Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/03236

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин байрлах “Е*** ш******* и******* *******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух Э******* овогт Ж*******ы Ө******* /рд:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,177,761.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Е*** ш******* и******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл,  түүний төлөөлөгч П.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Ө******* нь манай “Е*** ш******* и******* *******” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдаж авахтай холбогдуулан 4,274,910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Ж.Ө******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ж.Ө*******д зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ж.Ө*******аас:

1.    Үндсэн зээл 4,274,910 төгрөгөөс 986,140.76 төгрөг төлж, үлдэгдэл 3,288,769.24 төгрөгийг,

2.    2022 оны 03 дугаар сарын 29-с 2024 оны 04 дүгээр сарын 23-ыг хүртэл 756 хоногийн үндсэн хүү 2,483,085.96 төгрөгөөс 754,770.94 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,728,315.02 төгрөгийг,

3.    Нэмэгдүүлсэн хүү 161,815.74 төгрөгөөс 1,138.30 төгрөгийг төлж, үлдэгдэл 160,677.44 төгрөгийг,

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,177,761.70 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1а. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний бараа авсан. 24 сарын хугацаатай 4,274,910 төгрөг авсан. 2023 оны 5 сараас хойш төлөлт хийгээгүй. Бид удаа дараа шаардсан боловч холбогдохгүй байсаар 1 жил болсон. Үндсэн зээлээс 986,140.76 төгрөг, хүүгээс 754,770.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 1,138.30 төгрөг төлсөн. Үлдэх нь үндсэн зээл 3,288,769.24 төгрөг, хүү 1,728,315.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,677.44 төгрөг, нийт 5,177,761.70 төгрөг нэхнэ. Хууль зүйн үндэслэл нь 2024 оны 3 сард цуцлагдсан боловч үндсэн зээл төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Иймд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар шаардаж байгаа юм. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан талаар болон үнийн дүн дээр маргаагүй. Хуульд зааснаар тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцно гэв.

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээ /хх79/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, барьцааны гэрээ /хх11/, хүүгийн тооцоолол /хх12/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /хх29/, Хаан банк дахь хариуцагчийн дансны хуулга /хх30-47/

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 5,177,761.70 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

2.         Нэхэмжлэгч “Е*** ш******* и******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,288,769.24 төгрөг, хүү 1,728,315.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 160,677.44 төгрөг, нийт 5,177,761.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.         Хариуцагч Ж.Ө******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар утсаар энэ хуралдааны товыг мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзнэ.

4.         Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 4,274,910 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг жилийн 34.8 хувийн хүү төлөх, хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож 24 сарын хугацаагаар байгуулсан. /хх7-9/

Улмаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг олгосон гэдгээ санхүүгийн анхан шатны баримтаар нотлоогүй боловч хариуцагч энэ талаар маргаагүй тул зээл олгогдсон гэж үзлээ.

5.         Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой үндэслэл, хугацаатайгаар зээлдэгчид олгох, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

6.         Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ 2 жил, 26 хоног хэрэгжсэн байна. Энэ хугацаанд хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 1 жилд 1,487,668.68 /4,274,910*34.8%/ төгрөг, 2 жилд 2,975,337.36 төгрөг, 1 хоногт 4,075.81 /1,487,668.68/365/ төгрөг, 26 хоногт 105,971.06 төгрөг, нийт 3,081,308.42 төгрөгийн хүү тооцогдоно. Үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцвол 616,261.68 төгрөг юм. Цаашлаад, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцвол хариуцагчид нийт 7,972,480.10 төгрөг буцаан төлөх үүрэг үүссэн байна

7.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 1,742,050 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 6,230,430.10 /7,972,480.10-1,742,050/ төгрөг боловч зээлийн эргэн төлөлт тус бүрээр тооцсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь нийт 5,177,761.70 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Ж.Ө*******аас 5,177,761.70 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Е*** ш******* и******* *******” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 97,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД