Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0879

 

                                                             “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                            захиргааны хэргийн тухай                         

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.1, 58 дугаар зүйлийн 58.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Г” ХХКийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Тухайн шүүх хуралдааны товыг 2 цагийн өмнө мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг хол, маш их ажилтай байсан тул тэр даруйд очих боломж гараагүй. Мөн Ч.Б-ийн гаргасан хүсэлтэд Татварын ерөнхий газрын сургалтын төвийн албан бичигт “Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг бататгах шалгалт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад болохыг харгалзан үзсэнгүй.

Хариуцаж ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргасны дагуу өөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр солигдож байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож байгааг тухайн шүүгчийн туслахад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь тухайн хяналт шалгалтад дахин хянан шалгалт хийсэн үү эсвэл үргэлжлүүлэн шалгалт хийсэн үү гэдгийг тогтоогоогүй, баримт бичгийг цуглуулаагүй. Мөн эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтаар цуглуулаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан нотлох баримтыг шинээр цуглуулан үнэлүүлж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Заяахишиг, Д.Дашдорж нар “Г” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/5-8014 дүгээр албан бичиг, хэлтсийн даргын 10 дугаар сарын 10-ны өдрийн 0661 дүгээр томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 215,042.4 мянган төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд Татварын улсын байцаагчийн 340027 дугаар дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар, мөн өдрийн 342489 дүгээр актаар 45,647.5 мянган төгрөгийн зөрчилд 125.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,309.2 мянган төгрөгийн торгууль, 1,916.1 мянган төгрөгийн алданги, нийт 5,350.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэр бүхий аж ахуйн нэгжүүд хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан татвар ногдуулах орлогыг буруулсан гэх үндэслэлээр 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 168 дугаартай прокурорын тогтоолоор ““Г” ХХК нь “Хаан шилтгээн хатан сэнтий” ХХК, “Мандах өргөх” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 215,042.4 төгрөгийн хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн, ногдох татвар 21,504.2 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн” гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нар “Г” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хийж, “Г” ХХК нь “Мандал өргөх” ХХК, “Хаан шилтгээн хатан сэнтий” ХХК-иудын хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч татварт тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэн 215,042.4 мянган төгрөгийн зөрчилд 21,504.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

“Г” ХХК нь “Мандал өргөх” ХХК, “Хаан шилтгээн хатан сэнтий” ХХК-иудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 215,042.4 төгрөгийн хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг шалгаж тогтоон 2012 онд 340027 дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Татварын ерөнхий газрын 90000603 тоот дансанд 21,504.2 мянган төгрөгийг төлсөн байхад тухайн зөрчилд 2016 онд дахин татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд татварын улсын байцаагч нар татвар төлөгч өмнө шалгалтаар илэрсэн зөрчилд ногдох татвараа төлсөн тохиолдолд дахин хяналт шалгалт явуулж акт ногдуулахгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна. 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б нь давж заалдах гомдолдоо “...Ч.Б-ийн гаргасан хүсэлтэд Татварын ерөнхий газрын сургалтын төвийн албан бичигт мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг бататгах шалгалт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт болохыг харгалзаж үзсэнгүй” гэж дурдсан ба хариуцагч татварын улсын байцаагч Ч.Б-ийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтыг үзвэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг зөв тайлбарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул дээрх гомдлыг хүлээн авахааргүй байна.

Түүнчлэн хариуцагч нараас өмгөөлөгч авсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулж  байгаа талаарх баримт, бичгээр шүүхэд гаргасан хүсэлт байхгүй, эрүүгийн хэргээс нотлох баримт дутуу цуглуулсан гэх боловч энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тул анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                                                               Э.ХАЛИУНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                               Ц.САЙХАНТУЯА