| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00226/И |
| Дугаар | 136/ШШ2024/00329 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 136/ШШ2024/00329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: У* хот, Б*дүүрэг, * хороо, С* гудамж * тоотод байрлах, М*,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, *аг, *байр,*тоотод оршин суух, Ж* овогт Д* Э*
Нэхэмжлэлийн шаардлага: 872,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Н*,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М* нь Д.Э*аас 872,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Түрээслүүлэгч буюу У*нь хариуцагч Д.Э*т 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ТГ/22/370 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулж манай нийгэмлэгийн газарт өөрийн өмчлөлийн дэлгүүр буюу зөөврийн сууцыг байршуулан түрээсээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.
Дээрх түрээсийн гэрээний 8.4.11 дэх заалтад түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсон, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсийн хөрөнгийг 5 хоногийн дотор түрээслүүлэгчид актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Д.Э* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цуцлах хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй дэлгүүрээ байршуулсаар байна.
Бид Д.Э* нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байсан тул 2023 оны 09 сарын 22-ны өдөр танай шүүхэд 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 09 сарын 20-ны өдрийн хоорондох түрээсийн төлбөр, алдангид нийт 1,650,200 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба Д.Э*нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг шүүгч 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/005* дугаартай захирамжаар баталж шийдвэрлэсэн. Улмаар Д.Э*нь шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр, алдангид нийт 1,625,200 төгрөгийг 2023 оны 11 сарын 30-ны өдөр манай нийгэмлэгт бүрэн төлж барагдуулсан боловч 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш дээр дурдсанчлан түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Түрээсийн хөрөнгийг бидний эзэмшилд буцааж өгөхгүй байсан учраас бидний зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э*2 шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт 1 дүгээрт нь манай түрээсийн хөрөнгийг чөлөөлж, бид нарын эзэмшил ашиглалтад буцаан шилжүүлж өгнө үү. 2 дахь зүйл нь дээрх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр гэж гараад байгааг төлнө үү гэдэг шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.Э*н хувьд манай хөрөнгийг чөлөөлж өгсөн.
Хэрэв Д.Э* нь манай нийгэмлэгийн эзэмшлийн хөрөнгийг түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор чөлөөлж өгсөн байсан бол бид тус хөрөнгийг бусдад түрээслэн ашиг орлого олох бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг нэг сарын 120,000 төгрөгөөр бусдад түрээслэн ашиг орлого олох боломжтой байсан юм. Иймд Д.Эр*с 2024 оны 09 арын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг бусдад түрээслэн У*-ийн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Газрын тухайд түрээсийн зүйл болсон 12м2 газар гэдэг нь үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийг газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу У*ашиглаж байгаа. Энэхүү ашиглах эрхтэй газрыг гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар ашиглуулах, түрээслэх зэргийг хориглосон заалт байхгүй. Ямар ч хуулиар хориглоогүй. Магадгүй тусгай хэрэгцээний, ойн сан бүхий тохиолдолд хязгаарлагдмал буюу төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр дамжуулан ашиглуулах байдал гарч магадгүй. Энэ 12м2 квадрат газрыг бусдад ашиглуулахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Бид нар гэрээний дагуу ашиглах, ашиглуулах бүрэн эрхтэй. Хориглосон зохицуулалт байхгүй.
Ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагын хууль эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардана гэж заасан. Тэгэхээр түрээслэгч тал буюу хариуцагч Д.Э*ын зүгээс түрээсийн хөрөнгийг буцааж манайд өгөөгүй учраас Иргэний хуулийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нийгэмлэг шаардах эрхтэй байгаа юм гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5х/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3х/, итгэмжлэл /хх-6х/, дансны хуулга /хх-78х/, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/0* дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-9-11х/, түрээсийн гэрээ /хх-12-18х/, түрээсийн хөрөнгийн план зураг /хх-19х/, түрээсийн төлбөрийн хуваарь /хх-20х/, хариуцагчийн түрээсийн талбайг чөлөөлөх тухай өргөдөл /хх-21х/, У*ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ /хх-41х/, Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар /42-44х/, У*мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-56х/, итгэмжлэл /хх-57х/, * У* *дүрэм /хх-59х-60/, нийгэмлэгийн үйл ажиллагааны хугацаа ба түүнийг татах буулгах тухай /хх-61х/, төлөөлөгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а. Иймд Д.Э*с 2024 оны 09 арын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг бусдад түрээслэн У*-ийн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Д.Э*т нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 сарын 16-ны өдөр гардуулж 05 сарын 30-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан. Хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй болно.
4.Хэргийг 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 136/ШЗ2024/00*дугаар захирамжаар 06 сарын 18-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар захирамж гарч талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул талуудын мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
2024 оны 08 сарын 06-ны өдрийн 136/ШЗ2024/0*дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 14:00 цагт товлож талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хариуцагч Д.Э* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
5.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.*У*, Д.Э* нар Сайншанд өртөөний зорчигчийн тавцан дахь 1* бүртгэлийн дугаартай, түрээслэгчийн эд хөрөнгө болох 12м2 талбай бүхий дэлгүүр байрлах *гэрчилгээний дугаартай газарт дэлгүүрийн зориулалтаар ажиллуулах зөөврийн сууцыг байрлуулан ашиглахаар тохиролцжээ.
7.У*нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2014 оны 11 сарын 21-ний өдрийн А/397 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын * дугаар бүхий 231,4га газрыг хугацаагүй сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр зам дагуу газар төмөр замын зурвас газар зориулалтаар ашиглахаар Монгол Улсын Газар ашиглах*дугаартай гэрчилгээ авчээ.
8.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна, газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглохоор, Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулахаар Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3, 102.5-д,
9.Газрын тухай хуулийн
3 дугаар зүйлийн 3.1.4."газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;
3.1.8."газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг,
5 дугаар зүйлийн 5.1.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж,
6 дугаар зүйлийн 6.3.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж тус тус зохицуулжээ.
10.Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл 000342954 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээтэй Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь зөвшөөрөл бүхий газраа Сайншанд сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр зам дагуух газрыг төмөр замын зурвас зориулалтаар ашиглахаас өөр зориулалтаар ашиглахыг хориглосон гэж ойлгоно.
11.Түүнчлэн Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагчид газар эзэмшигчид олгодог эрх үүргийг эдлүүлэхдээ газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болох эрхийг олгоогүй байна.
12.Газар ашиглах эрхийн гэрчилгээтэй этгээд хуулиар эрх олгоогүй, хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчиж бусадтай гэрээ байгуулсан нь шаардах эрх үүсгэх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл *У*нь зөвшөөрөл бүхий газраа сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр зам дагуух газрыг төмөр замын зурвас зориулалтаас өөр зориулалтаар ашиглуулахаар бусадтай тохиролцох, олох ёстой байсан ашиг шаардах эрхгүй юм.
13.Иймд нэхэмжлэгч *У*төмөр зам-ын нэхэмжлэлтэй Д.Э*т холбогдох 872,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т заасныг баримтлан *У*-ын Д.Э*с 872,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ