Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 130

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Гэрч С.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгч Т.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүдэн овогт Төмөрчөдөрийн Очирсүрэнд холбогдох эрүүгийн 1726000320013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Нүдэн овогт Т.О

Шүүгдэгч Т.О  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Таац” голын дагуу байрлах “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу сумандаа бичил уурхай ажиллуулахаар 2015, 2016 онуудад хүсэлтээ тус тус гаргасан боловч сумаас “Бичил уурхай олборлуулахгүй” гээд зөвшөөрөл өгөөгүй. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин хүсэлтээ өгөхөд сумаас бичил уурхай, ашигт малтмал олборлохыг дэмжинэ гэсэн. Тэгээд би эксковатор болон холбогдох бусад тоног төхөөрөмжүүдээ авсан. Тэгээд тоног төхөөрөмж, техникээ шалгах зорилгоор бичил уурхай, ашигт малтмал олборлох зөвшөөрөл ирээгүй байхад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэхдээ би тэр газраас ямар ч ашиг орлого олоогүй, алт олборлоогүй...” гэв.

Гэрч С.Ж ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Таацын гол”-ын  дагуу хяналт шалгалт хийсэн. Манай шалгалтын бүрэлдэхүүнд хэлтсийн дарга Ганчимэг, жолооч болон миний бие явж байсан. Шалгалтын үед Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Таацын гол” дагуу “Өлзийтийн үүр” гэх газар иргэн Т.О  ашигт малтмал олборлож байсан. Тэгээд би үйл ажиллагааг түр зогсоож, техникийг лацдан харъяаллын дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн...” гэв.

Хохирогч Б.Д\ мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Т.О  гэх иргэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж газрын хөрс эвдэж, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжпийн байгууллагаар хийлгэсэн. ...Т.О  184.000 хохирол барагдуулсан байгаа. Одоо Т.О д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Т.О гийн хууль бусаар ашигт малтмал олборлосноос хойш тухайн газарт очиж үзсэн. Тухайн газар ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй газар байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

Гэрч С. Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан сумын “Таацын гол” дагуу хяналт шалгалт хийсэн. ...Намайг очиход шөнийн 02 цаг 38 минут эксковатор нь газар ухсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метрт үйл ажиллагаа явуулж байсан. ...Иргэн Т.О гийн “DOOSAN 55 V GOLD “маркын эхний эксковатор 003983, 003970 дугаарын лацаар лацадсан. Хоёр дахь эксковатор 003909 дугаарын лацаар лацадсан. Гар аргаар өмнө ухагдсан өртөж эвдэрсэн газар байсан. ...Ганцхан солбицол авсан. 45°32'9" 101 °15*33" метр байгаагүй учир хэмжээгүй. Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч В.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сард санагдаж байна өөрийн эзэмшлийн “Дэевоо/Daewoo/ 55” эксковаторыг Т.О  гэх залуу ах нь гэх залуугийн хамт ирж үзээд 24 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд 24 сая төгрөгөө бэлэн өгөөд оройдоо уг техникийг аваад явсан. Яаралтай хөдөө явах ажилтай байна гээд худалдан авах гэрээг хийж нэрээ шилжүүлэлгүй яваад өгсөн. Тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй бөгөөд хаяа над руу ярьж удахгүй нэрээ шилжүүлнэ гэдэг байсан. Энэ техникийг одоо захиран зарцуулах эрх нь Очирсүрэн гэдэг залууд байгаа. Надад ямар нэг хамааралгүй болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Яллагдагч Т.О гийн: “...Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Өлзийтийн өвөр гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 02 цагаас эхлээд DOOSAN55 v gold эксковатороор ашигт малтмал олборлосон. Ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Уг нуурыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчимд ухсан. ...DOOSAN 55 v gold маркын эксковатороор үйл ажиллагаа явуулсан. ...Монгол улсын эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг уншиж танилцлаа би уг хуулийг ойлгож байна. ...Ашигт малтмал олборлоход ус татах шаардлагатай байсан болохоор голоос 230 метрийн зайтай газар 80 милметрийн диамметртэй шланкаар ус татсан. Honda помп ашиглаж голоос ус татсан. ...Тухайн техникээ ажилуулаад байж байхад буюу удалгүй мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоож эксковаторыг лацадсан юм. Мэргэжлийн хяналтын газрын хүмүүс ирэх үед 4 метрийг харьцах 4 метрийн хэмжээтэй бөөрөнхий газрыг ухаад шороог нь гаргаад байж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “...Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай...” тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/,

“Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-54 дугаар хуудас/,

Хохирол барагдуулсан талаарх баримт /хх-ийн 62 дугаар хуудас/,

№00610443 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,

№01681268 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/, 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай “...Эд хөрөнгө битүүмжилэх тухай...” тогтоол, тэмдэглэл /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.О гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.О гийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Т.О  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Таац” голын дагуу байрлах “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Гэрч С.Ж ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Шалгалтын үед Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг “Таацын гол” дагуу “Өлзийтийн үүр” гэх газар иргэн Т.О  ашигт малтмал олборлож байсан. Тэгээд би үйл ажиллагааг түр зогсоож, техникийг лацдан харъяаллын дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,   хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-н “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Т.О  гэх иргэн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж газрын хөрс эвдэж, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжпийн байгууллагаар хийлгэсэн. ...Тухайн газар ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй газар байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31/, гэрч С. Жавхлантын “...Намайг очиход шөнийн 02 цаг 38 минут эксковатор нь газар ухсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метрт үйл ажиллагаа явуулж байсан. ...Иргэн Т.О гийн “DOOSAN 55 V GOLD” маркын эхний эксковатор 003983, 003970 дугаарын лацаар лацадсан. Хоёр дахь эксковатор 003909 дугаарын лацаар лацадсан. ... Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч В.Гантулгын “...2016 оны 06 дугаар сард санагдаж байна өөрийн эзэмшлийн “Дэевоо/Daewoo/ 55” эксковаторыг Т.О  гэх залуу ах нь гэх залуугийн хамт ирж үзээд 24 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд 24 сая төгрөгөө бэлэн өгөөд оройдоо уг техникийг аваад явсан. Яаралтай хөдөө явах ажилтай байна гээд худалдан авах гэрээг хийж нэрээ шилжүүлэлгүй яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, Яллагдагч Т.О гийн: “... Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг Өлзийтийн өвөр гэх газар 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 02 цагаас эхлээд DOOSAN55 v gold эксковатороор ашигт малтмал олборлосон. Ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Уг нуурыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн орчимд ухсан. ...DOOSAN 55 v gold маркынэксковатороор үйл ажиллагаа явуулсан. ...Ашигт малтмал олборлоход ус татах шаардлагатай байсан болохоор голоос 230 метрийн зайтай газар 80 милметрийн диамметртэй шланкаар ус татсан. Honda помп ашиглаж голоос ус татсан. ...Тухайн техникээ ажлуулаад байж байхад буюу удалгүй мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж үйл ажиллагааг зогсоож эксковаторыг лацадсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “...Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай...” тогтоол /хх-ийн 21/, “Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17/025 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-54/, Хохирол барагдуулсан талаарх баримт /хх-ийн 62/, №00610443 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн  68/, №01681268 дугаартай тээвийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 103/, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай “...Эд хөрөнгө битүүмжилэх тухай...” тогтоол, тэмдэглэл /хх-ийн 100-101/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Нүдэн овогт Т.О-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.О д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Т.О  нь цагдан хоригдсон хоноггүй, газрын хохирлын үнэлгээ болох 184.000 төгрөгийг хохирогчид төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг,

Шүүгдэгч Т.О гээс AF7641928 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг. 

Шүүгдэгч Т.О д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүдэн овогт Төмөрчөдөрийн Очирсүрэнг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нүдэн овогт Т.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Нүдэн овогт Т.О-д  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Т.О г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Т.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 184.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт  хураагдаж ирсэн эд мөрийн баримт эд зүйл, бичиг баримтгүй  болохыг тус тус дурьдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Т.О гээс AF7641928 серийн дугаартай 10.000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О д   авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.О д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР