Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 16-ны өдөр                        2022/ДШМ/41                        Хэрлэн сум

 

 

Ю.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0041

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч Ю.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр, С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор Ю.Б-ад холбогдох эрүүгийн 2239000000018 дугаартай хэргийг 2022 оны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ю.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Д”  дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ийг “утсаар чанга ярилаа” гэх шалтгаанаар гартаа байсан хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн Ю.Б.Б-ийн  хэвлий орчим нь дүрж Б.Б-ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ю.Б-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ю.Б-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-ад оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ю.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж байгаа, хохирогч Б.Б-ээс уучлалт гуйж, өөрийн чадах зүйлээрээ тусалж дэмжиж одоо хохирогчийн бие гайгүй болсон.

Би 6 хүүхэдтэй, бага хүү маань хөхүүл нялх, гэрийнхээ амин зуулга, бүхий л зүйлийг би зохицуулж, амьдрал ахуйгаа авч явдаг.

Мөн миний ээж, аав маань 80 гаруй настай, биеийн эрүүл мэндийн байдал доройтсон, аав маань хэвтэрт эмнэлгийн байнгын хяналтад байдаг, ээж маань өндөр настай тул аавыг асрах, халамжлах боломжгүй би ээж, аавыгаа асардаг.  

Энэ хугацаанд эхнэр маань ганцаараа хүүхдүүдээ харж хандан, хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй гэж зүтгэж байгаа хэдий ч үнэхээр хүчин мөхөсдөж ар гэр, хүүхдүүдийн маань амьдрал хүнд байдалд ороод байна. Бага насны 3 хүүхэд маань аавыгаа санаж бэтгэрч орондоо шээх,  ямар ч  шалтгаангүй санааширч уйлдаг болсон, сумын эмчид үзүүлж эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгааг сонсож, хоригдож байгаа надад юу ч хийж чадахгүй байгаадаа сэтгэл их өвдөж байна.

Би урьд нь алдаж онож явсан, би өөрөө их цайлган цагаан зантай, амархан гомдож баярладаг, хөнгөн сэтгэлтэй, ядарсан зовсон хүнд аль болох тусалчих гэдэг, хүч чадлаараа дээрэлхүү хандаж байгаа хүнд дургүй, тэр зангаасаа болж хүнтэй муудчих гээд байдаг юм.

Хэрэг болдог тэр өдөр ч гэсэн Б.Б- архи зарж болохгүй гэдгийг мэдсээр байж архи зарахыг шаардаад дээрэлхүү өнгөөр түрэмгий байдлаар харьцаад байсан, Оюунгэрэл эгч давсны уут задлах гээд дийлэхгүй байх шиг байхаар нь “би задалж өгье” гээд хайчийг нь аваад задалж өгөөд зогсож байхад чанга чанга яриад дээрэлхүү байдалтай байхаар нь “гараад ярьж болох уу” гэж хэлснээс болоод би маргалдаж ийм хэрэг үйлдсэн.

Миний эхнэр хүүхдүүд, ээж аавын маань амьдрал ахуй хүнд байдалд байгааг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ю.Б- нь 6 хүүхэдтэй, бага хүүхэд нь одоо 01 нас 05 сартай, Ю.Б-ын ээж, аав 80 гарч яваа өндөр настай хүмүүс байдаг, Ю.Б- нь өндөр настай ээж, аав, бага насны хүүхдүүдээ авч явдаг ганц хүн юм. Иймд Ю.Б-ын дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс бага ял оногдуулж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ю.Б-ын асрамжид 82 настай аав, ээж, бага насны 6 хүүхэд нь байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Нарангэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч Ю.Б-ад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Ю.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон.  Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урд нь гэмт хэрэг үйлдэж байсан, гэмт хэргийн улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирол төлбөр төлсөн байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ю.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ю.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг “Д”  дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ийг “утсаар чанга ярилаа” гэх шалтгаанаар гартаа байсан хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн Ю.Б.Б-ийн  хэвлий орчим нь дүрж Б.Б-ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 06 хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 8-11 хуудас/,

 

- Хохирогч Б.Б-ийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед хөдөө явах гээд найз Б-г гуйсан юм. Б, Э нарын хамт хөдөө явахаар болж “Д” дэлгүүрийн үүдэнд зогсоод Э юм авахаар дэлгүүр рүү орсон. ...Би тухайн үед нилээн согтолттой байсан бөгөөд тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 17-18, 21-23 хуудас/,

 

- Гэрч А.С-н өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт галч хийдэг. 2021 оны 12 дугаар сарын 01-ний орой 18-19 цагийн үед хүнсний дэлгүүр дотор Б, Ю.Б- хоёр хоорондоо маргалдаж муудалцаад Баялаг ахын аймхайных нь орчмоос цус гарч Б ах гараараа дарчихсан байж байсан. Б ах Ю.Б- ахад хандан чи намайг дүрчихлээ ш дээ гээд хэрэлдэж маргалдаад байсан...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 27-29 хуудас/,

 

- Гэрч Ч.О-н өгсөн: “...гаднаас Ю.Б- гэж залуу согтуу байдалтай дэлгүүрт орж ирсэн. Би яг тухайн үед кассан дээрээ ууттай давс задлах гээд хөх цэнхэрдүү өнгийн хайч барьчихсан сууж байсан юм. Тэгэхэд Ю.Б- надад ханданалив дүү нь наад давсыг чинь задлаад өгье, хайчаа өгч байгээд надаас хайчийг маань авсан юм. Энэ үед Б гэх залуу дэлгүүр дотор ...суучихсан байдалтай гар утсаараанамайг ирж авгээд чангаар хүнтэй утсаар яриад байсан. Тэгэхэд Ю.Б-чи одоо гадаа гараад наад утсаараа ярь л даагэж хэлсэн. Ю.Б- дүүгийнх нь толгой руу хальт нэг удаа цохисон. Тэгэхэд Б гэх залуу сууж байснаа босож ирээд Ю.Б-ад ханданта одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Ю.Б- нь гартаа барьж явсан хайчаараа Б гэх залуугийн гэдэс, хэвлий, аймхай орчимд нэг удаа хатгасан. Б гэх залуу куртикээ тайлахад ноосон цамцных нь цаанаас цус нэвтэрчихсэн байсан...гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 32-34 хуудас/,  

 

- Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №39 дугаартай: “....Б.Б-ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн хутгалагдсан шарх, элэгний зүүн дэлбэн, ходоодны ар ханын нэвтэрсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1 хавтаст хэргийн 48-50 хуудас/,

 

Яллагдагч Ю.Б-ын өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойролцоогоор 18-19 цагийн үед “Д” супермаркет руу орсон. Тэгэхэд супермаркет дотор О эгч, Б гэх хочтой Б.Б-, Э нар байсан бөгөөд О эгч давсны шуудайны амсрыг нь задлах гээд хайч барьчихсан байж байсан. Тэгэхээр нь би О эгчид хандан “дүү нь наад шуудайны чинь амсрыг задлаад өгөх үү” гэж хэлэхэд зөвшөөрөөд би хайчийг нь авсан. Супермаркет дотор байсан Б.Б-, Э нар нь “архи авъя” гээд О эгчийг шаналгаад байсан. О эгч Б.Б-, Э нарт “архи өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б- нь супермаркет дотор чанга чангаар яриад байхаар нь би Б.Б-т хандан “чи олон нийтийн газар яагаад чанга чанга яриад байгаа юм бэ, гадаа гараад яриач” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б-, Э хоёр надад хандан “чамд ямар хамаатай юм, пизда минь” гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Б.Б-, Э хоёрт хандан “та нар юу гээд байгаа юм бэ” гэхэд Э нь над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд заамдаад авсан. Над дээр хүрч ирэнгүүтээ намайг шууд барьж аваад намайг өөр рүүгээ татаад чангаасан. Тэгээд би Б.Б-т татагдахдаа гартаа барьж байсан хайчаараа Б.Б-ийн биед нь гэмтэл шарх учруулчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 91-92 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Ю.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч болон хохирогчийн гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Б-, хохирогч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-ын цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

           

                                                                                  Г.БОЛОРМАА