Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/00918

 

Г.Даваажаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэр,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар магадлалтай,

Г.Даваажаргалын нэхэмжлэлтэй

Ч.Эрдэнэбаатарт холбогдох

1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Эрдэнэбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүгүй аваад энэ өдрөөс хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ч үндсэн төлбөрийн 1 000 000  төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин 2 000 000 төгрөг хүүгүй 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл аваад энэ өдрөөс хойш биелэгдээгүй үнийн дүнгийн 0,5 хоногт алданги төлөхөөр тохиролцсон байсан. Нэгэнт зээлдэгч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учир алданги гаргуулан авна. Ч.Эрдэнэбаатарт 3 000 000 төгрөг зээлсэн тул алдангид 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Даваажаргалаас 3 000 000 төгрөг зээлж аваад 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 3 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөгийг түүний нөхөр н.Баттулгын данс руу шилжүүлэхдээ Г.Даваажаргалд утсаар “нөхрийн чинь данс руу нийт 3 000 000 төгрөг шилжүүлсэн, тооцоо үүгээр дууссан шүү” гэж хэлсэн. Гэвч Г.Даваажаргал нь миний танил М.Нармандахаас 1 000 000 төгрөг зээлсэн байсан бөгөөд М.Нармандах нь Г.Даваажаргалаас зээлүүлсэн мөнгөө нэхэж эхлэхэд тэр мөнгийг надаас гаргуулж өгөх гэж байгаа нь тодорхой, баримтаар нотлогдоно. Г.Даваажаргалын надтай тохирч хүү тооцохгүй гэж хэлсэн ч хүнээс зээлж авсан мөнгөө надаас гаргуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Даваажаргал нөхрөө ажилд оруулж өгөөч гээд 3 000 000 төгрөг өгсөн. Мөнгийг авахдаа баталгаа болгож баримт үйлдсэн ч мөнгийг цааш нь хүнд дамжуулж өгсөн. Хүн ажил бүтээж өгнө гэсэн тул хүлээж л байсан. Эд нар ч гэсэн асуугаад л явж байсан. 2016 оны 02 дугаар сард цагаан сарын дараа “3 000 000 төгрөгөө авъя” гэсэн тул буцааж өгсөн. Би мөнгө зээлж аваагүй. М.Нармандах эгчээс 1 000 000 төгрөг зээлж аваад өгөөгүй байгаа юм билээ. М.Нармандахад өгөх мөнгөө надаас гаргуулах гээд байна гэж ойлгож байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Г.Даваажаргалын 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Г.Даваажаргалын 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...зааснаар хариуцагч Ч.Эрдэнэбаатараас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваажаргалд олгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэбаатараас 38 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваажаргалд олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй гэсэн шийдвэрийг зөв үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын тохиролцоог зөв тайлбарласан боловч эрх зүйн үр дагаврыг оновчтой тодорхойлж чадаагүй, давж заалдах шатны шүүх гэрээний хэлбэрийг дүгнэхийн зэрэгцээ агуулгыг нь анхаараагүйгээс тус тус хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй алдаа гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул талуудын хооронд үүссэн харилцааг зуучлалын гэрээ гэж үзсэнийг зөвтгөж, дүгнэх замаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Даваажаргал нь хариуцагч Ч.Эрдэнэбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт алданги 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна. Зохигчид 3 000 000 төгрөгийг авсан, буцааж төлсөн талаар маргаагүй, харин алданги төлөх эсэхийг маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай тус тус хүүгүй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногт, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бичгийн гэрээ байгуулагджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 3 000 000 төгрөгийг зээлэх зорилгоор бус нэхэмжлэгчийн нөхрийг ажилд оруулахын тулд өгч авсан болохоо хэн аль нь хүлээн зөвшөөрснөөс үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл үгүйсгэгдсэн байна.

Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасан бөгөөд ажилд оруулахын тулд бусдад мөнгө өгөх талуудын тохиролцоо хууль ёсны хүчин төгөлдөр хэлцэл болж чадахгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хориглох тухай зохицуулалт нь заавал биелүүлэх эрхийн хэм хэмжээ юм.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь талууд гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх бөгөөд хариуцагч Ч.Эрдэнэбаатар 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Даваажаргалд буцааж өгсөн байна. Харин гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Иймд хариуцагч Ч.Эрдэнэбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч Г.Даваажаргал нь зээлийн гэрээний дагуу Ч.Эрдэнэбаатараас алданги шаардах эрхгүй тул 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын  13-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Эрдэнэбаатараас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 39 500 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.       

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

         ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА