Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Нт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          А.А

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                               Б.Ц /онлайнаар/               

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгч                                                         Б.Н

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн Б.Нт холбогдох 2112000000353 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн ......................оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1996 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Н

 

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-27–нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Дг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай тогтоолоор: ... Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, мөрдөн байцаах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн 2112000000353 дугаартай хэргийн материалтай танилцахад шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-27–нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Дг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан”... мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хэргийг мөрдөх ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

  1.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын “... амь хохирогч маань зүүн

гараараа ямар нэгэн зүйл хийдэг зүүн гараараа юм бичдэг тэр гараараа бүх зүйлийг хийдэг байсан...” /1р хх-ийн 250 хуу/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт”... амь хохирогч зүүн гараараа бүх зүйлээ хийдэг солгой...”гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоосноор амь хохирогч өөрийгөө хутгалах боломжтой байсан эсэхийг тогтоох нь хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоно.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт

хэргийн шинж байгаа эсэхийг шалгах талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цгийн хүсэлтийн дагуу холбогдох ажиллагааг хийх.

  1. Гэрч М, шүүгдэгч Б.Н нар нь гэрч Ц-ийн гэрээс гарч

яваад хэдий хугацааны дараа шүүгдэгч Б.Н хэнтэй буцаж ирсэн энэ хооронд хэн нэгэн хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Нэмэлт ажиллагааг хийлгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ”, 1.6 дахь хэсэгт заасан “ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх үгүйсгэх хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэв гээд

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б.Н-т холбогдох эрүүгийн 2112000000353 дугаартай хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч  Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 12 см хар өнгийн хуванцар бариултай 14.5 см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутга, энгэр хэсгээр урт цахилгаантай, урд доод хэсэгт 2 ил халаастай, зүүн энгэрт цахилгаантай далд халаастай халааснуудад ямар нэгэн эд зүйлгүй, зүүн талын ханцуйны энгэрт хэсэгт хэсэг газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон баруун мөрний доор буглаг хэсэгт 1х0.8, 0.5х1.5 см харьцаатай гэмтэлтэй цагаан өнгийн зөөлөн материал нь ил гарсан, зүүн ханцуйны урд хэсэгт ханцуйны үзүүрээс дээш 31 см, 35 см зайд 2 см, 2 см урттай хөндлөн гэмтэлтэй хар өнгийн 1 ширхэг куртик, Энгэр хэсгээр хар цагаан орсон дугуй захтай зүүн энгэр хэсэгт “Calvin klein jeans” гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй урд хэсгээр 20х25 см талбайд хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ямар нэгэн гэмтэлгүй шар өнгийн 1 ширхэг пудволк, хоёр хажуу талд ил 4 халаастай, хоёр ташаандаа тус бүр халаастай зүүн өвдөгнөөс доош, баруун шилбэний дотор талд улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдож хатсан бор ногоон алаг /дисант/ өнгийн 1 ширхэг өмд, үдээстэй “Landrover” гэсэн бичиглэл бүхий богино түрийтэй шар өнгийн хос гутал, улаан хүрэн өнгийн монгол дээл 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн 1 ширхэг өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон хар, саарал нарийн судалтай 1 ширхэг өмд, урт түрийтэй хар өнгийн хос гутал, цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг пудволк зэргийг хэргийн хамт хүргүүлж, Тогтоолыг прокурор болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын гаргасан давж заалдах гомдолд: Миний бие Б.Нт холбогдох эрүүгийн 2112000000353 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон бөгөөд уг хэргийн амь хохирогч О.Д нь миний төрсөн дүү билээ. Уг эрүүгийн хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  нь хэлэлцээд 2022/ШТ/14 дугаартай шүүхийн тогтоол гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан уг шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч хууль ёсны төлөөлөгч миний бие нь энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу.

Дээрх шүүхийн тогтоол нь шударга ёсонд нийцэхгүй, хууль бус тогтоол гэж би жирийн иргэн хүний хувьд үзэж байгаа бөгөөд дараах зүйлүүдийг аймгийн шүүхийн шүүгчид та бүхэнд хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Б.Н гэгч этгээд нь урьд өмнө удаа дараа гэмт хэрэг үйлдэж, шүүхээс удаа дараа хорих ял авч байсан этгээд билээ. Мөн түүний хамаатан садны дотор Архангай аймагт олон жил төрийн алба хашиж, нэр нөлөөгөө тогтоосон хүмүүс байдаг. Тухайлбал Б.Нын ээжийнх нь төрсөн ах болох Данийлов гэдэг хүн нь Архангай аймгийн төр захиргааны байгууллагад намын хорооны дарга болон жил хийсэн байдаг. Тиймээс төр захиргааны байгууллагуудад нөлөө бүхий хүн байдаг юм. Тиймээс миний талийгаач дүүгийн хэргийг шийдсэн шүүгчид болох Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нар нь дээрх Данийлов гэдэг хүний нөлөөнд орж, дээрх хууль бус шүүхийн тогтоолыг гаргалаа гэж миний хувьд үзэж байна. Эсвэл дээрх гурван шүүгч нь авлига, хээл хахууль авах замаар хэргийг прокурорт буцаасан байж магадгүй гэсэн сэжиг таамаг надад байна. Учир нь дээрх гурван шүүгч нь зөвхөн Б.Н гэгч архаг гэмт хэрэгтний удаа дараа өгсөн хуурамч, худал мэдүүлэг, тайлбарыг үндэслэн хэргийг буцаасан бөгөөд шүүхийн тогтоолд “...шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад ...нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно...” гэж дүгнэсэнд миний хувьд туйлын их гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолын яг энэ үгийг буюу “цагаатгах... шийдвэрийг гаргаж болно” гэсэн утгатай зүйл бичсэнийг би уншаад сэтгэл санааны хувьд маш их хүнд цохилтод орсон юм.

2. Дараагийн хэлэх зүйл минь хүн амины хэрэг буюу манай өмгөөлөгч Б.Цгийн хэлснээр Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд гэмт хэргийг хэлэлцэж байгаа атлаа дээрх нэр бүхий гурван шүүгч нь шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Наас ганц удаа асуулт асуухгүй байгаад шүүх хурлыг дуусгасанд миний бие туйлын их гайхан харамсаж байгаа юм. Энэ үйлдлээс харахад шүүгч нар нь өөрсдийн гаргах тогтоолыг урьдчилаад гаргачихсан, бэлдчихсэн байсан болов уу гэсэн хардлага, сэрдлэг төрөөд байгаа юм.

Тиймээс эрхэм хүндэт аймгийн шүүхийн шүүгчид та бүхэн дээрх эрүүгийн хэргийг хуулийн дагуу, үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цгийн гаргасан давж заалдах гомдолд: Миний бие Б.Нт холбогдох эрүүгийн 2112000000353 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцон ажилласан бөгөөд уг хэргийг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хэлэлцээд 2022/ШТ/14 дугаартай шүүхийн тогтоол гаргасан юм. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан уг шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч миний бие нь энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгааг хүлээн авна уу. Дээрх шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “...Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэв...” гээд үндсэн гурван ажиллагааг хийлгэхээр зааж өгчээ. Эдгээр гурван ажиллагааг хийх огт шаардлагагүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас ажиллагаа тус бүр дээр ямар үндэслэлээр, яагаад хийлгэх  шаардлагагүй гэж үзэж байгаагаа дараах байдлаар тайлбар няцаалт өгч байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын “... амь хохирогч маань зүүн гараараа ямар нэгэн зүйл хийдэг зүүн гараараа юм бичдэг тэр гараараа бүх зүйлийг хийдэг байсан...” /1р хх-ийн 250 хуу/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт”... амь хохирогч зүүн гараараа бүх зүйлээ хийдэг солгой...”гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоосноор амь хохирогч өөрийгөө хутгалах боломжтой байсан эсэхийг тогтоох нь хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоно...” гэжээ.

            Амь хохирогч О.Дгийн амь насыг Б.Н нь хохироосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон билээ. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нар нь дээрх байдлаар буюу зөвхөн шүүгдэгч Б.Нын өгсөн удаа дараагийн худал мэдүүлгийг үндэслэн “амь хохирогч өөрийгөө хутгалах боломжтой байсан” эсэхийг заавал тогтоо гэсэн үүргийг цагдаа, прокурорын байгууллагад өгч байгаа нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Учир нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь заавал үнэн байх албагүй, өөрөөр хэлбэл худал мэдүүлэг өгч болно гэдгийг холбогдох хууль тогтоомжид зааж өгсөн байдаг. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг гэсэн ойлголтыг хуульчилсан ба уг зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Эндээс хууль зүйн онолын нарийн логик ойлголт дүгнэлт гарч ирдэг. Энд нэгэн сонгодог жишээ татахад Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.З алагдахад тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүхий л шоронгуудаас “би С.Зийг алсан” гээд маш олон ялтангууд мэдүүлэг өгч байсан. Гэтэл тухайн үед Монгол Улсын шүүхийн байгууллага нь энэ бүх ялтангуудын үгэнд итгэж, тэдний үгийг нотлох баримт хэмээн тооцож, тэдэнд хуулийн дагуу ял шийтгэл оноосон бол өнөөдөр маш олон ялтангууд хилсээр ял шийтгэл хүлээх байсан билээ. Харин тэр үеийн Монгол Улсын шүүхийн байгууллага болон цагдаа, прокурорын байгууллагууд нь хууль, эрх зүйн онолыг ягштал баримталж, өөрөөр хэлбэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь худлаа ярих, худал мэдүүлэг өгөх эрхтэй учраас тэдний дээрх худал мэдүүлэгт итгэлгүйгээр, тэдний мэдүүлэгт хөтлөгдөхгүйгээр асуудалд хандаж чадсан билээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан. Тэгвэл Б.Н нь “Талийгаач О.Д нь над руу хутга авч дайрсан. Би өөрийгөө л хамгаалсан. Тэгээд түүнтэй ноцолдож байтал талийгаач гэнэт “ёо пиздаа чинь орчихлоо ш дээ” гэж хэлээд доошоо суусан...” гэж удаа дараа худал мэдүүлэг өгч байсан. Харин түүний энэ үгийг худал болохыг гэрч Ц.Б, Ө.Б нар нь гэрчилсэн ба тэдний мэдүүлгээр бол шүүгдэгч Б.Н нь гэрч нарт “Би энэ пиздааг хутгалчихсан юм аа” гэж хэлсэн байдаг. Харин шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ц.Б нь “Шүүгдэгч нь тухайн үед гэрч Ц.Б болон гэрч Ө.Б нарт худлаа мэдүүлэг өгсөн юм. Яагаад гэвэл маш яаралтай эмнэлгийн түргэн тусламж дуудах шаардлагатай байсан учраас ингэж худлаа хэлж мэдүүлсэн юм” гэсэн солиотой гэмээр тайлбарыг хэлж байгаа юм аа. Харин өмгөөлөгч миний хувьд өмгөөлөгч Ц.Б нь солиотой хүн биш бөгөөд 25-26 жил тасралтгүй хуулийн байгууллагад ажилласан, маш их мэдлэг, чадвар өөртөө хуримтлуулсан, ухаалаг хүн гэж дүгнэж байгаа юм. Тиймээс энэхүү өмгөөлөгч нь зориуд дээрх байдлаар солиотой гэмээр тайлбарыг өгч байгаа бөгөөд үүнийг нь дээрх нэр бүхий гурван шүүгч хүлээн авч байгаад нь миний хувьд маш их харамсаж байгаа юм.

            2. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц миний хүсэлтийн дагуу холбогдох ажиллагааг хийх” гэж дээрх шүүхийн тогтоолд бичжээ. Харин шүүх хурал завсарлаад, шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд ороод, дахин гарч ирж өөрсдийн гаргасан шийдвэрээ танилцуулах үедээ өмгөөлөгч Б.Ц миний гаргасан хүсэлтийн талаар тайлбарлахдаа “өмгөөлөгч Б.Цгийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь анхан шатны шүүх нь зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой” гэж хэлж байсан билээ. Тиймээс өмгөөлөгч Б.Ц миний гаргасан хүсэлтийг хүлээн авна хэмээн шүүхийн тогтоолд бичсэн нь зүгээр л дээрх эрүүгийн хэргийг ямар нэгэн аргаар буцаах гэсэн оролдлого юм болов уу гэсэн хардлага, сэрдлэг надад төрж байна. Шүүгч нарын зүгээс өмгөөлөгч надад хэлж байсан дээрх үг нь шүүх хурлын бичлэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан билээ.

            3. “Гэрч н.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Н нь гэрч н.Ц-ийн гэрээс гарч яваад хэдий хугацааны дараа шүүгдэгч Б.Н хэнтэй буцаж ирсэн, энэ хооронд хэн нэгэн хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй байна” хэмээн дээрх шүүхийн тогтоолд бичжээ. Энэ нь бас дээр хэлсэнчлэн энэ хэргийг шийдсэн 3 шүүгч нь зөвхөн шүүгдэгч Б.Нын удаа дараагийн худал мэдүүлэг, тайлбарыг үндэслэн ийм шийдвэр гаргаад байгаад хохирогчийн талын өмгөөлөгчийн хувьд туйлын их гомдолтой байна. Шүүгдэгч Б.Н нь “намайг талийгаач нэлээд зодсон” гэсэн худал мэдүүлгийг удаа дараа өгсөн ба улмаар түүний тухайн үед өмсөж явсан хувцаснуудад болон биед нь ямар нэгэн хэмжээний ул мөр, гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч талын зүгээс болон өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч Б.Н нь хувцсанд үүссэн ул мөр, уранхай цоорхой байдал болон биед нь үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа билээ.

            Гэхдээ шүүгдэгч Б.Н нь хувцсанд үүссэн ул мөр, уранхай цоорхой байдал болон биед нь үүссэн гэмтлийг хэн үүсгэснийг шалган тогтоох ямар ч шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Учир нь дээр хэлсэнчлэн шүүгдэгч нь “талийгаач О.Д нь намайг зодож, газраар чирч байсан учраас миний хувцас болон биед гэмтэл учирсан” гэсэн худал мэдүүлгийг өгсөн бөгөөд харин өмгөөлөгч миний хувьд дээрх гэмтлүүдийг шүүгдэгч нь өөрөө өөртөө учруулсан гэмтлүүд юм гэсэн таамаглалыг дэвшүүлсэн билээ. Энэ таамаглалаа ч шүүх хурал дээр хэлж байсан. Учир нь:

            1. Шүүгдэгч Б.Н нь урьд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, улмаар Монгол Улсын шүүхийн байгууллагаас удаа дараа ял шийтгэл авч байсан архаг гэмт хэрэгтэн билээ. Тиймээс ч тэрээр талийгаачийг хутгалсныхаа дараа буюу талийгаачийг амьд сэрүүн байхад нь гэрч Ц.Б, Ө.Билэг-Эрдэнэ нарт “Би О.Дг хутгалчихсан юм аа” гэж хэлж байсан ба харин талийгаачид “Муу пиздаа минь чи амьд үлдвэл би гурван жилийн ял авна, харин чи үхчихвэл би 12 жилийн ял авна” гэж хэлж байсан билээ.

            2. Хэрэв энэ хэргийн гэрч Ц.Б, гэрч Ө.Б  нар хэргийн газар анх удаа очих үед буюу талийгаачийг амьд сэрүүн байхад биш, харин талийгаачийг нас барчихсан үед хэргийн газар очсон бол шүүгдэгч Б.Н нь “Би О.Дг хутгалчихсан юм аа” гэж хэлэхгүй байсан. Харин гэрч нарыг хэргийн газар очиход талийгаач нь нас бараагүй, амьд сэрүүн байсан учраас шүүгдэгч Б.Н нь гэрч нарт хэргийн талаар үнэнийг ярьж байсан билээ. Харин талийгаач нь эмнэлэгт очоод нас барсны дараа буюу хэрэг болсны маргааш өдрөөс эхлэн шүүгдэгч нь “Би О.Дг огт хутгалаагүй. Тэр л өөрөө над руу хутга бариад дайрсан юм аа” гэсэн худал хуурмаг мэдүүлгийг өгч эхэлсэн билээ.

            Бодит байдал ийм байхад хэргийг шийдсэн гурван шүүгч нь зөвхөн шүүгдэгчийн зүгээс буюу түүнийг талийгаачийг нас барснаас хойш урьд өмнө хэлж байсан үг яриагаа өөрчилж, худал мэдүүлэг өгч эхлэхэд нь энэ бодит нөхцөл байдлыг огт харгалзахгүйгээр шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Эцэст нь хэлэхэд эрхэм хүндэт аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид та бүрэн дээрх эрүүгийн хэргийг өөрсдийн мэргэн оюун ухаандаа  шүүн тунгааж, анхан шатны шүүхийн гурван шүүгч шиг зөвхөн шүүгдэгчийн худал, хуурмаг мэдүүлэг тайлбарт хөтлөгдөхгүйгээр, хэргийг үнэн зөв, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гаргасан дээрх шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр дэнж хороололд 2021 оны 11 дүгээр сарын 26-27–нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд О.Дг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан баруун гуя орчимд нь хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг холбогдсон байна.

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2112000000353 дугаартай хэргийг хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байна...” гэж дүгнэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 14 дугаартай тогтоолоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн 2112000000353 дугаартай хэргийг прокурорт буцаасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Тухайлбал хэрэгт авагдаагүй баримтаар буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын “...амь хохирогч маань зүүн гараараа ямар нэгэн зүйл хийдэг, зүүн гараараа юм бичдэг, тэр гараараа бүх зүйлийг хийдэг байсан...”/1-р хх-ийн 250-р/ хуудаст мэдүүлсэн байтал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...амь хохирогч зүүн гараараа бүх зүйлээ хийдэг солгой...” гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоосноор амь хохирогч өөрийгөө хутгалах боломжтой байсан эсэхийг тогтоох нь хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоно...” гэж заасан нь үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цгийн хүсэлтийн дагуу холбогдох ажиллагааг хийх гэж заасан нь үндэслэлгүй байна. Учир нь тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.О-ын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн биеийн хамгаалах чадвартай байсан талаар бүрэн тогтоосон байна.

3. Мөн анхан шатны шүүх тогтоолдоо гэрч н.М, шүүгдэгч Б.Н нь гэрч Ц-ийн гэрээс гарч яваад хэдий хугацааны дараа шүүгдэгч Б.Н нар нь хэнтэй буцаж ирсэн, энэ хооронд хэн нэгэн хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй байна гэж дүгнэж, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангахгүй байна. Учир нь хэрэгт бүхий л шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авсаар байтал “Б.Н нар нь хэнтэй буцаж ирсэн, энэ хооронд хэнтэй буцаж ирсэн, энэ хооронд хэн нэгэн хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй байна” гэж даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчиж, өөрийн гаргаж буй шийдвэрээ таамаглалд тулгуурласан болохыг харуулж байна.

Иймд тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ үүгээр гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Өмнө нь бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд тус шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үнэхээр хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргасангүй гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхээр талийгаач яаж нас барсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талийгаачийг амьд сэрүүн байхад нь хэргийн газар хэн очсон юм бэ. Ц.Б  очсон байдаг. Энэ хэргийн гэрч Ц.Б хэргийн газар анх удаа очих үед буюу талийгаачийг амьд сэрүүн байхад биш, харин талийгаачийг нас барчихсан үед хэргийн газар очсон бол шүүгдэгч Б.Н нь “би О.Дг хутгалчихсан юм аа” гэж хэлэхгүй байсан. Харин гэрч нарыг хэргийн газар очиход талийгаач нас бараагүй, амьд сэрүүн байсан учраас шүүгдэгч Б.Н нь гэрч нарт хэргийн талаар үнэнийг ярьж байсан билээ. Харин талийгаач нь эмнэлэгт очоод нас барсны дараа буюу хэрэг болсны маргааш өдрөөс эхлэн шүүгдэгч нь “би О.Дг огт хутгалаагүй. Тэр л өөрөө над руу хутга бариад дайрсан юм аа” гэсэн худал хуурмаг мэдүүлгийг өгсөн. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд нэгэнт давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэдэг талаас нь хэлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхийн тогтоолоор гурван нөхцөл байдлыг тодруулахыг шаардсан. Миний хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалд 4 дэх үндэслэл буюу хутга хаана байсан, хутгыг хэн авсан талаарх асуудлыг анхан шатны шүүхийн тогтоолд нэмж оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Иймд хохирогч талын давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор А.Агийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

           Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  шүүгдэгч Б.Нт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан, шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хангах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж улмаар шүүхийн тогтоолыг тайлбарлахдаа дээрх үндэслэлийг тайлбарласан болох нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдсон бөгөөд дээрх ажиллагааг хийх нь зүйтэй байна.

 

           Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бын “... амь хохирогч маань зүүн

гараараа ямар нэгэн зүйл хийдэг зүүн гараараа юм бичдэг тэр гараараа бүх зүйлийг хийдэг байсан...” /1р хх-ийн 250 хуу/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт”... амь хохирогч зүүн гараараа бүх зүйлээ хийдэг солгой...”гэж мэдүүлсэн. Үүнийг шалгаж тогтоосноор амь хохирогч өөрийгөө хутгалах боломжтой байсан эсэхийг тогтоох нь хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоно, гэрч М, шүүгдэгч Б.Н нар нь гэрч Ц-ийн гэрээс гарч

яваад хэдий хугацааны дараа шүүгдэгч Б.Н хэнтэй буцаж ирсэн энэ хооронд хэн нэгэн хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байх боломжтой эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

 

            Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, гэж заасан хуулийн заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолсон хэрэгт хамаарна.

 

              Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтад заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй атлаа шүүх, шүүгчийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шинжлэн судалж, дотоод итгэлээр нотлох баримтад дүгнэлт хийж шийдвэр гаргах эрхэд нөлөөлөх боломжгүй юм.

 

              Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдол зэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                     

                                                        ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШТ/14 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдол зэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.НЯМДОРЖ