Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 135

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайгүн овогт Г.М-д холбогдох 1726000000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Далайгүн овогт Г.М

2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 39-14 тоотод оршин суух Г.М  гэгч нь өөрийн төрсөн ээж Ш.Ич-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сандлаар зүүн гар руу нь цохиж улмаар хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би хэт болгоомжгүй байдлаасаа болж нийгэмд байж боломгүй гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж гэмшиж байна. Ээжийнхээ гарт гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ш.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.М  2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 20 минутын орчим босоод хувцсаа өмсөөд эхлэхээр нь би ийм эрт хаачих нь вэ? гэж асуухад аяга сүү олж ирье гээд уурлаад гараад явсан. Тэгтэл 07 цагийн орчим дөрвөлжин савтай сүү, бидний кола ундаатай хамт бариад орж ирээд май энүүгээр цай чана гээд сүүгээ над руу шидэх шахам өгөхөөр нь сайн хартал нэлээд согтуу ороод ирсэн байхаар нь би өчигдөр орой согтуу ирчихээд хар өглөөгүүр хаанаас архи олоод уучихдаг юм бэ? гээд жаахан үглэхэд Г.М  уурлаад над руу давхарлаад тавьсан байсан хуванцар сандал авч шидэхэд намайг арай оноогүй. Тэгээд дараа нь авч орж ирсэн савтай кола ундаагаа гал тогооний өрөөнд авч шидсэн. Тэгэхээр нь би хамаг юм авч шидээд гээд үглэхэд баруун гараа зангидаж байгаад баруун шанааны дээд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд л над руу орилоод дайраад яг цохих гээд байхаар нь зугтаагаад гарах гэтэл намайг хаачих гээд байгаа муу гөлөг вэ гээд арай гарч амжаагүй байхад хана руу намайг шахаад модон сандал бариад далайхаар нь би чи болиоч дээ гээд зүүн гараараа нүүрээ хамгаалаад гараа өргөтөл барьж байсан модон сандлаараа шууд зүүн гар руу цохьчихоод сандлаа шидчихээд цаашаа өрөөнд орсон. Тэгэхээр нь би зугтаагаад хашаанаасаа гартал миний араас хөөж ирээд гарнаас зулгаагаад чирээд байхаар нь хөлөө жийгээд хөндлөн зам дээр хэвтэхэд намайг орхиод гэр рүүгээ орчихоор нь хажуу айл руу орж цагдаа дуудуулсан. Ингээд цагдаа нар ирээд Г.М ыг аваад явсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 17-20, 65 хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.М  нь 2016 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Түүнээс хойш ээждээ голдуу агсан согтуу тавьдаг болсон. Аавтайгаа гайгүй харилцдаг юм шиг байна лээ. Би 2-3 удаа дуудлага өгсөн. Тэр үед ээж нь орилж хашгираад цагдаа дуудаад өгөөч гээд байдаг байсан. Тус өдөр Г.М  намайг зодоод согтуу агсан тавиад байна, миний гар өвдөөд байна гэхээр нь би яасан юм бэ? гэж асуухад Г.М  сандлаар цохьчихсон гэж хэлж байсан. /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.М  ер нь ээжийгээ зоддог юм шиг байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадаа хүн орилоод мөн Г.М ын 5-6 настай хүүхэд нь орж ирээд аав эмээг зодоод байна гэхээр нь тэднийд яваад ортол Гарам-Очир том өрөөндөө суучихсан, үүд хэсэгт нь Г.М  ээж Ичинхорлоогоо зуураад барьчихсан хашгираад байж байсан. /хх-ийн 68-69 хуудас/,

Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.М  нь ээжийгээ гэртээ хаалгаа түгжиж байгаад зоддог юм шиг байна лээ. Гэхдээ аавыгаа нэг их зодож цохиод байдаггүй бөгөөд ээжийгээ л зоддог юм шиг байна лээ. Заримдаа ээж нь Г.М  намайг алах гээд байна гээд манай гэрт ороод ирдэг. Би 2 нялх хүүхэдтэй болохоор манай нөхөр Т л тэднийх рүү орж салгачихаад гарч ирдэг. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Түмэнжаргалын хамт байж байтал гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал Ичинхорлоо гуайг Г.М  үснээс нь зулгаасан байдалтай гэрээсээ гараад ирсэн ба манай нөхөр Түмэнжаргал очиж салгасан. 2017 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна. Мөн гэртээ байж байтал Ш.И гуай манай гэрт орж ирээд Г.М  намайг аллаа, чих рүү алгадчихлаа, дүнгэнээд өвдөөд байна гэж хэлэхэд нь манай нөхөр Түмэнжаргал гэрт нь орж салгасан. /хх-ийн 70-71 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №226 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ш.И-н биед зүүн богтос ясны бяцарсан хугарал, зүүн эрүү, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 25 хуудас/,

Шүүгдэгч Г.М ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 657 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38, 41 хуудас/,

Шүүгдэгч Г.М ын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.М  нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 39-14 тоотод өөрийн төрсөн эх хохирогч Ш.И-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний зүүн гар руу нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.И-н Г.М  нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө нэлээд согтуу ороод ирэхээр нь би өчигдөр орой согтуу ирчихээд хар өглөөгүүр хаанаас архи олоод уучихдаг юм бэ? гээд жаахан үглэхэд Г.М  уурлаад над руу давхарлаад тавьсан байсан хуванцар сандал авч шидэхэд намайг арай оноогүй. Тэгээд над руу орилоод дайраад яг цохих гээд байхаар нь зугтаагаад гарах гэтэл намайг хаачих гээд байгаа муу гөлөг вэ гээд арай гарч амжаагүй байхад намайг хана руу шахаад модон сандал бариад далайхаар нь би чи болиоч дээ гээд зүүн гараараа нүүрээ хамгаалаад гараа өргөтөл барьж байсан модон сандлаараа шууд зүүн гар руу цохьчихоод сандлаа шидчихээд цаашаа өрөөнд орсон. Гэрч Д.О Г.М  нь 2016 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Түүнээс хойш ээждээ голдуу агсан согтуу тавьдаг. Би 2-3 удаа цагдаад дуудлага өгсөн. Тэр үед ээж нь орилж хашгираад цагдаа дуудаад өгөөч гээд байдаг байсан. Тэр өдөр Г.М  намайг зодоод согтуу агсан тавиад байна, миний гар өвдөөд байна гэхээр нь би яасан юм бэ? гэж асуухад Г.М  сандлаар цохьчихсон гэж хэлж байсан. Гэрч А.Т-н Г.М  ер нь ээжийгээ зоддог юм шиг байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадаа хүн орилоод мөн Г.М ын 5-6 настай хүүхэд нь орж ирээд аав эмээг зодоод байна гэхээр нь тэднийд яваад ортол Г том өрөөндөө суучихсан, үүд хэсэгт нь Г.М  ээж И зуураад барьчихсан хашгираад байж байсан. Гэрч Т.Т Г.М  нь ээжийгээ гэртээ хаалгаа түгжиж байгаад зоддог юм шиг байна лээ. Заримдаа ээж нь Г.М  намайг алах гээд байна гээд манай гэрт ороод ирдэг. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Т-н хамт байж байтал гадаа хүн орилоод байхаар нь гараад хартал Ичинхорлоо гуайг Г.М  үснээс нь зулгаасан байдалтай гэрээсээ гараад ирсэн ба манай нөхөр Т очиж салгасан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №226 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.М ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.М  нь ганц бие эцэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.И, гэрч А.Т нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 657 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.М ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.И-н рентгэн зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, сандал 1 ширхэгийг устгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 3, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Далайгүн овогт Г.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ш.И-н рентгэн зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, сандал 1 ширхэгийг устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ