| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00479/И |
| Дугаар | 142/ШШ2024/01129 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/01129
2024 08 19 142/ШШ2024/01129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг шанд.......тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******, утас:*******/-ийн,
Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний аав Чоймбол овогтой Гриш нь 2021-08-19-ний өдөр өвчний улмаас нас барсан. Өв хүлээн авахад хугацаа байдгийг мэдээгүй 2 жил болсон тул өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү... гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Ч.******* нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/205 дугаартай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар /хх-ийн 5-6/, төрсний гэрчилгээний нотариатаа гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, итгэмжлэл /хх-ийн 22/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 30-34/, ******* өв хүлээн авахаас татгалзах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 35/, ******* төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/, *******ийн өв хүлээн авахаас татгалзах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 37/, өв хүлээн авахаас татгалзах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 38/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс: Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 295дугаартай тодорхойлолт /хх-ийн 25/, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 346 дугаартай лавлагаа /хх-ийн 26-27/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 385 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39/-г нотлох баримтаар гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Хүсэлт гаргагч төрсөн аав Ч.Гриш нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Өндөр толгойн орчим засмал замын дагуу гэр бүлийн хэрэгцээний 18,0 га газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2021 оны 08 дугаар сарын 19-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.
3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.
4. Хүсэлт гаргагч нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд өв хүлээн авах хүсэлтээ хуулийн хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаагүй болох нь тогтоогдохгүй байна.
5. Иймд хүсэлт гаргагч төрсөн аав Ч.******* өмчлөлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Өндөр толгойн орчим засмал замын дагуу гэр бүлийн хэрэгцээний 18,0 га газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч төрсөн аав Ч.******* өмчлөлийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Өндөр толгойн орчим засмал замын дагуу гэр бүлийн хэрэгцээний 18,0 га газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ