Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 06 сарын 16-ны өдөр                        2022/ДШМ/43                             Хэрлэн сум

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0043

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Б.Г-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлээр Б.Г-т холбогдох эрүүгийн 2239000000038 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Х” гэх газраас Д.Э-ы өмчлөлийн зөв гуяндаа босоо дарсан буйлан тамгатай сартай хонгор зүсмийн эр даагыг морин уналга ашиглан хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б.Г-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 8 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гарахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ морин уналга ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, тухайн морь нь шүүгдэгч Б.Г-ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураахгүйгээр, үнийг гаргуулж шийдвэрлэсэн, мөн морины үнийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэсэн хуулийн заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг улсын орлогод шилжүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг Б.Г-т хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн. Шүүгдэгч Б.Г- нь уг морийг үрэгдүүлээгүй, бусдад шилжүүлээгүй байгаа” гэв.

 

Шүүгдэгч Б.Г- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Х” гэх газраас Д.Э-ы эр даагыг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 хуудас/,

 

- Хохирогч Д.Э-ы Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 06 хуудас/,

 

- Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 хуудас/,

 

- Хэргийн газрын схем зураг /хавтаст хэргийн 11 хуудас/,

 

- Хохирогч Д.Э-ы өгсөн: “...Манай 9 тооны адуу төрсөн ах Э-н хүрэн халзан азаргатай адуунд байдаг юм. Э ах оторт яваад би адууг нь өөрийнхөө адуутай 11 сарын сүүлээр харж үлдсэн. Би адуугаа 12 дугаар сарын 11-нд бүртгээд 15-ны өдөр бүртгэхэд босоо дарсан буйлан тамгатай, сартай хонгор зүсмийн эр даага байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 хуудас/,

 

- Гэрч О.М-н өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 13-ны орой намайг гэртээ байхад Б.Г- над руу залгаад “аав, ээж байхгүй байна, ирээд даагаа авчих” гэж хэлэхээр нь би очсон. Б.Г- надад хонгор зүсмийн эр даага өгөхөөр нь би авч яваад маргааш нь адуундаа нийлүүлээд хэд хоногийн дараа Б ахтай ажиллаад Б ах махыг нь заруулахаар сумын төв рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 хуудас/

 

- Гэрч О.Б-н өгсөн: “...Манай дүү Мө бид хоёр гэрээрээ дуран, хутганы гэр, монгол гутал хийж зардаг. 2021 оны 07 дугаар сарын үеэр манай дүүгийн найз Б.Г- дүү бид хоёроос нэг дурангийн гэр даага өгнө гэж хэлээд худалдаж авсан. ...2021 оны 12 дугаар сарын дундуур манай дүү М Б.Г-аас хонгор халзан эр даага авсан байсан. Тухайн даага адуунд маань ижилсэж өгөхгүй, мөн бид хоёрт мөнгөний хэрэг гараад байсан учир дүү бид хоёр даагыг ажиллаад би махыг нь авч яваад ченжид 315.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 хуудас/,

 

Гэрч А.М-н өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Батноров сумын 3 дугаар багийн иргэн Б нь 1 тооны адууны махыг ...1060224 кодтой бичигтэй өгсөн байна. Тухайн үед 351.000 төгрөгийг Б-н дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 хуудас/,

 

Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШД50 дугаартай: “...хүрэн зүсмийн хязаалан насны адууны зах зээлийн үнэлгээ 1.200.000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 хуудас/,  

 

- Яллагдагчаар Б.Г-ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Х” урд хэсэгт байсан хүрэн халзан азаргатай адуунаас сартай хонгор зүсмийн эр даагыг тасалж хөөж авчраад өөрийн адуундаа нийлүүлсэн. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш М-г дуудаад хонь, дурангийн гэр хоёрынхоо өртгөнд өгөөд явуулсан. Би тухайн даагыг М-т миний даага байгаа юм гэж хэлээд өөрийнхөө адуунаас барьж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Г-ыг бусдын малыг хулгайлах  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

  • Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн хүрэн зүсмийн хязаалан насны морийг уналга болгон ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон  байхад шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг хураахгүйгээр, морины үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна

 

Шүүх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан  ба шүүх Б.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан морийг хураахдаа зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх  заалтыг баримталсан нь буруу гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна. 

 

-  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-т Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс гаргахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Хэнтий аймгийн Батноров сумын төв нь 6 дугаар багт харъяалагддаг байх ба Б.Г- нь Батноров сумын 4 багт оршин суудаг,  мал бүхий иргэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр эргэлзээгүй биелэгдэх хүрээнд  түүнд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багаас гарахгүй байх үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иймд  дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” Гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг зааснаар Б.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан  насны морийг хурааж, улсын орлого болгосугай.” гэж,

 

- 2 дахь заалтын “Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс” гэснийг “Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багаас” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №07 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

           

                                                                                 Г.БОЛОРМАА