Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/03253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********** тоотод оршин суух, У** овогт Д*******ийн М******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** тоот хаягт оршин байрлах, “Ө******* а*******” ХХК /рд:*******/,

Хариуцагч: ******* тоотод оршин суух Д******* овогт Н*******ын Т******* /рд:/ нарт холбогдох,

6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Н.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Д.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Б.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 онд барилгын зураг зуруулж батлуулах зорилгоор “Ө******* А*******” ХХК захирал Н.Т******* гэх хүнд хандаж 6.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2021 оноос хойш Барилгын зураг гаргаж өгнө гэсэн үгэнд нь итгэж байсаар 3 жил болж байна. 3 давхар барилга барих гэхээр заавал зураг батлуулах ёстой гэж байгаа ба барилгаа барьж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна. Иймд ажил гүйцэтгэгч тал үүргээ биелүүлэхгүй байх тул гэрээнээс татгалзаж шилжүүлж өгсөн нийт 6.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хариуцагч “Ө******* А*******” ХХК болон Н.Т******* нараас 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

1а. 2021.8.20-нд хариуцагчтай уулзаж барилгын зураг төсөл батлуулахаар тохиролцсон.

Аман гэрээгээр тохироод мөнгөө шилжүүлсэн. Нийт 5 сая төгрөг шилжүүлсэн. Зураг батлагдах хугацаанд 4 цэг зааж өгсөн. Үүний дагуу барилгаа эхлүүлж болно гээд эхэлсэн. А даалгавар 12 сард гарсан бөгөөд энэ нь өөр байршилтай байсан. Хотоос өөр газар зураг баталж өгсөн. Үүнээс хойш А даалгавар байхгүй, зураг байхгүй болчхоод байгаа юм. Хариуцагч зүгээр барьчих гэсэн юм. 2023 онд эргээд уулзахад 2024 онд зураг, даалгаврыг батлуулж өгнө гэсэн боловч эргэж холбогдоогүй. Иймд гаргасан мөнгө 6 сая төгрөг гаргуулна. 5 сая төгрөг өгсөн, 500,000 төгрөгийг цэг тавиулсан, үлдсэн 500,000 төгрөг нь өмгөөлөгчийн мөнгө юм. Миний барьсан барилга 3 давхар барина гэж бодсон бөгөөд 1 давхар барьсан бөгөөд нэмэх боломжгүй болсон тул хохирч байна. Би барилгын талын хүн биш. Хариуцагчийн тэмдэглэж өгсөн цэгээр хүсэлт өгсөн. Батлуулж өгнө гэсэн. Миний эхнэрийн данснаас нийт 5 сая төгрөг шилжсэн. 3 давхар барилгын зургийг цаасаар биш цахимаар файл өгсөн. Зургийг барилга барихаас өмнө буюу 2021 оны 9 сард өгсөн. Хариуцагч барьчих гэсэн юм. Хариуцагч нь зураг батлуулна гээд үлдсэн 1 саяыг авсан юм. 11 сард карказаа барьчихсан байсан юм. Энэ хүн зургаа зурж өгчхөөд барилгаа барь дараа нь зөвшөөрөл гаргаж өгнө гэсний дагуу барьсан юм.

1б. А даалгаврын дагуу зураг төсөл гаргаж өгөөгүй. 2023.1.9-нд хариуцагч өөрөө бичиг хийж өгсөн. Даалгавартай харьцуулан зураг гаргаж өгнө гэсэн юм. Гэхдээ энэ үед зураг гаргаж өгөөгүй байсан. 3 давхар барилгын зураг гаргаж өгөөгүй. Мөнгө шилжүүлсэн И нь нэхэмжлэгчийн эхнэр бөгөөд хариуцагч 5 саяыг авснаа маргаагүй. Мөн бичиж өгсөн баримт байгаа юм. 6 сая гэдгийг нийтээр нь биччихсэн юм. 500,000 төгрөгийг өгсөн хүнээ мэдэхгүй байна. Барилгын зураг даалгавартаа тохирохгүй байгаа юм. Хариуцагч нь зургаа өгөх боломжтой гэх боловч одоо хэрэггүй болсон. Ингээд бид ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан. Хугацаа олгоод байхад үүргээ биелүүлээгүй гэв.

2.             Хариуцагч “Ө******* а*******” ХХК болон Н.Т******* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.М******* нь “Ө******* а*******” ХХК болон Н.Т******* надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие “Ө******* а*******” ХХК-р болон хувиараа барилгын зураг төсөл боловсруулан ажилладаг. Барилгын ерөнхий зураг төслийг барилгын м.кв-с хамааран Барилга хот, байгуулалтын сайдын 2020.06.10-ны өдрийн 108 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан жишиг үнэд тохируулан боловсруулдаг.

2021 онд Д.М******* гэх танилын холбоотой, өмнө нь зураг зуруулж байсан этгээд надтай холбогдож, 2 давхар барилгын зураг зуруулахаар болсон. Миний бие барилгын зургийг 18,000,000 сая төгрөгөөр зурж өгнө, зах зээлийн ханш үүнээс өндөр байдаг талаар хэлсэн боловч Д.М******* нь хямд үнээр боловсруулж өгөхийг гуйсаар байгаад нийт 6,000,000 төгрөгөөр зургаа зуруулахаар тохиролцсон.

Ингээд миний бие зураг төслийг боловсруулахдаа хотын ерөнхий төлөвлөгөө, ойр орчмын барилгажилт зэргийг харгалзан үзэж барилгыг зүүнээс баруун тийш чиглэлтэй, хөндлөн баривал нийцэлтэй байх талаар хэлсэн боловч захиалагч тийм байрлалаар барилгаа барихгүй хойноос урагшаа чиглэлтэй барина, тиймээс уртаар нь барих зураг зуруулна гэж хүссэн. Иймд миний бие захиалагчийн хүсэлтийн дагуу зураг төслийг бүрэн боловсруулж захиалагч М*******од хүлээлгэн өгсөн бөгөөд зураг төслийг 6,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон боловч надад дансаар 4,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр л өгсөн. Үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна.

Түүнчлэн анх тохиролцох үед М******* нь 2 давхар барилгын зураг төсөл боловсруулахаар тохиролцсон хэдий ч ажлын явцад барилгыг 3 давхар барилга байхаар өөрчилсөн. Миний бие зураг төслийг түүний хүсэлтийн дагуу ахин боловсруулж өгсөн бөгөөд зураг төслийн өөрчлөлтөд төлбөр аваагүй.

Үүний дараа М******* эргэж холбогдон зураг төслийг батлуулах хэрэгтэй байна, батлуулах ажлыг хөөцөлдөөд батлуулаад өгөөч гэсэн. Зураг төсөл батлуулах ажил нь манай байгууллага болон миний хийдэг ажилтай холбоогүй боловч зарим тохиолдолд компани, хувь хүмүүстэй гэрээний үндсэн дээр тохиролцон үндсэн зураг зурах ажлаас тусдаа үнийн дүнгээр тохиролцон хийж өгдөг. Иймд миний бие М*******той танилын харилцаатайг бодолцон тухайн ажлыг 1,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон, Тус зураг төслийг батлуулахын өмнө М******* нь төрийн эрх бүхий байгууллагаас А даалгавар авах ёстой байсан, гэтэл М******* нь А даалгавар гаргуулахдаа барилгын байршлын чиглэлийг буруу гаргуулсан байсан. Өөрөөр хэлбэл миний гүйцэтгэсэн зураг төсөл, А даалгавар 2 зөрж байх тул зураг төслөө батлуулах боломжгүй болсон. Иймээс М*******ыг барилгын А даалгавар дахь барилгын чиглэлийг өөрчилж батлуулах хүртэл миний бие зураг төслөө батлуулах боломжгүй юм. Мөн М******* нь А даалгавар авахаасаа өмнө барилгын ажлыг эхлүүлж, Барилгын тухай хууль зөрчсөн тул эрх бүхий байгууллагаас баталсан А даалгаврын дагуу барилгыг барих боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймээс миний бие М*******ын өөрийн буруутай үйлдлийн улмаас үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.

Түүнчлэн нэгэнт боловсруулж хүлээлгэж өгсөн зураг төслийг буцааж авах буюу анх хийсэн тохиролцооноос татгалзах боломжгүй, түүнчлэн зураг төслийг боловсруулахдаа төрийн байгууллагаас тогтоосон жишиг үнээс хэт доогуур боловсруулж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие М*******той хийсэн аман гэрээний дагуу барилгын зургийг бүрэн зурж хүлээлгэн өгсөн, үлдсэн үүргээ нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гүйцэтгэх боломжгүй болсон, түүнчлэн гэрээт ажлын хөлсөө гүйцэт хүлээн аваагүй зэргийг харгалзан үзэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэгчтэй эхнэрийнх нь аавын ажил дээр танилцсан. Надаар зураг хийлгэсэн. Мөнгөө 400 мянга дутуу өгсөн. Дараа нь дахиад уулзаад зураг хийлгэсэн. Мөнгө дээрээ хасаад 6 сая болгосон. Би тусалъя л гэж бодсон. Би талбай дээр дүүрэн барьж болохгүй гэж хэлсэн. Газар дээрээ 4 саяыг шилжүүлсэн. Би газар дээр нь очиж зөвлөсөн. А даалгаврыг нэхэмжлэгч өөрөө хүсэлт өгч төрийн байгууллага өгдөг юм. Хурлаар шийддэг. Нэхэмжлэгч өөрөө ингэж цэг хатга гэж хүссэн юм. Би тэр дагуу цэг хатгаж зураг өгсөн. Дахиад надаар цэг хатгуулсан. Анх 2 давхраар зураг хийлгэж байгаад дараа нь 3 болгоно гэж байсан. Тухайн үед суурийг нь хүртэл хийхэд би очиж зөвлөгөө өгч байсан. Газар дээр нь замын болон цэвэр усны тарас гарсан байсан. А даалгаврыг нь үзээд би өөрчилж болно гэж хүсэлт өгчих гэж хэлж байсан. Нэгэнт барьчихсан юм чинь хүсэлт өгчих гэсэн. Өөрийнх нь саналын дагуу зураг хийж өгсөн. Галын нормын дагуу бариараа гэж хэлж байхад тулгаад барьчихсан байсан. Би барилгын зургийг зураад өгчихсөн. Би алга болоогүй, зугтаагаагүй. Одоо тэгээд ингэж байгаад хэлж мэдэхгүй байна. Би барь гэж хэлээгүй. А даалгавраа авчхаад барилгын ажлыг эхлэх ёстой. Өөрөө хууль зөрчсөн. А даалгаврыг би гаргаж өгдөг хүн биш. Цагдаад намайг өгөөд прокурор хэрэгсэхгүй болгосон. Би тусалъя гэж л бодсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөхгүй.

Зураг гаргаагүй бол байшингаа барихгүй. Миний амаар байшин барихгүй. Би эхнийхээ зургийг зураад өгчихсөн. Барих эсэх нь энэ хүний асуудал. А даалгаврын дагуу энэ болохгүй гэж хэлж байсан. Орц гарцыг хүртэл би хөөцөлдөөд хэлж байхад би чадна л гэж байсан. Надаар төлбөрөө өгөөд дахиж хийлгэж болно. 2 давхраар зургаа авчихсан байгаа юм. А даалгаврыг өөрсдөө хөөцөлдөж авдаг гэв.

3.             Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2183 дугаар тогтоолын хуулбар /хх6-8/, Хаан банк дахь С.Игийн дансны хуулга /хх9-10/, тусгай зөвшөөрлийн хуулбар /хх11-12/, “Ө******* а*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх13-14/, Н.Т*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх15/, гараар бичсэн баримтын хуулбар 2 ширхэг /хх16, 17/, а*******ор төлөвлөлтийн даалгавар /хх61-63/

3б. Хариуцагчаас: Барилгатай холбоотой зураг 6 ширхэг /хх34-39/, ажлын зураг /хх44-59/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.             Нэхэмжлэгч Д.М******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 5,000,000 төгрөг, барилга барих цаг заалгасан төлбөр 500,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.             Хариуцагч “Ө******* а*******” ХХК, Н.Т******* нар нь барилгын зургийг захиалгын дагуу гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь захиалгаа өөрчилсөн бөгөөд зөвшөөрөл авах эсэх нь гэрээний үүрэгт хамааралгүй гэж маргаж байна. Мөн 5,000,000 төгрөг авсан талаар маргаагүй боловч үлдэх 1,000,000 нь хамааралгүй гэж маргасан.

4.             Зохигчид барилгын зураг гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн талаар маргаж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

Зохигчид хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй талаар маргаагүй. Ийнхүү гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүйн улмаас нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй, эсхүл хувь хүнтэй гэрээ байгуулсан гэдгийг тодорхойлох боломжгүй байна. Энэ талаар хариуцагч нь зарим тохиолдолд хуулийн этгээдээр, зарим тохиолдолд хувь хүний зүгээс бусадтай гэрээ байгуулдаг гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан баримтын ажлын зургаас үзэхэд нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй гэрээний харилцаанд орсон гэж үзэхээр байна. /хх44-59/

Иймд хариуцагч Н.Т*******ад холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй.

5.             Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг хариуцагчийн өгсөн зургийн дагуу барилга барьсан боловч байнгын ашиглалтад авах, мөн нэмж 3 давхар болгож өндөрлөх зөвшөөрөл олгогдохгүй байгаа гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь зөвшөөрөл олгох эсэх нь тусдаа бөгөөд зөвхөн барилгын зургийг эхлээд 2 давхраар,  дараа нь хүсэлтийн дагуу 3 давхраар гүйцэтгэсэн гэж маргаж байна.

6.             Нэхэмжлэгч нь хэдийгээр барилгын зургийг аваагүй гэх боловч зургийн дагуу барилга баригдсан гэж тайлбарлаж байгаа нь зөрүүтэй бөгөөд хариуцагчийг зургийг хүлээлгэн өгсөн гэдгийг нотолж байна.

7.             Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар барилын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгоно. Мөн нэхэмжлэгч нь зөвшөөрөл олгоогүй байхад барилгаа барьсан гэж тайлбарласан. Иймд холбогдох хууль, журам зөрчиж хийсэн үйлдлийн эрсдэлийг тухайн зөрчил гаргагч хариуцна.

8.             Түүнчлэн ажлын урьдчилгаа хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй болох нь Хаан банк дахь С.Игийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх9, 10/ Хэдийгээр мөнгө шилжүүлсэн С.И нь нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн гэх боловч хууль зүйн хувьд тусдаа этгээд юм.

9.             Нэхэмжлэгч нь барилга барих цэгийг газар дээр заалгахад хариуцагчийн холбож өгсөн хүнд 500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд нэгэнт цэг заалгах ажил гүйцэтгэгдэж барилга баригдсан, мөн уг мөнгөн хөрөнгийг хариуцагч “Ө******* а*******” ХХК-д олгоогүй тул шаардах эрхгүй.

10.          Иргэний эрх зүйн маргаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн хүсэл зоригоос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, хариуцагчид хамааралгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь өмгөөлөгчид 500,000 төгрөгийн хөлс төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

11.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Ө******* а*******” ХХК, Н.Т******* нараас 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД