр боломжгүй талаар СӨХ-д хандахад 4 дүгээр сард зөвлөлийн хурлаар шийдвэрлэж өгнө гэсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Д-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, нотариатын зардалд нийт 874 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Ж хотхон” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сууц өмчлөгчдийн холбоо 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрмээ баталж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон холбооны засвар үйлчилгээ, хуримтлалын жишиг тарифыг тогтоож, оршин суугчдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. А.Днь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Ж хотхоны 3 дугаар байрны 20 тоотод 2013 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 2013 оноос хойш 2018 оныг дуустал "Жаргалан сервис" ХХК-д СӨХ-ны төлбөр хураамж төлж байгаагүй энэ үеийн СӨХ-ны төлбөр хураамж 3 958 600 төгрөгийн авлагатай байсныг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 26 тоот албан бичиг түүний хавсралтаар хүлээлгэн өгсөн. А.Днь энэ байранд орсноосоо хойш СӨХ-ны төлбөр төлж байгаагүй байна. Бид зөвхөн "Ж хотхон" СӨХ байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших үйлчилгээ үзүүлсэнийхээ зардлыг нэхэмжилсэн. Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны өрхийн бүртгэлд А.Днэрээр бүртгэлтэй байгаа болно. СӨХ-оос үйлчилгээ авдаггүй гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх бүх гишүүдийн хурал 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан атлаа энэ өдөр холбооны төлбөр хураамжийг тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдэгээр баталгаажуулсан болно. СӨХ байгуулагдсаны дараа оршин суугчдыг 90 хувь нь үүргээ ухамсарлан төлбөр төлсөн. СӨХ нь оршин суугчдийнхаа аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр А.Д-г 3 дугаар байрны 20 тоотын өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж А.Дэжидмаагаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 860 000 төгрөг, бичиг баримт ноториатаар баталгаажуулсаны төлбөрт 14 000 төгрөг, нийт 874 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “Жаргалант хотхон” СӨХ нь хариуцагч А.Д-д холбогдуулан дундын өмч ашиглалтын зардалд 860 000 төгрөг, хохиролд 14 000 төгрөг, нийт 874 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “уг орон сууц бусдын өмчлөлийнх тул төлбөрийг хариуцахгүй” гэж маргасан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 1-5 дугаар байр, амины орон сууц нь “Ж хотхон” СӨХ-д харьяалагддаг болох нь тус СӨХ-ны гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

Иймээс хариуцагч нь энэ орон сууцны өмчлөгч буюу Иргэний хууль болон дундын өмчлөлийн орон сууцны зардлыг төлөхтэй холбоотой бусад хууль тогтоомжид заасан үүрэг бүхий этгээд мөн эсэх буюу маргааны үйл баримтыг шүүх тодруулах шаардлагатай байжээ. Хариуцагч А.Днь Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны өрхийн бүртгэлд бүртгэлтэй байгааг дээрх хуульд заасан өмчлөгч гэж үзэхгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байр, 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна” гэж зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх шаардлагатай байхад уг ажиллагааг шүүх гүйцэтгэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байрны 20 тоот орон сууц хариуцагч А.Д-гийн өмчлөлийнх мөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх дээр дурьдснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 30 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            Д.БАЙГАЛМАА