Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0379

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*******, нэхэмжлэгч Ч.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нарыг оролцуулан Ч.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хороонд байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

...Ч.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу талууд дараах байдлаар эвлэрч байна.

Иргэн Ч.Э*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэв.

Хариуцагчийн хүлээх үүрэг:

1.    Ч.Э*******ын Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баянхошуун дахь тасгийн даргаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тушаал гаргуулан томилуулах,

2.    Ч.Э*******ын цалин хөлс болох ТЗ-8-3-аас бууруулахгүй, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5%, 2016 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх,

3.    Ч.Э*******од нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зөвшөөрч гэрээ байгуулж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрснээ баталгаажуулан, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 20 дугаар зүйлийн 20.1.1-т ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно 43.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна, 43.3-т Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Э******* нь хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газар буюу түүний эвлэрэх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ч.Э******* хариуцагч Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдох ...Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04 өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын Тамгын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх авч байсан тухайн цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажилт хийлгэхийг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА