Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 614

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 29 157 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хариуцагч “Н” ХХК-д нийт 33 793 060 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч компаниас хүлээн авсан барааны төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдан, нэхэмжлэгч нь нийт 9 671 000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч компанид нийлүүлсэн боловч хариуцагч 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 4 331 000 төгрөгийг төлж үлдэгдэл 5 340 000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, үүний алданги 2 670 000 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5 934 000 төгрөгийн хуванцар цонхны бэлдэцийг хариуцагчид нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн, мөн алданги 2 967 000 төгрөг болж байна. Талуудын хооронд үлдэх 18 188 060 төгрөгт аман байдлаар гэрээ байгуулж, бараа нийлүүлсний дараа төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч одоог хүртэл дээрх үнийн бүх хүлээн авсан барааны төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч Метропласт ХХК-ийн зүгээс удаа дараа хүлээн авсан барааны төлбөрөө төлж бүрэн төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд талуудын эрх бүхий хүмүүс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, Нямсүлд ХХК нь Метропласт ХХК-иас нийт гэрээнүүдийн үнийн дүнд 33 793 060 төгрөгийн бараа хүлээн авч, 10 273 060 төгрөг төлсөн, үлдэгдэл 23 520 000 төгрөг болохыг харилцан баталж, акт үйлдэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан худапдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөг, алданги нийт 5 637 000 төгрөг, нийт 29 157 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан худапдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг хариуцагч компанийн захирал нь хүлээн зөвшөөрч байгаа учраас маргахгүй. Алдангийн хувьд гэрээний заалтыг ярьж байгаа ч тухайн компанид энэ мөнгийг төлөөгүй байснаар ямар хохирол учирсан бэ гэдгийг нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан тул энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр гэрээнд алданги төлөхөөр заасан боловч энэ талаараа шаардлагадаа дурдаагүй учраас хангах боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 29 157 000 гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.1-д зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжпэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23 520 000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан тул энэ төлбөрийг төлөх боломжтой юм.

Хэдийгээр гэрээндээ алданги төлөхөөр заасан боловч энэ талаар шаардлагадаа дурдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн тул шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт хариуцагч “Н” ХХК-аас 23 520 000 гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан худалдах  худалдан авах гэрээний үүрэгт 23 520 000 төгрөг, алданги 5 637 000 төгрөг нийт 29 157 000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг, хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагаас 23 520 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр 8 607 000 төгрөгний 7 нэр төрлийн хуванцар цонхны эд ангийг нийлүүлж, хариуцагч үнийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 5 934 000 төгрөгний 7 нэр төрлийн хуванцар цонхны эд ангийг худалдан авч төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний дотор төлөхөөр харилцан тохиролцсон /хх-ийн 8-12 дугаар тал/ байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

            Хариуцагч үндсэн төлбөр 23 520 000 төгрөгийг төлөхийг маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 23 520 000 төгрөгийг, алданги төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэн, 5 637 000 төгрөгийн алдангийн хамт хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хэргийн 1-4 дэх талд авагдсан 29 157 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамжид 303 800 төгрөг төлсөн зэрэг баримтаар хариуцагчийн “..шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                              ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                   Д.БАЙГАЛМАА