Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 146

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ж.Очирбат,

Хохирогч: М.Ц ,

Хохирогчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигоно овогт Б.Б-д холбогдох 1726000050004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Боржигоно овогт Б.Б

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 59-61 ӨВЗ улсын дугаартай улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг номер дугаараа гээсэн байх үед нь жолоодож яваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Нисэхийн авто замын уулзвар дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.2а, 2.7а, 21.8ж-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ц.Ц-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зах дээр улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой зогсож байтал над дээр Ц  хүрч ирээд айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Надад мотоцикль жолоодох эрхийн “А” үнэмлэх байхгүй. Тэгээд би талийгаачийг хүргэж өгөхөөр тэр айлд очоод бид Харзтай нэртэй 0.5 литрийн архийг 3-уулаа хувааж уусан. Тэгээд намайг явах гэтэл Ц  гэрт хүргээд өг гэсэн тул би мотоциклио жолоодож талийгаач Ц  миний ард сундлаад Зам ангийн тэндээс гараад Нисэхийн уулзварын асфальтан зам дээр явж байгаад замын ухагдсан гурван нүх байсны эхний хоёр нүхэн  дээгүүр харайгаад 3 дахь нүхэн дээр харайх үед ард сундалж явсан талийгаач Ц  арагшаа савагдаад ойчсон. Биднийг ойчоод босч байхад цагдаа нар араас хүрээд ирсэн. Би хохиролд эхлээд 280000 төгрөг, дараа нь 400000 төгрөг бэлнээр тус тус өгсөн. Мөн 41 тооны хонь, ямаа, адуу зэрэг мал өгсөн. Надаас хохирол төлбөрт нийт 5000000 төгрөг нэхэмжилснээс 2680000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулсан. Би үлдсэн хохирлыг төлж барагдуулна. ...Шүүх хуралдаан завсарласан хугацаанд үлдсэн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч М.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Талийгаач хүү маань цэргийн ангийн ферм дээр ажил хийж байсан. Б.Б  нь манай талийгаачийг хэрэг гардгийн урд өдөр эрж сураад хамт ажилладаг хүмүүсээс нь утсыг нь өгчих гээд байсан гэж ажлыг нь ахалж байсан хүн ярьж байсан. Тэр өдрийн маргааш талийгаач энэ хоёр зах дээр уулзацгааж архи ууцгаагаад энэ явдал болсон байсан. Хэрэг гардаг өдөр цагдаа нар надаас та Ц ын эцэг мөн үү гээд хүрч ирсэн. Тэгээд би эмнэлэг явсан. Намайг эмнэлэг дээр очиход талийгаач толгойдоо оёдол тавиулсан, ер нь биеийн байдал нь эвгүй болчихсон байсан. Би тухайн үед хүн гуйгаад эмнэлгийн 3 давхар руу талийгаачийг гаргуулсан. Тэр шөнөө талийгаач нэг удаа ухаан орсон. Тэгээд шөнө дундын үед нас барсан. Б.Б  манайд 1 даага, 5 эм хонь, 5 хурга, 10 ишигтэй ямаа, 10 шүдлэн ямаа өгсөн. Эдгээр малаа бид ярилцаад 2000000 төгрөгөөр үнэлсэн. Бэлэн мөнгөөр 680000 төгрөг өгсөн. Нийт 2680000 төгрөгний хохирол төлбөр барагдуулсан. Хохирол төлбөрт 5000000 төгрөг нэхэмжилснээс 2680000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Одоо 2320000 төгрөгний хохирол төлбөрийг авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Шүүх хуралдаан завсарласан хугацаанд үлдсэн хохирлоо авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч М.Ц  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Зам тээврийн осолд орсон гэдгийг мэдээгүй байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Замын цагдаагийн алба хаагч манай гэрт ирж талийгаачийг зам тээврийн осолд орсон тухай хэлэхээр нь эмнэлэг дээр ирэхэд талийгаач ухаангүй эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмнэлэгт 14 хоног ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Бид тэр залууг огт мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бямба гэдэг залуу манай гэрт ирээд талийгаачийг асуухаар нь хөдөө ажил хийж байгаа гэж хэлээд явуулсан. Ажлаа хийж байсан хүнийг дуудаж архи уулгаад ийм асуудал болсонд гомдолтой байна. Бямба гэдэг залуу талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гэж 280000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ямар нэгэн оршуулгын зардал, эмчилгээний зардал гэж өгөөгүй. Тийм болохоор гомдолтой байна. /хх-ийн 15-17 хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Б-н унаж явсан мотоцикль миний нэр дээр байдаг, миний мотоцикль юм. Би тухайн мотоциклийг 2016 оны 05 дугаар сард худалдаж авч байсан. Тухайн мотоцикль миний нэр дээр байдаг боловч манай гэр бүлийнхэн дундаа хэрэглэдэг. Ах Б.Б  нь тухайн мотоциклийг захиран зарцуулах эрхтэй. Тэр мотоциклиор зам тээврийн осол гаргасан асуудалд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Б-н танидаг болоод 1 сар гаран болж байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд барилга барьж байгаа Эрч хүч ХХК-ны барилгын ажил дээр цуг ажилладаг. Найз нөхдийн холбоотой. Б.Б  ажилд сайн гайгүй залуу шиг санагддаг. Б.Б  барилга дээр мужаан хийдэг. Хийж байгаа ажилдаа сэтгэлээрээ ханддаг, нэг юм бариад авбал түүнийгээ дуусгах гээд зүтгэдэг хөдөлмөрч залуу байна лээ. Хамт ажиллаж байгаа хүмүүстээ тустай, хүнлэг харьцдаг, хүн чанар сайтай залуу байна лээ. Хамт ажиллаж байх хугацаанд архи уусан байгааг нь харж байгаагүй. /хх-ийн 47-48 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Б. Б нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гарах үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а заалт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7.а заалт “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3.в заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 21 дүгээр бүлгийн 21.8.ж заалт “Согтуу хүнийг мотоциклиор тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан ослын актын 9 дүгээр бүлгийн 9.2 гэсэн заалтаас бусад заалт нь үндэслэлтэй байна. Учир нь хэргийн материалд тоормосны мөр 3 метр 10 сантиметр гэсэн байна. /хх-ийн 55 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Ц -н биед суурь ясны хугарал, тархины эд дэх цус харвалт, тархины хатуу хальс, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины хатуу хальсны цугчилсэн цус харвалт, баруун чамархай, нурууны баруун хэсгийн зулгаралт, нурууны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 59 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №61 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.Ц -н цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр дух зүүн чамархай ясны хугарал, зулай, суурь яс руу цуурсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины нимгэн бүрхүүл доорх цус харвалт, суурийн хөндийн цус харвалт, тархины эдэд дэх цус харвалт, тархины няцралт, хуйхны цус хуралт, 2 дал, 2 өгзөгний зулгаралт, баруун чамархай хэсгийн хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нас барсан хугацааг анхны үзлэгээр тогтооно. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаачийн авто ослын үед үүссэн тархины гэмтлүүд нь нас барахад нөлөөлсөн байна. Эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна. Эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авсан ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байсан байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. /хх-ийн 64-67 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №6417 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай аймаг Бямба эр-18 нас” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “Өвөрхангай аймаг Ц  эр-29 нас” гэж хаягласан цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2,2 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 73 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №09/02 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчоос хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт, хохирогч М.Ц ийн шүүгдэгч Б.Б ас хохирол төлбөрт нийт 5000000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Б.Бямбын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /5-8, 10-11, 19-39, 163-164, 166-169, 171-176 хуудас/,

Шүүгдэгч Б.Б-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 59-61 ӨВЗ улсын дугаартай улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 21 дүгээр бүлгийн 21.8.ж “согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Нисэхийн арын авто замын уулзвар дээр зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.Ц ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Ц ийн талийгаач Б.Б  хоёр зах дээр уулзацгааж архи ууцгаагаад энэ явдал болсон байсан. Намайг эмнэлэг дээр очиход талийгаач толгойдоо оёдол тавиулсан, ер нь биеийн байдал нь эвгүй болчихсон байсан. Тэр шөнөө талийгаач нэг удаа ухаан орсон. Тэгээд шөнө дундын үед нас барсан гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Ц ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Замын цагдаагийн алба хаагч манай гэрт ирж талийгаачийг зам тээврийн осолд орсон тухай хэлэхээр нь эмнэлэг дээр ирэхэд талийгаач ухаангүй эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмнэлэгт 14 хоног ухаангүй эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Гэрч Б.Б-н Б.Б-н унаж явсан мотоцикль миний нэр дээр байдаг, миний мотоцикль боловч манай гэр бүлийнхэн дундаа хэрэглэдэг. Ах Б.Б  нь тухайн мотоциклийг захиран зарцуулах эрхтэй. Тэр мотоциклиор зам тээврийн осол гаргасан асуудалд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №06 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №213 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №61, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №6417 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын баримтууд, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №09/02 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчоос хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт, хохирогч М.Ц ийн шүүгдэгч Б.Б ас хохирол төлбөрт нийт 5000000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар шүүгдэгч Б.Бямбын эрх зүйн байдал дээрдэж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бямбыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б  нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд шүүх хуульд заасан ял оногдуулсан болно.

Мөн дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б  нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Хэрэгт шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн 59-61 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн, Мустанг-5 маркийн хуучин мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч М.Ц ид 5000000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Боржигоно овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигоно овогт Б.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Боржигоно овогт Б.Б-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч М.Ц ид 5000000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн 59-61 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн, Мустанг-5 маркийн хуучин мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Х.ОТГОНЖАРГАЛ