Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00346

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00346

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, Аюуш гудамж, ** тоотод оршин суух, Б овогт М Т,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Карьерын аж ахуйд 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан. Дээрх хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир ажилласан жил тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 371 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5364 дугаартай лавлагааны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь карьерын аж ахуйн даргын 1994 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, баярын бичгийн хуулбар, сайшаалын үнэмлэхийн хуулбар, гэрчилгээний хуулбар, дипломын хуулбар, гэрч Д.Д тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Ч тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Д.Ч, Д.Д нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч М.Т нь Дорноговь аймгийн Карьерын аж ахуйд

1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаанчнаар ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч М.Т нь Дорноговь аймгийн Карьерын аж ахуйд 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл тэрээр Дорноговь аймгийн Карьерын аж ахуйд 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс цахилгаанчнаар томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул М.Т нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт М Т Дорноговь аймгийн Карьерын аж ахуйд 1987 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ