| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
| Хэргийн индекс | 128/2016/0078/З |
| Дугаар | 128/ШШ2016/0374 |
| Огноо | 2016-05-19 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2016/0374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, С******* ХХК-ийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3 дахь заалтыг үндэслэн торгууль, алдангиас чөлөөлөх, 260013218 тоот актыг хүчингүй болгох шаардлага бүхий Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, М.Ү нарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, У.У, хариуцагч М.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: "Манай компани нь 2006 оны 11 сард гадаад, дотоод худалдааны чиглэлээр байгуулагдаж, Барилга хот байгуулалтын яамны БУП-1314/14 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр барилга угсралтын үйл ажиллагааг эрхэлж байгаа дотоодын компани болно.
2009-2012 оны албан татварын ноогдуулалт, төлөлтийн байдалд "Татварын хяналт шалгалт хийх томилолт" "Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж", дүгнэлтийг хүчингүй болгосон 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот Нийслэлийн прокурорын газрын тогтоол, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20-3/930 албан тоот, Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 260078 тоот дүгнэлтийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд явуулж, шалгалтаар компанид доорх зөрчил илэрсэн гэж үзээд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 зүйлийн 74.1, 74.2, 74.3, заалтыг үндсэлэн 69,341,383.60 төгрөгийн нөхөн татвар, 20,802,415.10 төгрөгийн торгууль, 32,546,765.90 төгрөгийн алданги нийт 122,690,564.60 төгрөгийн 2014/06/18-ны өдрийн 260013218 тоот актыг 2014/06/27-ны өдөр гардаж авсан.
Манай компани нь 260013218 дугаар бүхий дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2014/09/15-ны өдрийн 22 дугаар бүхий албан тоотоор Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд 260013218 тоот актыг дахин хянуулахаар хандсан боловч 2014/10/07-ны өдрийн 1/1181 дугаар бүхий албан тоотоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариу ирүүлсэн болно.
Улмаар Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхэд хандаж, 2014/10/21-ны өдрийн 2014/31 дугаар бүхий албан бичгээр гомдол гаргах 30 хоногийг сэргээх хүсэлт гаргасан ба 2014/11/21-ны өдрийн 6483 дугаар бүхий гомдол гаргах хугацаа сэргээх тухай" Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн шүүгчийн захирамж гарсан болно.
Үүний дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хуралдаж Нийслэлийн татварын газрын даргын 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн А/84 дугаар бүхий "Тогтоол баталгаажуулах тухай" тушаалаар 260013218 тоот актыг хэвээр баталсан.
Манай компани 2015.07.24-ний өдөр Нийслэл дэх захирганы хэргийн анхан шатны шүүхэд 15/13 дугаар бүхий нэхэмжлэл гаргасан ба 2015.08.04-ний өдрийн 5399 тоот "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамж гарсан болно.
Уг захирамжид "... Татварын ерөнхий хуулийн 72-р зүйлийн 72.1-т "Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харъяаллаар гомдол гаргах эрхтэй:", 72.1.4. Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргах, 72.2-т "Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй..." гэсний дагуу 2015.08.06-ны өдөр Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 260013218 дугаар бүхий актыг хүчингүй болгуулах тухай 15/18 дугаар бүхий гомдол гаргасан.
Улмаар 2015.12.16-ний өдөр Татварын Ерөнхий Газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн хурлаар 104 дугаар бүхий Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол гарч, 260013218 тоот актыг хэвээр баталсан байна.
Манай компани Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 104 дугаар бүхий тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь:
1. Л ХХК-тай холбоотой 3 ширхэг падаантай холбогдох
- 2009.09.02-ны өдрийн 247500000 төгрөгийн;
- 2009.09.09-ний өдрийн 122500000 төгрөгийн;
- 2009.10.30-ны өдрийн 104000000 төгрөгийн дүн бүхий 3 ширхэг нэмэгдсэн
өртгийн албан татаарын падаанаар нийт 521400000 төгрөгийн худалдан авалтыг
хийсний НӨАТ-ын нөхөн төлбөр болох 47.400.000 төгрөгийг Цагдаагийн
ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас 2013 оны 08-р сарын 08-ны
өдрийн 10/5-6769 тоот албан бичгээр "Л ХХК-аас 175 сая төгрөгөөс дээш
үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч
ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн 2005-2011 оны татварын хяналт шалгалтыг яаралтай хийж ирүүлнэ үү" гэсэн албан бичиг, татварын ерөнхий газрын 2013 оны 10-р сарьш 18-ны өдөр 521,400,000 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн 260078 тоот дүгнэлт хүргүүлсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын 2014 оны 01-р сарын 06-ны өдрийн 02 тогтоолоор хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Баярбилэг, Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц. Батболд нар "... С******* ХХК-ийн захирал Д.А*******, ... нарт холбогдох эрүүгийн 201301000301 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дугаар зүйлийг удирдлага болгон тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1. 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасаы үндэслэлээр" хэрэгсэхгүй болгосон болно. 2014 оны 01-р сарын 06-ны өдрийн 02 дугаар бүхий Нийслэлийн Прокурорын Газар Прокурорын тогтоол ын 3-р хуудсанд "... мэдүүлэг болон бусад баримтуудаар Зуншин ХХК, С******* ХХК, А******* ХХК-ууд нь татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн болох нь тогтоогдоогүй ба дээр татварыг Л ХХК хариуцан төлөхөөр байна..." гэжээ.
Л ХХК-ийн хууль бус үйлдлээс болж дээрх хугацаанд манай компанийн нэр хүнд болон эдийн засаг ихээр хохирч, хохирогч болсоор байна.
2. Б******* ХХК-ийн
- 2010,11.30-ны өдрийн 90287536 төгрөгийн
- 2010.12.31-ний өдрийн 129126300 төгрөгийн дүн бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татваран падаанаар нийт 219413800 төгрөгийн худалдан авалт хийсэн ба манай компани гэм буруутай үйлдлээ ухамсарлан 2013.05.21-ний өдөр 21.941.384Т /Хорин нэгэн сая есөн зуун дөчин нэгэн мянга гурван зуун наян дөрвөн төгрөг/- ийн нөхөн татварыг төлсөн болно.
Иймд
Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актыг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2006 оны 11 дүргээр сарын 23-ний өдрийн хуулийн этгээдийн 9011133128 тоот гэрчилгээ, ******* тоот регистрийн дугаартай "С*******" ХХК-ийн 2009-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томиололт" "Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж", дүгнэлт хүчингүй болгосон 2014 оны 01 сарын 06- ний өдрийн 02 тоот Нийслэлийн прокурорын газрын тогтоол, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 06 сарын 03-ний өдрийн 20-3/930 албан тоот, Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 сарын 18-ний өдрийн 260078 тоот дүгнэлтийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэв. Татварын хяналт шалгалтаар нийт 693,413,836,000 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол улсын хууль тогтоомжийн заалтыг дараахь байдлаар зөрчсөн. Үүнд:
1. 2009 онд "Л" ХХК-иас 2009 оны 09 сарын 09-ны өдөр 4222587 тоот падаанаар 247,500,000, 2009 оны 09 сарын 09-ны өдөр 4222600 тоот падаанаар 122,500,000.0, 2009 оны 10 сарын 29-ний өдөр 4222555 тоот падаанаар 104,000,000, нийт 474,000,000 төгрөгийн хий бичилт бүхий падаан авч төсөвт төлөх татвар бууруулсан.
2. 2010 онд "Б*******" ХХК-иас 2010 оны 11 сарын 30-ны өдөр 3355365 тоот падаанаар 90,287,536, 2010 оны 12 сарын 31-ний өдрийн 3355365 тоот падаанаар 129,126,300, нийт 219,413,800 төгрөгийн НӨАТ-ын падааныг хуурамчаар бичүүлэн авч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн "14.3. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад түсгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй..." гэснийг үндэслэсэн.
Хяналт шалгалт хийх явцад:
1. С******* ХХК-ийн талаархи хөндлөнгийн мэдээллийг үзэхэд Л ХХК нь өөрийн 2009 оны 01 сараас 12 хүртэлх сарын тайланд С******* ХХК-тай хийсэн борлуулалт тусгагдаагүй.
2. С******* ХХК нь Л ХХК-тай холбоотой гэрээ байхгүй.
3. Мөнгө төлсөн нотлох баримт гаргаж өгөөгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актыг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, М.Ү /цаашид Татварын улсын байцаагч нар гэх/ нар нь Сайранбулган ХХК-ийн 2008-2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хэсэгчилэн хяналт шалгалтыг анх 2013 онд хийжээ. Уг хяналт шалгалтаараа ... Л ХХК-иас ...521400.0 мянган төгрөгийн хий бичилт бүхий 3 падаанаар худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг санаатайгаар бууруулсан, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн тул ...Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв гэж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 260078 дугаар дүгнэлт гаргажээ. Харин нийслэлийн Прокурорын газрын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Л ХХК-ийн захирал Т.А*******, Сайранбулган ХХК-ийн захирал Д.А******* зэрэг 11 аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагч нар нь Сайранбулган ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд дахин хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн байна.
Энэхүү шалгалтаараа татварын улсын байцаагч нар нь Сайранбулган ХХК-ийг 2009 онд Л ХХК-иас 3 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 474,000,000.00 төгрөг, 2010 онд Бату констракшн ХХК-иас 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 219,413,800.00 төгрөгийг тус тус хуурамчаар бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж дүгнэн 69,341,383.60 төгрөгийн нөхөн татвар, 20,802,415.10 төгрөгийн торгууль, 32,546,765.90 төгрөгийн алданги нийт 122,690,564.60 төгрөгийн төлбөр ногдуулж 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 актыг үндэслэлтэй гэж дүгнэн хэвээр үлдээсэн байна.
Сайранбулган ХХК-иас татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн мэтгэлцээн, холбогдох хуулиудыг тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Нэг. Актын Л ХХК-нд холбогдох хэсгийн талаар.
Маргаан бүхий захиргааны актаар тавигдсан нийт 122,690,564.60 төгрөгийн төлбөрөөс 47,399,999.60 төгрөгийн нөхөн татвар, 23,700,000.00 төгрөгийн алданги, 17,220,044.00 төгрөгийн торгууль буюу 85,320,043.60 төгрөгийн төлбөрийг Л ХХК-тай холбогдуулан гаргасан байна.
Сайранбулган ХХК нь Л ХХК-иас 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 4222587 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 247,500,000.00 төгрөг, мөн өдрийн 4222600 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 122,500,000.00 төгрөг, 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4222555 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 104,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж харьяа татварын хэлтэст тайлагнажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж борлуулсан бараа, нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хэлнэ гэж заажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын гол онцлог нь хэрэглээний зарчим дээр үндэслэгдсэн, хөнгөлөлт-падааны аргыг хэрэглэсэн албан татварын харилцаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь бараа худалдан авсан тухайгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотолж байх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Л ХХК-тай 4222587, 4222600, 4222555 дугаар нэмэгдсэн өртгийн албан татвартай барилга угсралтын ажил хийлгүүлсэн гэж тайлагнасан боловч бодит байдал дээр Л ХХК-иар барилга угсралтын ажил хийлгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь:
а/ Сайранбулган ХХК нь Л ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татвартай үнийн дүнгээр барилга угсралтын ажил хийж гүйцэтгүүлсэн бол зохих гэрээ байгуулж түүний дагуу төлбөрийг Л ХХК-д шилжүүлсэн баримтаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэх ёстой бөгөөд ийм баримт байхгүй БНХАУ-ын иргэдэд бэлэн мөнгө өгсөн гэж тайлбар гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.
б/ Л ХХК нь өөрийн харьяа татварын хэлтэст Сайранбулган ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалт хийсэн талаар тайлагнаагүй болно.
Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын Заавар, загвар шинэчлэн батлах /Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан/ тухай 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан (цаашид падаан гэх) гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг юм. Падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болно, 4-т Падаанд тусгагдах мэдээллийг үнэн зөв, бүрэн бичиж, түүнийг үйлдсэн ажилтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна гэж зохицуулжээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөвийг худалдан авалт хийсэн аж ахуйн нэгж бүрэн хариуцаж байх үүрэгтэй байна.
Хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хурал дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаас дүгнэхэд Сайранбулган ХХК нь Л ХХК-иас барилга угсралтын ажил хийлгүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хий бичилт хийж тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.1.3-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно гэх заалтуудыг тус тус зөрчжээ.
Хоёр. А******* ХХК-д холбогдох хэсгийн талаар.
Татварын улсын байцаагч нар нь 2010 онд Бату констракшн ХХК-иас 219,413,800 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 3355365, 3355366 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэхэмжлэгч тайлагнасныг хий бичилттэй гэж дүгнэн 21,941,384 төгрөгийн нөхөн татвар, 8,846,765.90 төгрөгийн алданги, 6,582,371.10 төгрөгийн торгууль нийт 37,370,521.00 төгрөгийн төлбөрийг тогтоожээ.
Гэтэл Сайранбулган ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газрын Төрийн банк дахь зохих дансанд 3355365, 3355366 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааны нөхөн татвар болох 21,941,384.00 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байна. Түүнчлэн шүүх хуралдаан дээр хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрчилтэй холбоотой нөхөн төлбөрийг маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актаар тогтоосон нийт 122,690,564.60 төгрөгийн төлбөрөөс Бату констракшн ХХК-нд холбогдох нөхөн татвар, торгууль, алданги болох 37,370,521.00 төгрөгийн төлбөрийг хасах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гурав. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заажээ.
Маргаан бүхий захиргааны актаар Л ХХК-тай холбогдох нийт 85,320,043.6 төгрөгийн төлбөрөөс захиргааны зөрчилд ногдуулсан хариуцлагын хэлбэр болох 23,700,000 төгрөгийн алданги, 17,220,044 төгрөгийн торгуулиас тус тус чөлөөлөх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3-т заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, М.Ү нарын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 260013218 дугаар актаар тогтоосон 122,690,564.60 төгрөгийн төлбөрөөс Бату констракшн ХХК-д холбогдох 37,370,521.00 төгрөгийн төлбөрийг хасаж багасгасугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Сайранбулган ХХК-ийн төлөх 85,320,043.60 төгрөгийн төлбөрөөс 37,920,044.00 төгрөгийн торгууль, алдангийг өршөөн хэтрүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сайранбулган ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ