Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0183

 

    2024          03           04                                   128/ШШ2024/0183

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* би даргалж,  шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* к*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б нарын хоорондын газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г*, Э.Б*, Р.Н*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*, П.Б* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М******* к*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “М******* к******* ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Б а байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар иргэн, аж ахуйн нэгжид давхардуулан газар олголт хийсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч  нь эзэмшиж байсан газрын эрхийг сэргээлгэх хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/743 дугаартай татгалзсан хариуг авч, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Маргаан бүхий газрыг бид нар 21 жилийн турш эзэмшээд, ашиглаад хашаагаа татаад арчилж хамгаалаад байж байсан газар байхад гэнэт бид нарт мэдэгдэлгүйгээр буюу манайхтай ямар нэг сонсох ажиллагаа хийлгүйгээр, манай удаа дараагийн хүсэлтүүдийг хүлээж авсан байсан мөртлөө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 3 удаагийн захирамжаар нийтдээ 29 иргэнд газар өгч манай эрхийг хөндөж байна,

3.2. Хууль зүйн үндэслэлийн хувьд энэ газар ерөөсөө огтоос хоосон байсан газар байгаагүй, манай газар байсан. Кадастрын алдаа гарснаас болоод дунд нь манай дээр байсан хашаалсан газар орхигдсон асуудал болсон. Үнэхээр хоосон мэдээлэл кадастрын зураг дээр харагдлаа гэж бодоход газар эзэмших эрх авахаар хүсэлт өгсөн дарааллын дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл бид энэ газраа авъя, манай газрыг орхичихлоо гэж удаа дараагийн 5, 6 удаагийн хүсэлтийг өгсөөр байхад Нийслэлийн Засаг дарга танай энэ чинь дутуу байх шиг байна, үүнийгээ ингээд бүрдүүлээд ир гэж байх хооронд Сонгинохайрхан дүүргээс олгож байгаа нь үндэслэлгүй гэж,

3.3. 2016 онд Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай тохиролцоод өөрийнхөө компанийг бас хэрэгжүүлж байгаа төсөлтэй хамтран ажиллах хүрээнд 1300 айлын түрээсийн болон ахмадын орон сууц барихтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/612 тоот захирамж гарсан. Энэ захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 10 га газар олгогдож,

3.4. 2017 онд дээрх захирамж гарах үед үүнээс өмнө нийт анх байсан 91 га газраа өөрийнхөө харилцан хамааралтай 4 компанид хувааж эзэмшүүлэхээр болоод “М******* к*******” компани дээр 44,7 га газар үлдэх байтал кадастрын зураг дээр нэг алдаа гарснаас болоод 41,4 га газраа зараад энэ дунд 33,103 метр квадрат буюу 3,3 га газар ямар нэгэн эзэмшилгүйгээр дунд нь орхигдчихсон гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М******* к******* компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулж хоёр шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын үндэслэл нь М******* к******* компани Монгол Улсын Газрын тухай хууль батлагдахаас өмнө буюу 2001 оны Нийслэлийн Засаг даргын 10 дугаар сарын 22-ны өдрийн 488 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б ам буюу Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан орох замд 90 га газрыг орон сууцын шинэ хороолол бариулах зорилгоор эзэмших эрхийг олж авч байсан. Тухайн үед энэ газар зөвхөн бэлчээрийн зориулалтаар ашигладаг газар байсныг Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуульд нийцүүлээд м******* х******* нэртэй 8000 айлын орон сууцын шинэ хороолол барихаар төлөвлөөд нийтдээ төслийн хүрээнд 800-900 сая ам.долларын эх үүсвэрийг олгох зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга болон олон гадаадын компаниудын эх үүсвэрүүдээс энэ төслийг хэрэгжүүлж ирсэн. Нийслэлийн Засаг даргатай 2009-2010 онд энэ ажлыг багтааж эхлүүлэх ажил яригдаад санхүүгийн асуудлаар хамтарч ажиллахаар ярьж байсан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 10 га газрыг өгөх асуудал яригдаад, тухайн үед байсан Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар 2009 онд 308 тоот захирамжаар бол нөхөн олговоргүйгээр шилжүүлж өгөх 3 байгууллагын эзэмшил газрын хэд хэдэн эзэмшил газрын бүсийг тогтоосон. Одоо ч 3,3 га газрыг манайх хашаалчихсан хэвээрээ л байгаа. Тухайн үед ч хашаалчихсан хэвээрээ л байсан. Ийм асуудал үүссэн. Энэ албан бичигт зөвхөн манай 3,3 га газраас гадна 2017 онд 10 га газраа өгөхдөө хэрхэн яаж хамтарч ажиллах юм бэ гэх энэ санамж бичгээ зуръя. Хамтран ажиллах санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн албанд удаа дараа хүргүүлж байсан. Цаашлаад 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөн Д.С даргад хүргүүлсэн гэх мэтчилэн өнгөрсөн хугацаанд бид удаа дараа хандсан. Үүнээс өмнө манайд энэ газар хоосон байгаа нь үнэн байна, гэхдээ танайх холбогдох бүрдүүлбэрээр хандаад бичгээ гаргуулж өгөх юм бол бид нар үүнийг хүлээж авч болж байна гэсэн. Бид нар үүнийг хүлээж аваад зөвшөөрөөгүй. Манайх кадастрыг нь хийгдчихсэн, манайх өмнө нь эзэмшиж байсан, манай хашаа одоо байгаад байгаа учраас бид нар энэ газраа авъя гэсэн. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас бид нарт бүрдэл дутуу байна гэдэг хариу өгсөн. Дээрээс нь энэ дээр төлбөр тооцооны актууд хийгээд ирүүл гэдэг хариу өгсөн. Дахиад бид нар хандаад явж байхад сүүлд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай хариугаар энэ газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүмүүст олгочихжээ, 3 удаагийн захирамжаар олгочихжээ. Ингээд давхацсан учраас танайд олгох боломжгүй байна гэж үзсэн. Өмнө нь ерөөсөө давхцуулаагүй байгаа. Манайх энэ газар дээр газар эзэмших эрхээ авъя, энэ дунд нь орхичихжээ гэдэг хүсэлтийг өгөөд байхад маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга энэ газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар гэж байсан мөртлөө захирамж нь гэнэт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ийм 3 удаагийн захирамж гараад ирсэн.  Ийм учраас энэ асуудлаар шүүхэд өгсөн. Шүүхэд маргаан шийдвэрлэх явцдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 3 захирамжийн хувийн хэрэг татаж үзсэн. 29 иргэнд газар эзэмших эрх олгохдоо газар эзэмших эрх шаардах бүрдүүлбэрийг огт хангаагүй байсан. Яг нэг хүний гарын үсгээр өргөдөл, кадастрын зураг байсан. Кадастрын зураг дээр нь хотын эрх бүхий хүний гарын үсэг зураагүй, газар эзэмших эрхийн гэрээ гэх боловч гэрээн дээр хүсэлт өгсөн 29 иргэний хэн нь ч гарын үсэг зураагүй байсан. Бид үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. Газар эзэмших эрхийн бүрдүүлэлт огт хангаагүй байхад зүгээр л давхцуулсан мэтээр захирамж гаргасан. Ийм учраас М******* к******* компани энэ газрыг анхнаасаа 2001 онд эзэмшиж байсан, 91 га газрын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Б а 3,3 га газрыг сэргээн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, хуульд заасан журам зөрчсөн 2018 оны А/274, 2020 оны А/20,  2021 оны А/396 тоот тус тус захирамжуудаар М******* к******* компанийн газар дээр давхцуулан олгосон захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны болон 2020 оны захирамжийн дагуу авсан хувийн хэрэг хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 274 дүгээр захирамж байгаа. Үүний дагуу одоо М болон Б гэсэн 2 хүн дээр газар олгох шийдвэр гарсан. Гэтэл энэ 2 иргэний хувьд газар баталгаажилтын хувийн хэрэг нь ч огт байхгүй. Үүнийг шүүхээс удаа дараа шаардаад энэ талаар нэг ч баримт байхгүй байгаа. Тийм учраас илэрхий алдаатай захирамж гэдэг нь бол харагдаж байна. Шүүгч үзлэг хийгээд тухайн газар дээр очоод харахаар цахилгааны дэд өртөө 13 ширхэг баригдчихсан байгаа. Дэд өртөөтэй энэ газар дээр иргэн байшингаа бариад ч юм уу амьдрах боломжгүй. Дүүргийн Засаг дарга шийдвэрлэх ёстой биш, 2017 оны захирамжаараа Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж байсан. Тийм учраас дүүргийн Засаг даргаас тухайн газар дээр 29 иргэнд газар олгосон шийдвэр гаргасан нь өөрөө үндэслэлгүй байгаа учраас дээрх 3 захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М******* к******* компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь М******* к******* компани нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд  байрлах өөрийн эзэмшлийн 56 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/612 тоот захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд 10 га газрыг, “ ” компани 4,5 га газрыг тус тус шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжийн дагуу орон сууцны зориулалтаар 15 жилээр эзэмшиж, М******* к******* компани нь 41,4 га газар болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “ ” компанид шилжүүлсэн газруудын нийт хэмжээ нь 560 мянган метр квадрат буюу өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн А/358 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 56 га газартай газрын хэмжээ нь ижил байгаа. Тиймээс дунд үлдсэн 3,3 га газрыг нэхэмжлэгч компанийн нэр дээр шилжүүлбэл нэхэмжлэгчид анх олгогдсон буюу одоо байх ёстой гэж үзээд байгаа 414,380 метр квадратаас 3,3 га газраас илүү талбайтай болж өөрчлөгдөх учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Кадастрын зургийн хэлбэр өөрчлөгдөж, дунд нь 3,3 га газар үлдсэн нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хажуу тийшээ буюу өргөөш нь 3,3 га газрыг хуримтлуулж авсан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Дунд тасарсан 3,3 га газрыг даруй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шилжүүлэн өгсөн тэр газар нь байгаад байгаа юм. Учир нь одоо байгаа газраас 3,3 га газар дутаад байгаа гэдэг нь үндэслэлгүй. Өөрсдийнх нь гаргаж өгсөн кадастрын зураг, бусад зураг, хэрэгт авагдсан материалуудыг харахад үлдэгдэл газруудыг нэмж үзэхэд газрын хэмжээнд дутсан зүйл бол баримтаар илрэхгүй байгаа юм. Иргэдэд газар эзэмшүүлснийг хүчингүй болгоод 11 айлын газрыг нэмээд шаардаад байгаа 3,3 га газрыг олгоё гэдэг байдлаар зөвшилцөлд хүрч уулзсан боловч өөрсдөө татгалзсан хариугаа 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр ирүүлчихсэн байх учраас энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж захиргааны байгууллага энэ ажиллагааг үргэлжлүүлж явуулаагүй байгаа. Учир нь хариуцагч компани өөрсдөө албан ёсоор өөрсдийнхөө албан бичиг, гарын үсэгтэй баримтаар ирүүлсэн байгаа. Сүүлд хэргийн материалд өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, байр суурийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт бичгийн хэлбэрээр өгсөн, нэмэгдүүлсэн хариу тайлбараа дэмжиж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Яагаад гэвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 811 дүгээр шийдвэр мөн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээр 10 га газрыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өгсөн гэж хүлээн зөвшөөрч тайлбарлаад байгаа учраас одоо өөрсдийнх нь “М******* к*******” ХХК болон М*******, ******* М х*******, Д******* х*******, гээд охин компаниудынх нь газрын хэмжээг нэмээд үзэхээр 81 га буюу өөрсдийнх нь 10 га газраа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгөөд үлдэгдэл 81 га газар нь хэвээр үлдэж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Анх 2001 онд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 488 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Б а 91 га газрыг “М******* к*******” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг олгож, 40/0011 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгожээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/612 дугаартай захирамжаар “М******* к*******” ХХК-ийн газраас 10 га газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд,  “ ” ХХК-д 4,5 га газрыг шилжүүлж, “М******* к*******” ХХК 41,4 газар эзэмшихээр болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаартай захирамж болон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 000323019 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4. Шүүхээс хийсэн үзлэг болон хавтаст хэрэгт авагдсан “М******* к*******” ХХК-ийн  эзэмшил газрын ашиглалт бүсчлэлийн зургаар “Д******* х*******” ХХК-ийн эзэмшил газар 10 га, “М*******” ХХК-ийн эзэмшил газар 10 га, “******* м******* х*******” ХХК-ийн эзэмшил газар 15 га, “М******* к*******” ХХК-ийн эзэмшил газар 41 га, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын газар 10 га, “ Хаус ХХК-ийн эзэмшил газар 4,5 га байх бөгөөд харин маргаан бүхий 33 га газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 10 га газар “М******* к*******” ХХК-ийн эзэмшил газрын дунд үлджээ.

5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  “М******* к*******” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/743 дугаар албан бичигт “...танай талбайн хэмжээ нэмэгдүүлэхээр хавсарган ирүүлсэн зургийг шалгаж үзэхэд уг газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн эзэмшил газраас хасагдсан газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хуралд шилжүүлсэн газар биш болох нь тогтоогдож байна.

6. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/274, 2020 оны А/20, 2021оны А/396 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд маргаан бүхий газрыг олгосон хэдий ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж зааснаас үзвэл  маргаан бүхий газарт дүүргийн Засаг дарга эзэмшүүлэх захирамж гаргах эрхгүй байна.

7. Мөн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/274, 2020 оны А/20, 2021 оны А/396 дугаар захирамжуудаар тус дүүргийн 34 дүгээр хороо Б а 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дээрх газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг нэр бүхий 11 иргэнд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байх тул шүүхээс эдгээр иргэдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болно.

8. Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “М******* к*******” ХХК-ийн эзэмшил газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шилжүүлсэн 10 га газрын дунд байршилтай бөгөөд  нэхэмжлэгч компанийн өмнө эзэмшиж байсан газар байна.

9. Мөн тус шүүхийн 2016 оны 811 дүгээр шийдвэрээр “М******* к*******” ХХК, “М*******” ХХК, “******* м******* х*******” ХХК, “Д******* х*******” ХХК-уудын эзэмшиж байгаа 91 га газраас батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд барилгын норм, нормативын дагуу төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг нийтийн зориулалттай барилга байгууламж барихад шаардагдах газрыг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлж, үлдэх газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгах үүргийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

10. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3/1437 дугаартай албан бичгээс үзвэл, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн мэдээллээс нэгж талбарын 1801401156 дугаар бүхий 32,8 га талбайтай газар нь “М******* к*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд маргаан бүхий 3.3 га газар бүртгэлгүй байгаа болох нь тогтоогдож байна.

11. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр “М******* к*******” ХХК-ийн  эзэмшиж байсан 91 га газрыг “М******* к*******” ХХК-д 56 га, “Д******* х*******” ХХК-д 10 га, “******* м******* х*******” ХХК-д 15 га, “М*******” ХХК-д 10 га хэмжээтэй тус тус хувааж 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

12. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар  “М******* к*******” ХХК-ийн 56 га газраас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 10 га, “ Хаус” ХХК-д 4,5 га газрыг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хэмжээ 41,4 га болсон.

13. Гэвч эдгээр газрын дунд буюу нэхэмжлэгч “М******* к*******” ХХК-ийн өмнө эзэмшиж байсан газарт 3.3 га газар кадастрын зургаар бусдын эзэмшилд шилжээгүй үлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд үлдсэн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шилжүүлсэн 10 га газар гэж үзэх үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан кадастрын зураг болон бусад баримтуудаар нотлогдож байна.

14. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шилжүүлэн авсан 10 га газраа өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд газрын хэмжээ дутуу байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

15. Нэгэнт бусдад шилжүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжид заасан хэмжээгээр байгаа тохиолдолд нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

16. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/274, 2020 оны А/20, 2021 оны А/396 дугаартай захирамжуудаар нэхэмжлэгч компанийн өмнө эзэмшиж байсан газартай давхцуулан бусад иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох дээрх баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М******* к*******” ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Б а байршилтай 3.3 га газрын эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/274/2018, А/20/2020, А/396/2021 тоот захирамжуудаар “М******* к*******” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхардуулан олгосон иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ