Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/01611

 

 

2024 03 22 101/ШШ2024/01611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дугаар давхарт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, ****тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

1,410,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* ХХК нь Б.*******тэй 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гар утас тоног төхөөрөмж худалдах авах гэрээ байгуулсан. Б.*******гийн эзэмшдэг ******* хэрэглээний дугаарыг үндэслэн самсунг А52 гар утсыг 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл нийт 24 сарын хугацаатай лизинг олгосон байдаг. Б.******* нь уг лизингийн төлбөр, сарын хэрэглээний зээлийн төлбөрийг сар сард нь төлж явах үүргээ 2022 оны 4 дүгээр сараас хойш биелүүлээгүй. Гэрээний хугацаа 2024 оны 1 дүгээр сард дууссан байдаг. ******* ХХК-ийн зүгээс хариуцагч Б.*******тэй байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зүйлийг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд гар утасны лизингийн төлөгдөөгүй үнийн дүнгийн үлдэгдэл болох 1,339,500 төгрөг, мөн гэрээний 5.5-т заасан хоногт тутамд төлөгдөөгүй хүү 0.3 хувь, алданги тооцсон хүү 371,250 төгрөг, нийт 1,410,750 төгрөгийг хариуцагч Б.*******гээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Юниел ХХК-иас Д.*******т олгосон итгэмжлэл, ******* ХХК-ийн Б.*******тэй байгуулсан гар утас худалдах худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, ******* ХХК-ийн 2005.12.29-ний өдрийн ******* дугаартай гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гар утас тоног төхөөрөмж худалдах авах гэрээг цуцалж, ******* хэрэглээний дугаарыг үндэслэн самсунг А52 гар утсыг 2022 оны 1 дүгээр сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэл нийт 24 сарын хугацаатай лизингийн төлбөрт 1,410,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.

4. Хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.

5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,

42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,

42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,

42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

7. Талууд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролж, ******* ХХК 1,188,000 төгрөгийн үнэлгээтэй А52 гар утсыг ******* дугаарын хэрэглэгч Б.*******д худалдсан байх ба худалдан авагч нь сард 49,500 төгрөгийн төлөлттэй 24 сарын хугацаатай хугацаатай, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээний 5.5-т заасан хоногт тутамд төлөгдөөгүй хүү 0.3 хувь хүү төлөх нөхцөлтэйгээр Гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулжээ.

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь үүрийн телефоны үйлчилгээ түүнд холбогдох нэмэлт үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон ******* дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан гэрээ нь Ирэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

9. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээс 49,500 төгрөгөөр 3 удаа төлөлт хийж, нийт 148,500 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн төлбөр нийт 1,039,500 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн нэхэмжлэгч тайларласан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, талуудын байгуулсан гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн тул 1,039,500 төгрөгийг алданги 371,250 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

10. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.

11. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйилйн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.*******гээс 1,410,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 37,522 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА