| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/03446/И |
| Дугаар | 101/ШШ2024/03235 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/03235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* оффис Л******* ******* ХК-ийн байр хаягт оршин байрлах “Л******* *******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоот хаягт оршин суух Б******* овогт П*******ийн Н******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 1,313,591 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Л *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЛЭНДМН *******” ХК зээлдэгч П.Н*******-ийн аппликейшнээр дамжуулан гаргасан 2 удаагийн хүсэлтийн дагуу дараах зээлийг 30 хоногийн хугацаатайгаар зээлсэн ба уг зээлийг хариуцагчийн Голомт банкны ******* тоот данс уруу шилжүүлсэн. Үүнд:
| Үндсэн зээл | Зээлийн хүү | Нийт төлөх дүн | Зээл авсан огноо | Зээл төлөх огноо |
| 830,000 | 255,793 | 1,085,793 | 2022-09-05 | 2022-10-05 |
| 170,000 | 52,798 | 222,798 | 2022-09-07 | 2022-10-07 |
Харилцагч П.Н******* үндсэн зээл, зээлийн хүү 1,308,591 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь зээлийн гэрээний 4.2.2 заалтыг зөрчиж байна. Гэрээний үүргээ биелүүлэх, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагч П.Н*******-с үндсэн зээл 1,000,000 зээлийн хүү 308,591 нотариатын зардал 5,000 нийт 1,313,591 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн цахим зээлийн эрх нээх гэрээ нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй. /хх7-10/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 313,591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Л *******” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 308,591 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 5,000 төгрөг, нийт 1,313,591 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч П.Н******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэж, холбогдох баримтад гарын үсэг зурсан. Хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн дугаар уруу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Гэвч хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул тэдгээрийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
6. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзнэ. Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
7. Нэхэмжлэгч нь цахимаар 830,000 төгрөг болон 170,000 төгрөгийн зээл тус тус олгосон гэж тайлбарласан байх бөгөөд хариуцагч энэхүү 2 удаагийн зээлийг авсан эсэх талаар маргаагүй тул зээл олгогдсон гэж үзнэ.
8. Хэрэгт байгаа цахим зээлийн эрх нээх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүгчийн туслахаар дамжуулан гэрээг шаардлага хангуулах ёстой талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар өөрийн тайлбарыг нотлох үүргээ биелүүлээгүй.
Үүнээс үзэхэд бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй. Учир нь зохигчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээгээр хүү тохиролцсон гэж үзэхгүй юм.
9. Нэхэмжлэлд хариуцагчийг зээлээс буцаан төлсөн төлбөрийн талаар тайлбарлаагүй бөгөөд зээл, хүүг хэрхэн тооцсон талаар баримтгүй. Мөн хариуцагч нь зээлээс буцаан төлсөн эсэх талаар маргаагүй тул буцаан төлөлт хийгдээгүй гэж үзлээ. Иймд хариуцагчаас үндсэн зээл 1,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний хөлсөнд 5,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч П.Н*******гээс 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Л *******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 313,591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД