Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00132

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч М.Өлзийхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвээний Мд холбогдох эрүүгийн 1715000640028 дугаартай, 132/2017/0124/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, Таван хонгор овогт Ц. М

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Мнь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эхнэр М.Өлзийхишигийг зодож биед нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 7-8 цагийн үед унтаж байхад манай эхнэр Өлзийхишиг орж ирээд босооч, гадаа усны сав зэвэрчихлээ, борооны ус, угаадас асгасангүй гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд би намайг шанагаар 2-3 удаа цохиод орилж, хашгираад байхаар нь шанаа руу нь алгадчихаад зугтаачихсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Өлзийхишигийн өгсөн: Бид хоёр 30-40 жил амьдарч байна, хүүхдүүд том болоод гараад явцгаачихсан хоёулаа байдаг. 2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө “ус, угаадас асгасангүй” гэснээс болж хоорондоо маргалдсан. Тэгээд би хугархай шанага аваад шидэхэд гарыг нь оносон, гэтэл намайг толгой руу цохьсон. Агсан согтуу тавьсан үед нь цагдаа дуудаад өгчихдөг.  Согтуу үедээ орилж хашгираад гартаа таарсан юмаа аваад л шиддэг, гэхдээ би гэмтэл, бэртэл авч байгаагүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

1715000640028 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч М.Өлзийхишигийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 01-ний өглөө босоод нөхөр Ц.Мюм угаасан бол угаадсаа асгахгүй яасан юм бэ гэж хэлснээс болж маргаан үүссэн. Намайг зайл гээд хашгираад байхаар нь гарч бие засчихаад эргээд орж иртэл урдаас ирээд баруун гараараа дух руу цохьсон. Тэгтэл миний толгой эргээд доош суугаад “чи яаж байнаа” гээд цагдаад хэлнэ гэтэл гараад явсан. Урьд нь байнга хардаж хэрүүл хийдэг. Согтуу бол гэртээ очихын аргагүй байдаг...байнга ингэж зодуулж баймааргүй байна. Гомдолтой байна гэх /хх-10 тал/, ...Манай нөхөр өөрөө агсан хүн, тэгээд архи уухаараа л агсан тавьдаг. Намайг манай нөхөр урьд өмнө нь зодож цохьдог байсан, тухайн үед нь би цагдаад ханддаггүй байсан. ...Архи уухаараа л ямар ч шалтгаангүй зоддог. Зодохдоо толгой тархи руу зодож цохьдог гэх /хх-12 тал/ мэдүүлгүүд,

Гэрч Ш.Насантогтохын өгсөн: М, Өлзийхишиг нарыг 1999 оноос хойш таних болсон. М нь хийсэн тодорхой ажилгүй, байнгын архи ууж байдаг. Архи уухаараа эхнэртэйгээ хэрэлдээд хашгираад байдаг. Байнга л цагдаа дуудаад, эрүүлжүүлэх аваад явдаг. Цагдаа нар хааяа манайд ирж Мг хайгаад явдаг. Эхнэрийгээ зодож цохиж байсныг бол хараагүй, эхнэр Өлзийхишиг нь надад “намайг элдвээр хэлж зоддог” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн

1. М.Өлзийхишигийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-16 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-2 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-24-28 тал/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 29-47 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Мягмаржав нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр М.Өлзийхишигт агсан тавьж, байнгын шинжтэй түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Өлзийхишигтийн өгсөн мэдүүлгүүд, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эхнэр М.Өлзийхишигийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан талаарх шүүх эмнэлгийн шинжээчийн 224 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.М 2010-2016 онуудад, мөн 2017 оны 3 дугаар сарын 27-ны, 4 дүгээр сарын 11, 24-ний өдрүүдэд эхнэр М.Өлзийхишигийн ирүүлсэн дуудлагаар цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан талаархи баримтуудаар хангалттай нотлогдож байна.

      Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

      Иймд шүүгдэгч Ц.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Ц.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Өлзийхишигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

       Шүүгдэгч Ц.Мял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан, түүнчлэн шүүгдэгчийн насны байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Таван хонгор овогт Ц.Мг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Мг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.  

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Мнь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.       

        4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурьдсугай.

        5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД