| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2012001320260 |
| Дугаар | 2022/ДШМ/24 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/24
Прокурор С.Б
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б
Яллагдагч Б.Б
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/480 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Бд холбогдох 2012001320260 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..... оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б
Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 04-22 тоотод оршин суух иргэн Ц.Бын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “Шарф” маркийн 40 инчийн зурагт, 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй, хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын өвдгөвч, тохойвч, ногоон өнгийн орны бүтээлэг /адъяал/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.Бад 5.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/480 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч Б.Бд холбогдох 2012001320260 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “WILD WOLF by rocky” гэсэн бичигтэй 1 ширхэг хос гутлыг хэргийн хамт прокурорт хүргүүлж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүх би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/480 дугаартай шүүгчийн захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянавал:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 04-22 тоотод оршин суух иргэн Ц.Бын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “Шарф” маркийн 40 инчийн зурагт, 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй, хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын өвдгөвч, тохойвч, ногоон өнгийн орны бүтээлэг /адъяал/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.Бад 5.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Тус прокурорын газраас Б.Бд холбогдох эрүүгийн 2012001320260 дугаартай хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 48/а дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар хянан хэлэлцээд:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасны дагуу хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан хурууны хээг шалгаж тогтоох.
2. Яллагдагч Б.Бгийн автомашинд байгаа телевизор, хөнжил, орны бүтээлэгт хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийж, алдагдсан адъяал, телевизортой тохирч байгаа эсэхийг шалгах зэрэг ажиллагаа зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байх ба энэ нэмэлт ажиллагааг хийлгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг өмнө нь тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/840 дугаартай захирамжаар хэргийг 5 үндэслэлээр прокурорт буцаасан. Уг үндэслэлд дээрх 2 үндэслэл хамаарч байна.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/840 дугаартай захирамжийг эс зөвшөөрч тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд прокуророос эсэргүүцэл бичсэний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийн ажиллагаануудаас захирамжийн 1-т заасан “2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө яллагдагч Б.Бгийн өмсөж явсан гутлын мөр, хэргийн газарт гарсан гутлын мөртэй ямар, ямар онцлог шинжээрээ тохирч байгааг нарийвчлан тогтоох” гэсэн ажиллагааг хийлгэх нь зүйтэй, бусад заалтуудыг үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Иймд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 40 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн буюу хэрэгт хийгдэх шаардлагагүй гэж үзсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгчийн захирамжид заасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан байх бөгөөд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь магадлалыг биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан байх тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/480 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хоёр үндэслэлээр хийгдэх ажиллагаа нь хийх боломжгүй ажиллагаа байгаа юм. Өмнөх шүүх хуралдаанд ч гэсэн тайлбарлаж байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдээд цаг хугацааны хувьд нэлээд хугацаа өнгөрсөн ба тухайн цагдаа ямар, ямар эд зүйл байгааг шалгаж үзээд явуулсан байдаг. Тэрнээс хойш тухайн эд зүйлсийг солих боломжтой цаг хугацаа болсон байдаг. Дээрээс нь шинжээчийн дүгнэлтээр ерөнхий шинжээрээ таарч байгаа боловч онцлог шинж байхгүй талаар тодорхой гаргасан. Шинжээч нь тусгай мэдлэгийнхээ хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд түүнээс илүүгээр гаргах боломжгүй юм. Энэ хэрэг дээр хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/480 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан байна гэж прокурорын зүгээс үзсэн. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Өмнө нь гаргасан прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна. Ялангуяа хурууны хээ байна гэдгийг шинжээч өөрөө дүгнэлтдээ тогтоогоод өгсөн байдаг. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тодорхой байгаа. Хэрэв хурууны хээ байгаа бол яагаад тэр хурууны хээний сангаас гаргаад Б.Бгийн хурууны хээтэй нийлж байна уу, эсхүл нийлэхгүй байна уу гэдгийг тогтоож болохгүй байгаа юм бэ. Энэ талаар би хүсэлт гаргаад л яваад байгаа. Дараа нь энэ гутлын мөрийг зайлшгүй л шалгах ажиллагаа юм. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийчхээд хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа нь хууль ёсны дагуу хэргийн бүхий л үнэн зөв бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Дараагийн асуудал нь автомашинд байсан телевиз, хөнжил зэргийг хохирогчид одоог хүртэл таниулаагүй байгаа. Цагдааг анх үзэхэд байсан телевиз, хөнжил зэрэг нь одоо хүртэл байгаа. Б.Бгийн хувьд Архангай аймгаас 32 инчийн телевиз худалдаж авсан юм байна лээ. Харин хохирогчийн хувьд 40 инчийн телевиз алдсан гэдэг. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд зайлшгүй эдгээр ажиллагаануудыг хийх ёстой гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал нь яагаад энэ хэрэгтэй холбогдуулан ажиллагаа хийхгүй байгаа юм бэ. Өөр хүн дээр хэрэг тохгочхоод санаа амар суугаад байна. Тэгтэл жинхэнэ хулгай хийсэн эзэн нь цаана нь яваад байна ш дээ. Хүнд хилс хэрэг тулгах гээд адилхан гутлын мөрөн дээр бүх юмыг дөрөөлж оруулж ирж болохгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх яллагдагч Б.Бд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан хурууны хээг шалгаж тогтоох
2. Яллагдагч Б.Бгийн автомашинд байгаа телевизор, хөнжил, орны бүтээлэгт хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийж, алдагдсан адьяал, телевизортой тохирч байгаа эсэхийг шалгах зэрэг ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокурор Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/840 дугаартай захирамжийг эс зөвшөөрч “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 40 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн буюу хэрэгт хийгдэх шаардлагагүй гэж үзсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгчийн захирамжид заасан нь үндэслэлгүй…” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.
Хэрэгт авагдсан 2020 оны 02 сарын 11-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...хавтастай толь тавьсан байх бөгөөд толины баруун, зүүн ирмэгээс бээлийний 2 мөр тус тус 1 ширхгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав... гэж /хх-ийн 16/ тусгагдсан бөгөөд харин хурууны хээ илэрсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Хэргийн газрын үзлэгээр хурууны хээ илрээгүй байхад хурууны хээг шалгаж тогтоох ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бээлийний мөрийг үндэслэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй тул шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлгүй болжээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааг бүрэн, гүйцэд явуулах үүднээс шүүгчийн захирамжид заасан яллагдагч Б.Бгийн автомашинд байсан телевизор, хөнжил, орны бүтээлэгт хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийж, алдагдсан адьяал, телевизортой тохирч байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийлгэхээс гадна гэрч Г.Д-г оролцуулан яллагдагч Б.Бгийн автомашинд байсан телевизор, хөнжил, орны бүтээлэгт мөрдөн шалгах туршилт хийх, таньж олуулах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Л.НЯМДОРЖ