Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Т.Ц-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Э.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, Д.О

Хохирогчийн өмгөөлөгч                                 С.П

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.О-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Т.Цд холбогдох 1912007560197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т.Ц

 

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 115.804.501 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшиж, хохирогч Ч.Цид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Т.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаартай шүүгчийн захирамжаар: Шүүгдэгч Т.Цд холбогдох 1912007560197 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч.Ц, Т.Ц нарын бараа материал бүртгэж хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх 19 ширхэг дэвтэр, 42 ширхэг санхүүгийн баримтыг хэргийн хамт прокурорт хүргүүлж; Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.О-ын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүү эрүүгийн 1912007560197 дугаартай Т.Цд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлж, хяналтын прокурор Э.О би шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргасан. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээд 2021/ШЗ/354 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх “...шүүгдэгч Т.Цд холбогдох 1912007560197 тоот эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд хэргийг прокурорт буцааж дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

1. Шинжээч А.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 104 тоот дүгнэлтээр иргэн Ч.Цаас ирүүлсэн 42 ширхэг 83.333.300 төгрөгийн баримт нь Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар баталсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагад нийтлэгдэх, хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааврын холбогдох заалт, шаардлагыг хангахгүй байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн 42 ширхэг 83.333.300 төгрөгийн падаанд бичигдсэн барааг Улаанбаатар хотоос ачуулсан гэх хүмүүсийг гэрчээр асуусан атлаа барааны үнийг хэдийд, яаж шилжүүлсэн, мөн Ч.Цаас Т.Цд хэрхэн хүлээлгэж өгсөн зэргийг тодруулж шалгаагүй нь учир дутагдалтай, шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломгүй байх тул хохирогч Ч.Цаас дээрх 83.333.300 төгрөгийн барааг хүлээн авахдаа барааны үнийг ямар журмаар хэзээ төлсөн, шилжүүлснийг дансны хуулгатай тулгах, уг бараануудыг Т.Цд бүрэн хүлээлгэж өгсөн эсэхийг тус тус шалгаж тогтоох,

2. “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин А.Б нь эдийн засгийн шинжилгээ хийх эрхтэй эсэхийг тодруулж, тусгай зөвшөөрлийг нотлох баримтаар гаргуулах,

3. Шүүгдэгч Т.Ц нь өөрийн төрсөн дүү Т.Г-ийн нэр дээр данс нээлгэж ашиглаж байсан, нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдож байх тул Т.Цгийн “Солонгот” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үед Т.Г-ийн “Хаан” банкны 5148070440 дансанд орсон орлогын эх үүсвэрийг шалгах,

4. Тухайн цаг хугацаанд Т.Цгийн банкны данснууд гүйлгээ хийх боломжгүй байсан эсэх, хэрэв гүйлгээ хийх боломжтой байсан бол 2018 оны 02 дугаар сарын 28-аас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд дансанд орсон орлогын эх үүсвэрийг шалгах,

5. Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 693 тоот захирамжид заасан Т.Цгийн бараа хүлээж авсан дэвтрээс хэдийд хүлээж авсан, хэдэн төгрөгийн ямар, ямар нэр төрлийн барааг бичсэн хэдэн хуудас үрэгдэж үгүй болсон, энэ нь дээрх 83.333.300 төгрөгийн бараанд хамаарч байгаа эсэхийг шалгах ажиллагааг бүрэн хийх зэрэг болно.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно. Дээрх нэмэлт ажиллагааг хийлгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” 1.6 дахь хэсэгт заасан "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  1. Шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийн хувьд:

-Шинжээч А.Б-ын дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн 42 ширхэг 83.333.300 төгрөгийн падаанд бичигдсэн барааг хохирогч Ч.Цаас Т.Цд хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй боловч дэлгүүрт бараа ирснийг нотлох баримт бол бараа материалын падаан байдаг, мөн хохирогч Ч.Цийн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн хэдийгээр шинжээчийн дүгнэлт гаргаагүй ч уг падаанд бичигдсэн 42 ширхэг 83.330.300 төгрөгийн барааны хохирлыг тухайн үед худалдагчаар ажиллаж байсан Т.Ц нөхөн төлөх нь үүрэгтэй гэж үзэж байна.

-“Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин А.Б нь эдийн засгийн шинжилгээ хийх эрхтэй эсэхэд эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тусгай зөвшөөрлийг хэрэг бүрд хийх нь зохимжгүй юм.

- Шүүгдэгч Т.Ц, түүний төрсөн дүү Т.Г нарын “Хаан” банкны дансны хуулгыг гаргуулан авч хэрэгт хавсаргасан байгаа.

- Яллагдагч Т.Цгийн бараа хүлээж авсан дэвтрээс хэдийд хүлээж авсан, хэдэн төгрөгийн ямар, ямар нэр төрлийн барааг бичсэн хэдэн хуудас үрэгдэж үгүй болсон, энэ нь дээрх 83.333.300 төгрөгийн бараанд хамаарч байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

2. Яллагдагч Т.Цд холбогдох хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгч Т.Ц нь хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулсан байна.

Шүүгдэгч Т.Ц нь шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд ковидоор өвчилсний улмаас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан хойшилсон ба хойшилсны улмаас дахин шүүх хуралдааныг дахин шинээр эхлүүлж 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцэж гэм буруугийн хуралдаанаас Т.Цд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж, 5 дахь хэсэгт “шүүх хуралдаан завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан боловч уг завсарласан хугацаанд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй бол шүүх хуралдааныг дахин эхнээс нь эхлүүлнэ гэсэн заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулах шийдвэр гарсан тохиолдолд уг шүүх хуралдааныг явуулахад энэ хуулийн 34 дүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөл нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Мөн шүүх 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох” шийдвэр гаргасан атлаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах” шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд Т.Цд холбогдох хэргийн тухайд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд буюу шүүх хуралдаануудын хооронд хэргийн оролцогч нарын зүгээс хэрэгт нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй, гагцхүү шүүгдэгч нэмж өмгөөлөгч авсан байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчиж, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцэлд дурдсан анхны саналаа дэмжиж дүгнэлтээ гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү.”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчийн үүрэг гүйцэтгэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллах, цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн. Энэ хэрэг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхээр хэлэлцэгдэж 693 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтын шатанд буцаж байсан. Гэтэл энэ захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй бөгөөд биелэгдээгүй байдаг. Тийм учраас энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны байх шаардлагыг хангаж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Э.О-ын гаргасан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болсон талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Цд холбогдох хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Т.Ц нь хохирол төлөх завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хүртэл завсарлуулсан байна.

 

Шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Т.Ц ковидоор өвчилсний улмаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулжээ.

 

Шүүгдэгч Т.Ц 2022 оны 03 сарын 15-ны өдөр өмгөөлөгч Д.Оюунбаатартай  хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсан байх ба 2022 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.О оролцсоноос шалтгаалан шүүх хуралдааныг дахин эхлүүлсэн нь зөв юм.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилон дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан атал хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

 Учир нь шүүх 2022 оны 03 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Т.Цг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг дахин хэлэлцэхдээ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Энэ үндэслэлээр бичсэн прокурорын “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчиж, нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийсэн...” гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул эсэргүүцлийн 1 дэх хэсэгт заасанд дүгнэлт хийгээгүй болно.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

     2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ