Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/76

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч: Л.С

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 1727000230019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 9 дүгээр баг, Бурхийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

-  Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хорих ялаар шийтгэгдэж 02 жил 01 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар тус тус шийтгэгдэж байсан Ж.Г

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн 2 дугаар хороонд өөрийн төрсөн ах Ж.Г-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: “...Би 2 шил архи уугаад нэг мэдсэн ахыгаа хутгалсан байсан. Би 80 гарсан аавтайгаа амьдардаг. Ахынхаа эмчилгээнийх нь зардлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...Би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Ж.Г-өөс хохирлоо авсан..” гэжээ.

Хохирогч Ж.Г-ын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг 2 дугаар хороонд байх манай гэрт болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр манай дүү Г өглөө эрт гэрээсээ гараад явсан байсан. Тэгээд би дэлгүүрээс 1 литр монгол архи авч халааж шар тостой хольж 1 аягыг уучихаад гэртээ байж байтал 11 цагийн үед болов уу Г гаднаас орж ирсэн. Тэгээд хойд байшин дотор кордорт эвхдэг орон дээр очоод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би очоод үдээс хойш ажилдаа орьё жаахан амарч байгаад гэж хэлсэн. Тэгээд орон доогуур нь ундааны сав байхаар нь аваад үзтэл дотор нь архи хийчихсэн байсан. Тэгэхээр нь аваад гарах гэтэл Г надад нэг жаахан хийгээд өгчих гээд аяга тосохоор нь дундуур хийж өгтөл дүүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд жаахан унтаад амарч гайгүй болох байх гэж бодоод дүүргээд өгсөн. Тэгээд архийг нь би гэртээ авч ороод нэг рүнкийг уугаад монгол архинаасаа 1 балгаад хэвтсэн. Тэгээд цааш юу болсныг санахгүй байгаа юм. Тэгээд үлдсэн архиа уусан уугаагүйг мэдэхгүй байна. Тэгээд Өвөрхангай аймагт ирээд хутгалуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Ж.О-ийн өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг 2 дугаар хороонд оршин суух манай гэрт болсон асуудал байгаа юм. Би нөхөр хүүхэдтэйгээ гэртээ байж байтал гаднаас Г согтуу орж ирсэн. Тэгээд би хүүхдээ хашаандаа элсэн дээр тоглуулахаар тэвэрч гараад байж байтал Г би ахыг хутгалчихлаа гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүхдээ тэвэрч гарч гүйгээд эмч, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Ж.Г-ийн өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болсон асуудал байгаа юм. Манай ах Г-ыг төрсөн дүү Г хэвлийн тус газар хутгалж гэмтэл учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Х-ийн дүгнэлт

- Ж.Г-ын биед цээж хэвлийд шарх, зүүн гар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээч эмч Э.Х-ийн дүгнэлт

  1. Талийгаач Ж.Г-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Талийгаач Ж.Г-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  3. Талийгаач Ж.Г-ын урьд нь хутгалагдаж байсан хүнд гэмтэл нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй.
  4. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй.
  5. Ж.Г нь Этилийн спиртийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-103-104 дүгээр хуудас/,
  6. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
  7. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 5 дугаар хуудас/
  8. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн 2 дугаар хороонд өөрийн төрсөн ах Ж.Г-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Х-ийн 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Х-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн дүгнэлт, гэрч Ж.О, хохирогч Ж.Г нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талийгаач Ж.Г-ийн нас барсан шалтгаан нь шүүгдэгч Ж.Г-ийн учруулсан хүнд гэмтлээс хамааралгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээч эмч Э.Х-ийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч ЖГ-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Г-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрийн улмаас учруулсан хохирол, хор уршигаа арилгасан, эцэг Ц.Ж нь 78 настай, шүүгдэгч Ж.Г-ийн асрамжинд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд шүүх ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 15 см, үзүүр хэсэг нь 0.1 см хугарсан, бор цоохор иш бүхий гал тогооны зориулалтын хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Гийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Г-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 15 см, үзүүр хэсэг нь 0.1 см хугарсан, бор цоохор иш бүхий гал тогооны зориулалтын хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА

                                                 ШҮҮГЧИД                              Г.ЭНХ-АМГАЛАН

                                                                                           Ц.ДАГИЙМАА