Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 136/шш2024/00198

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ....... дугаар баг, ........ гудамж .........байр ......... тоотод оршин суух А.овогт Л.Ш.,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ........ баг, ...........гудамж .......тоотод оршин суух М.овогт С.Б.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,353,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ш.2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний бие ДГС .......... улсын дугаартай Toёота визт маркийн машинтай арын 3 дугаар бага сургуулийн урд талын засмал зам дээр явж байтал ДГН ...........улсын дугаартай Тоёота акуа маркийн машинтай С.Б. нь засмал зам руу нийлсэн шороон замын уулзвараас хажуугаас орж ирж мөргөн миний машины баруун урд хаалга хонхойж цөмөрсөн, баруун хойд хаалга хонхойж цөмөрсөн урагдаж ханзарсан, хаалганы нугас гажсан, баруун хормой хонхойсон цөмөрсөн, баруун дунд багана цөмөрсөн гэмтэл учруулсан болно. Уг хохирол нь баруун хаалга урд 150,000 төгрөг, баруун хойд хаалга 150,000 төгрөг, нугас 10,000 төгрөг, баруун хормой 60,000 төгрөг, баруун дунд багана 225,000 төгрөг, будах зардал 480,000 төгрөг 480 гр будаг, тус-мат лак 80,000 төгрөг эд анги солих 50,000 төгрөг, машины үнэлгээ 92,000 төгрөг, машинд нийт 1,297,000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн ослын улмаас миний биед гарсан өөрчлөлт болон бэртэл гэмтлийн улмаас тархины доргилт, нурууны гэмтлээр, толгой болон бүсэлхий нуруу хийлгэсэн. Тухайн үед гарсан зардал болох хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 1,421,700 төгрөг, MRI шинжилгээ болох 690,000 төгрөг, хот руу явсан зардал 133,600 төрөг, ажиллаагүй хоногийн цалин 811,229 төгрөг тус тус болсон. Гэтэл С.Б. нь одоо болтол миний хохирлыг барагдуулах нь битгий хэл намайг хэл амаар доромжлон өгөхгүй байна. Иймд С.Б.с гэм хорын хохирол 4,353,529 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б. гаргасан хариу тайлбараа: Л.Ш.н гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота визт маркийн ...........ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хохирлын үнэлгээ 1,297,000 төгрөгийг хариуцахаар хүлээн зөвшөөрч харин ор хоногийн төлбөр 1,421,700 төгрөг, MRI шинжилгээний төлбөр 690,000 төгрөг, замын зардал 133,600 төгрөг, ажиллаагүй өдрийн цалин 811,229 төгрөг зэрэг эдгээр хохирлуудыг хариуцах үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Л.Ш.н нэхэмжлэлтэй С.Б.т холбогдох иргэний хэрэгт 4,353,529 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Л.Ш. нь 2,267,817 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,085,712 төгрөгийг хариуцагч С.Б. нь хүлээн зөвшөөрч тус 2,085,712 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны дотор бүхэлд нь төлөхөөр эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэх, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Л.Ш.н цалингийн хүснэгт, автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, зарлагын баримт, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, амбулаторийн эмчлүүлэгсдийн карт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ш.н нэхэмжлэлтэй С.Б.т холбогдох гэм хорын хохиролд 4,353,52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,267,817 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 2,085,712 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны дотор хариуцагч төлөхөөр эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Л.Ш.н нэхэмжлэлтэй С.Б.т холбогдох гэм хорын хохиролд 4,353,52 төгрөг тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,267,817 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 2,085,712 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны дотор хариуцагч төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,606 төгрөгөөс 42,303 улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б.с 42,303 төгрөг, улсын төсвийн орлогоос 42,303 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Ш.д олгосугай.

3. Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ