Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 674

 

      

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Д.М би Н.Б-тай 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Бнь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 11 500 000 төгрөг нь 100 хоногийн алданги, үндсэн зээлийн 20 000 000 төгрөг, түүний хүү болох 3 000 000 төгрөгийн хамт нийт 34 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг барьцааны гэрээ гэж тайлбарлаж байна. Тухайн өдөр Н.Б-тай барьцааны гэрээ огт байгуулаагүй. Энэ гэрээгээр мөн бүх зээлээ хааж дууссан гэж тайлбарлаж байна. Хааж дууссан юм яагаад 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахиад 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад байгаа юм. Уг зээлээс 8 000 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Б2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авсан тухайд маргах зүйлгүй болно. 20 000 000 төгрөгийг бэлнээр биш дансаар авсан. Нэхэмжлэгчийн данс руу 8 000 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээ бол худалдах, худалдан авах гэрээ биш 20 000 000 төгрөгийн барьцааны гэрээ юм. Мөн энэ гэрээний дагуу Н.Ббүх зээлээ Д.Мөнхжаргалд төлж дуусган энэ байрыг Д.Мөнхжаргалд өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Б-гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 / хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 270 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн үед буюу нотариатын хажууд бэлнээр мөнгө өгөөгүй болох нь гэрч Б.Алтанцоож, зохигчийн тайлбараар нотлогдож байна. Мөнгө өгсөн гэх баримтыг дэмжсэн нэмэлт нотлох баримт, тухайн баримтыг үйлдсэн хүмүүсийн тайлбараар нотлогдох ёстой. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “мөнгө бэлнээр өгсөн” мэт бичиглэл байгаа боловч тухайн үед мөнгийг бэлнээр өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийсэн өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 3 хороо, 50 мянгат 15 байр, 23 тоот хаягт байрлах, 30 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа хэлбэрээр шилжүүлсэн. Харин дараагаар нь зээлийн төлбөрт тооцож өгсөн гэх тайлбар, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг Н.Мөнхбатын зээлийн төлбөрт тооцож авсан гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан. Иймд Н.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг авч маргаан бүхий асуудлыг тодруулах байсан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч эд хөрөнгийг захиран зарцуулж гуравдагч этгээдэд шилжүүлсэн болох нь шүүх хуралдааны явцад нотлогдсон. Иймд зээлийн төлбөрт тооцож авсан болох нь нотлогдож байгаа. Талууд эд хөрөнгийн тооцсон үнийн талаар маргаантай бол үнэлгээ тогтоолгох шаардлагатай байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

            Талууд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Д.М нь 20 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-4/

           Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч 20 000 000 төгрөг хүлээн авсан үйл баримтад зохигчид маргаангүй, харин хариуцагч “мөнгөн хөрөнгийг хэрхэн шилжүүлсэн болон нэхэмжлэгчид барьцаа хэлбэрээр үл хөдлөх хөрөнгийг тооцон өгсөн, хожим зээлийн төлбөрт тооцож, дуусгавар болгосон” гэх агуулгатай тайлбар гарган маргажээ. 

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцүүлэн дүгнэсэн байна. 

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул хэн аль нь үүргээ биелүүлэх буюу үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

           Хариуцагч Н.Бнь мөнгөн хөрөнгө зээлэх, нэхэмжлэгч Д.М нь зээлдүүлэх талаар хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэн, харилцан тохиролцож, 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь зээлийн гэрээний ар талд “20 000 төгрөг Х 1000=20 000 000₮ бэлнээр хүлээж авлаа 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр” гэсэн бичвэр, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх4/  Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Хариуцагч нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт болон нэхэмжлэгчийн гаргасан “үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлээгүй” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй тул энэ талаарх татгалзал үндэслэлгүй.

            2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Н.Бнь нийт 23 000 000 төгрөг төлөхөөс 8 000 000 төгрөг төлсөн байх тул үлдэх зээл, хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага болох гэрээгээр тохирсны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан зээлийн гэрээ, дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагчаас нийт 22 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Н.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг аваагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

            Шүүх Н.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 9790 дугаар захирамжаар ханган шийдвэрлэсэн боловч тухайн этгээд нь Монгол Улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа байх тул шүүгчийн 2019 оны 12 дугаар дугаар сарын 20-ны өдөр 10550 дугаар захирамжаар хүсэлтийг “Монгол Улсын Олон Улсын гэрээ Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу гэрчийн мэдүүлэг авах боломжгүй, Н.Мөнхбат нь БНХАУ-ын Хлингол хот, Ижшмигин баянхуа, баруун талд 18 байрны 79 тоот хаягт байнгын оршин суудаг эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                    

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

                                                                                   Д.БАЙГАЛМАА