Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 16-ны өдөр                        2022/ДШМ/42                        Хэрлэн сум

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0042/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлээр Л.Б-т холбогдох эрүүгийн 2239000000057 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  Л.Б- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны 23 цагийн үед морин уналга ашиглан Ц.Ч-гийн адуун сүргээс 1 тооны халиун зүсмийн зөв талынхаа гуяан дээр нар саран тамгатай адууг хулгайлж Ц.Ч-д 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Б-ыг бусдын малыг хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-ыг тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Л.Б-т анхааруулж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Б-ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан халиун зүсмийн адууны арьс 1 ширхэг, 6 хувааж жижиглэсэн халиун зүсмийн адууны толгойны арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн соёолон насны морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Чулуунпүрэвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төлүүлэхүйц байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх дүгнэлтэд шүүгдэгч Л.Б- нь хохирогч Ц.Ч-гийн 1 тооны адууг хулгайлахдаа хээр зүсмийн соёолон насны морь унаж явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул морины үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр зүсмийн соёолон насны морины үнэ 1.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ морин уналга ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн тухайн морь нь шүүгдэгч Л.Б-ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураахгүйгээр, үнийг гаргуулж шийдвэрлэсэн, мөн морины үнийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

1. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу морины үнэлгээний талаар анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 206 дугаартай “шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамж гаргасан тул нэмж хэлэх зүйл байхгүй.

2. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хууль хэрэглээний хувьд 2 өөрөөр тайлбарлаж хэрэглэх тохиолдол практикт гарч байгаа тул хуулийг нэг мөр хэрэглүүлэхээр эсэргүүцэл бичсэн юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ морин уналга ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн тухайн морь нь шүүгдэгч Л.Б-ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураахгүйгээр, үнийг гаргуулж шийдвэрлэсэн мөн морины үнийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч  Л.Б- нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 16-ны 23 цагийн үед морин уналга ашиглан Ц.Ч-гийн адуун сүргээс 1 тооны халиун зүсмийн морийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 хуудас/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-08 хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 хуудас/,

 

- Хохирогч Ц.Ч-гийн өгсөн: “...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг “У” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө халиун морио алдсан. Тухайн үедээ би ойр орчмоор нь хайгаад олоогүй. Миний морь зөв талынхаа гуяан дээр нар саран тамгатай бүдүүн морь байсан. ...алдсан адуугаа 2.000.000  төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 хуудас/,

 

- Гэрч Я.Б-н өгсөн: “...Манай нөхөр Л.Б- 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой гэрийнхээ гадна өөрийнхөө зээрд морийг уначихсан халиун зүсмийн морь тууж ирээд гэрийнхээ гадаа махалсан. Л.Б- нь ганцаараа тууж ирээд ганцаараа махалсан, хэний морь байсныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 хуудас/,  

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШД-32 дугаартай “зээрд зүсмийн соёолон адууны зах зээлийн үнэлгээ 1.200.000 төгрөг байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 хуудас/,

 

- Л.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг “У” гэх газарт хүрэн үрээ, халиун зүсмийн морь байхаар нь халиун зүсмийн морийг нь өөрийн зээрд зүсмийн соёолон насны морио унаад гэрийнхээ гадаа хөөж авчраад хашаандаа хашиж байгаад ганцаараа ажиллаж махыг нь энэ өвлийнхөө идшинд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн  зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч Л.Б-ыг бусдын малыг  хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Б-  гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан зээрд зүсмийн соёолон насны морь нь түүний өөрийн өмчлөлийн морь байсан ба одоо өөрт нь байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураахгүйгээр, морины үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан  ба шүүх Л.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан морийг хураахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх  заалтыг баримталсан нь буруу гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.  

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 2022/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолд  прокурорын бичсэн эсэргүүцлийг шүүх  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 50 минутад  хүлээн авсны дараа буюу  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 53 минутад шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Жавхлан шүүхийн шийдвэрт залруулга хийлгэх тухай хүсэлт гаргасан байна.

 

Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь  “шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнийг гаргуулахдаа 1000000 төгрөг гэж буруу шийдвэрлэсэн” гэсэн прокурорын эсэргүүцэлд дурьдагдсантай адил агуулгатай байна.

 

Шүүх өмгөөлөгч  Б.Жавхлангийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2022/ШЗ/206 дугаартай “шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамж гаргасан нь /хавтаст хэргийн 114-115 хуудас/ ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт ямар алдааг хэрхэн яаж залруулсныг тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулснаар шүүхийн шийдвэрт залруулга хийгдсэн гэж үзэх байтал шүүх шүүгчийн захирамж гаргасны дараа дахин шийтгэх тогтоол гаргасан / хавтаст хэргийн 118-122 хуудас/ нь буруу байгааг магадлалд дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  халиун зүсмийн адууны арьс 1 ширхэг, 6 хувааж жижиглэсэн халиун зүсмийн адууны толгойны арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хээр зүсмийн соёолон насны морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Чулуунпүрэвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэснийг   “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг зааснаар Л.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн соёолон насны морийг хурааж, улсын орлого болгон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан халиун зүсмийн адууны арьс 1 ширхэг, 6 хувааж жижиглэсэн халиун зүсмийн адууны толгойны арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хяналтын прокурор  Д.Чулуунпүрэвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн  06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №09 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.  Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

           

                                                                                 Г.БОЛОРМАА