Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 134

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Шүүгдэгч Л.Э , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Лхагвасүрэнгийн Энхболдод холбогдох 201715000135  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаатай хорих ял оногдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн  105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сарын хугацаатай хорих ял оногдуулсныг биечлэн эдлүүлснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 cap 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар  баривчлах ялаар шийтгүүлж байсан Цоохор овогт Л.Э

Шүүгдэгч Л.Э  нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ давтан үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 33-01 тоот хашааны гадна байсан Д.Эрдэнэбатын машинаас дунд гарын замагт манан хөөргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 18-19 шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 9-13 тоотод байрлах С.Б-н гэрт нэвтэрч 32 инчийн ЭЛКО /Elko/ маркийн LCD зурагт, дунд гарын полисон аяга хулгайлж 380.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 50-14 тоотод оршин суух Б.Н ын гэрт нэвтэрч 32 инчийн SHARP маркийн LCD зурагт, индукцин плетка, бэлэн 70.000 төгрөг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-04 тоотод оршин суух О.Э-н гэрт нэвтэрч 42 инчийн SHARP маркийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн хохирол нийт 1.870.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Л.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Н ын гэрт согтуугаар орж, телевизор, индукцин плетка хоёрыг нь авсан. Эднийхээс авсан телевизорыг буцааж өгсөн. Индукцин плиткыг нь өгөөгүй. Харин энэ айлд бэлнээр 70000 төгрөг байгаагүй. С.Б-н гэрт нэвтэрч ороод авсан байсан зүйлээ бүгдийг нь буцааж өгсөн. О.Э гэдэг айлаас мөн авсан байсан телевизорыг нь буцааж өгсөн. Э гэдэг хүний хөөргийг авсан. Мөн буцааж өгсөн...” гэв.

            Хохирогч Б.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би дэлгүүрээ хаачихаад 23 цагийн үед гэртээ ороход гэрт хулгай орчихсон байсан. Тэгээд гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд телевизор, плетка байхгүй болчихсон, авдар онгойлгосон байсан. Тэгээд гэрээс гартал манай дэлгүүрт зарагдаж байсан боорцогийг нохойд өгсөн байсан. Бас зуны байшингийн цоожийг эвдэлчихсэн байсан. Тэгээд би түрүүн нэг залуу дэлгүүрээс боорцог авсан даа гэж санасан. Тэгээд маргааш нь камерын бичлэгээ шалгуулж энэ залууг олсон. Аав ямар хүн байна гэсэн чинь Э гэсэн байх гэж хэлсэн. Хоёр жилийн өмнө ээжийн ах үхэр хийсэн байсан юм. Үхрийн ширээ зарах гэсэн чинь бас л шир байгаагүй. Тэгээд цагдаад хэлэлгүй энэ хүнээс мөнгийг нь авсан гэсэн. Би дэлгүүрийн орлогоныхоо дээжээс өдөр бүр хадганд хийж хадгалдаг юм. Би гомдолтой байна. Манай нойлын хажуунаас баахан 20, 100-тын дэвсгэртүүд байсан. Надад 140000 төгрөгний хохирол учирсан байгаа...” гэв.

            Хохирогч Б.Н ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар  сарын 29-ний өдөр орой 23 цагийн үед дэлгүүр хаагаад гэртээ ортол гэрийн цоожийг эвдэлчихсэн гэрийг онгорхой орхичихсон байсан. Гэрт ороход том өрөөнд байдаг 32  инчийн SHARP брендийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн телевизор, гал тогооны өрөөнд байсан индукцин плетка, авдар дотор цагаан хадагтай байсан бэлэн 70.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Хар өнгийн малгайг манай төрсөн дүү Т-д байсан байна лээ. Тухайн үед тайлбар өгөхдөө хулгайд алдсан гэж бодож байсан. Одоо малгай манай дүүд байгаа. Манай дэлгүүрээс камерын бичлэг бичигдсэн 30 гаран насны цэнхэр өнгийн малгайтай куртиктэй залууг сэжиглэж байгаа. Учир тэр залуу манай дэлгүүрээс ууттай гурилан боов, тамхи аваад гарсан. Манай хашаан дотор ууттай боорцгийг нь нохойд хаяад өгчихсөн байсан. Цэнхэр өнгийн малгайтай куртиктэй, бор царайтай залуу байсан. Өөр сайн санахгүй байна. Манай дэлгүүрийн бичлэгт бичигдсэн байсан. Хулгайд адсан эд зүйлээ авбал гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Хохирогч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад төрсөн эгчийндээ очиж хонохоор гарсан. 2017 оны 06 сарын 01-ний 07 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Ц өглөө манайх руу ганцаараа явсан. Удаагүй манай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь очиж үзэхэд 42 инчийн SHARP маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй өнгөт телевизор хулгайд алдагдсан байсан. Цагдаа нар хулгайд алдсан телевизорыг олсон гэсэн. Одоогоор зурагтаа аваагүй байгаа. Зурагт авчихбал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед би эхнэр охинтойгоо Тарагт сумын “Алтан тал” багт байх гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш буюу 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожны цүүг нь суга татаж аваад гэрт хулгай орчихсон байсан. Манай гэрээс 32 инчийн ELKO брендийн хар өнгийн телевизор 1 ширхэг дунд гарын полисон аяга 1 ширхэг тус тус алга болсон байна. Цагдаагийн албан хаагчид миний алдсан эдгээр зүйлсийг хүлээлгэж өгсөн учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний төрсөн ах Д.Эрдэнэбат нь хөөрөг хийж зардаг юм. Одоо Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа. Ирэх боломжгүй учраас би ах Д.Э-н өмнөөс энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Болсон зүйлийн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. 2017 оны 05 сарын 20-ны өдөр гэж хэлж байсан шиг санагдаж байна. Манай ах Д.Э-с өөрөөс нь сонсож байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Хөөргөө буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим “Их Богд”-ын дугуй засварын засварчин залуу манайд танихгүй залуутай хоёулаа таксидъя гээд хоёулаа манай гэрийн гадаа ирэхдээ гартаа юм бариагүй ирсэн. Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Би тэр хоёр залууг машиндаа суулгаад “Их Богд” колонкийн дугуй засвар дээр машинтай очоод хавтгай дэлгэцтэй, хар өнгийн хар өнгийн телевизорыг авсан. Тэр телевизорын дэлгэц нь гараад дуу нь тасалдаад байхаар нь доор нь цохихоор дуу хэсэг гарч байгаад дуугүй болчихоод байсан. Дугуй засварын залуутай хамт явсан хар царайтай том хамартай залуу нь телевизорыг 40.000 төгрөгөөр зарна намайг авах уу эхнэр хүүхэд рүүгээ явах гэж байгаа гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч О.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би О.Цэрэндолгор эгч, О.Э  эгч нарын хамт О.Ц эгчийнд хоночихоод маргааш өглөө нь О.Э  эгчийнх рүү юм авах гээд 07 цаг 19 минутанд очиход амбаарын хаалга нь онгорхой байсан. Амбаарын хаалгыг янзлах гээд гэрээс нь алх авах гээд гэрийн үүдэнд очиход гэрийнх цүүг нь эвдлээд хулгай орчихсон байхаар нь би төрсөн эгч О.Э т гэрт хулгай орсон талаар гар утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч П.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Л.Э  нь 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн юм. Манай хүүхэд Л.Э  нь 2002 онд Өвөрхангай аймгийн Богд сумын 10 жилийн сургуулийг 8-р ангид төгссөн бүрэн бус дунд боловсролтой. 2002 оноос 2005 он хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын жолооч мэргэжилээр төгссөн. 2007 онд Дорноговь аймагт 1 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс ирээд гэртээ жил гаран байж байгаад Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2 жил гаран гэрээт цэргээр ажилласан. Дараа нь Улаанбаатар хотын 84 дүгээр цэргийн ангид жил гаран ажилсан. Тэгээд ажлаасаа гараад 2011 онд Өвөрхангай аймагт гэртээ ирсэн. Хувиараа барилгын ажил хийж байна гээд л яваад байдаг байсан. Тэгээд хэрэг төвөгт орооцолдож буруу замаар орох болсон. Л.Э од эхнэр хүүхэд байхгүй. Хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй. Эхээс тавуулаа айлын хамгийн бага хүүхэд байгаа юм.  Л.Э  нь хэд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан. Засарч хүмүүжихгүй юм. Нэг л мэдэхэд хэрэгт орооцолдсон байх юм. Байнга л архи уучихсан согтуу байж байдаг. Ер нь бид хоёрын үгэнд орохоо больсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хүү Л.Э  нь 1986 оны 08 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн юм. Манай хүүхэд Л.Э  нь 2002 онд Өвөрхангай аймгийн Богд сумын 10 жилийн сургуулийг 8-р ангид төгссөн бүрэн бус дунд боловсролтой. ... Хувиараа барилгын ажил хийж байна гээл яваад байдаг байсан. Тэгээд хэрэг төвөгт орооцолдоод буруу замаар орох болсон. Л.Э од эхнэр хүүхэд байхгүй хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй. Эхээс 5 уул айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Хэд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан. Засарч хүмүүжихгүй юм нэг л мэдэхэд хэрэг төвөгт орооцолдчихсон байж байх юм. Цагдаа дуудахаар нь мэдэх юм. Байнга архи уучихсан согтуу байж байдаг. ... Энэ хүүхэд гэртээ ч ирдэггүй шоронгоос гарч ирснээсээ хойш байнга гадуур тэнж, архи ууж хэрэг төвөг тариад яваад байна. ... Энэ хүүхэд гадуур байх юм бол дахиж хэрэг төвөг тариад, архи дарс уугаад бид хоёрыг их зовоох байх тиймээс энэ хүүхдийг батлан даалтад авмааргүй байна. Цагдаагийн байгууллага хорьж байж энэ хэргийг нь шийдээд явдаг юманд явуулаад өгөөч гэж хүсмээр байна. ... Миний хүүхдүүд нь бүгд Л.Э ыг батлан дааж авахаас татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-58 дугаар хуудас/,

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би өдрийг нь сайн санахгүй байна. 2017 оны 05 дугаар сард л байсан юм. Намайг “Их богд” дэлгүүрийн засвар дээр ажиллаж байхад Л.Э  гэгч нь ганцаараа ирсэн. Л.Э ыг ирэхэд үүрийн 05-06 цаг л болж байсан юм. Манайх 24 цагаар ажилладаг юм. Тэгээд Энхболд ирэхдээ хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор барьчихсан орж ирээд “... манай телевизор байгаа юм, мөнгөний хэрэг байна хэдэн төгрөгөөс өгөх гэсэн юм гэж хэлж байсан...” Би хулгайн телевизор гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байсан байсан шиг санагдаж байна. Би Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах баруун гуанзанд тогооч хийж тэндээ амьдардаг юм. Тэр өдрийн орой 00 цагийн орчимд гэртээ байж байтал бор царайтай өөрийгөө Энхээ гэх залуу манай гуанзанд орж ирээд надаас телевизор авах уу гэхээр нь би хэний телевизор юм бэ гэхэд миний телевизор байгаа юм зарах гэсэн юм гэж хэлсэн. Барьж яваа телевизорыг харахад хар өнгийн хавтгай дэлгэцтэй SHARP маркийн том телевизор байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 70.000 төгрөг өгөөд телевизорыг нь худалдаж авсан. ... Би хулгайн телевизор гэдгийг мэдээгүй. Хэний телевизор юм вэ гэж асуухад Энхээ миний телевизор байгаа юм гэж хэлж байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. 70.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед би төв талбайгаас 1 дүгээр хороонд хүн таксидаж хүргэж өгчихөөд буцаад 10 мянгатын засмал ураадаад явж байтал нэг хүн гар өргөсөн. Тэгээд 3 дугаар хороо ормоор байна явах уу гэхээр нь явна гэж хэлсэн. Тэгсэн за байж байгаарай би юм аваад ирье гэж хэлчихээд эргээд гудамны үзүүрээс нэг хавтхай дэлгэцтэй телевизор бас нэг зурагтаас арай жижигхэн хавтхай 2 ширхэг эд зүйл гаргаж ирээд миний араар суусан. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд наад авч яваа эд зүйлс чинь юу юм бэ, чинийх мөн юм уу гэхэд тиймээ минийх, эхнэрээсээ салж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд зурагтаа, плетка аваад явж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зогсоод наад юмаа аваад яв би явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би тамхи хашааны буланд хаячих шиг боллоо гээд телевизороо орихчихоод буугаад явсан. Би тэр хооронд цагдаа дуудчихсан. Тэгсэн тэр залуу тэр чигээрээ зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

            Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн  20, 22-25 дугаар хуудас/,

Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35, 39, 47 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32, 36, 40, 48 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/04 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №06/60 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Э ын хувийн байдлыг тодорхойлсон шүүгдэгч Л.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолт, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол, гэрээт цэргийн үнэмлэхний хуулбар, Мэргэжлийн шүхэрчний үнэмлэхний хуулбар, №0225210 дугаартай боловсролын гэрчилгээ зэрэг баримтууд /хх-ийн 132, 134, 145-151, 152-157 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Э ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Э ын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 117-118, 120, 122-123 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Э  нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ давтан үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 33-01 тоот хашааны гадна байсан Д.Э-н машинаас дунд гарын замагт манан хөөргийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 18-19 шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 9-13 тоотод байрлах С.Борхүүгийн гэрт нэвтэрч 32 инчийн ЭЛКО /Elko/ маркийн LCD зурагт, дунд гарын полисон аяга хулгайлж 380.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 50-14 тоотод оршин суух Б.Н ын гэрт нэвтэрч 32 инчийн SHARP маркийн LCD зурагт, индукцин плетка, бэлэн 70.000 төгрөг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол,

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-04 тоотод оршин суух О.Э ийн гэрт нэвтэрч 42 инчийн SHARP маркийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн хохирол нийт 1.870.000  төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохиргч Б.Н ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би дэлгүүрээ хаачихаад 23 цагийн үед гэртээ ороход гэрт хулгай орчихсон байсан. Тэгээд гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд телевизор, плетка байхгүй болчихсон, авдар онгойлгосон байсан. ... Тэгээд маргааш нь камерын бичлэгээ шалгуулж энэ залууг олсон. ... Би дэлгүүрийн орлогоныхоо дээжээс өдөр бүр хадганд хийж хадгалдаг юм. Би гомдолтой байна. Манай нойлын хажуунаас баахан 20, 100-тын дэвсгэртүүд байсан. Надад 140000 төгрөгний хохирол учирсан байгаа...” гэсэн мэдүүлэг, Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Н ын “... 2017 оны 05 дугаар  сарын 29-ний өдөр орой 23 цагийн үед дэлгүүр хаагаад гэртээ ортол гэрийн цоожийг эвдэлчихсэн гэр  онгорхой орхичихсон байсан. Гэрт ороход том өрөөнд байдаг 32 инчийн SHARP брендийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн телевизор, гал тогооны өрөөнд байсан индукцин плетка, авдар дотор цагаан хадагтай байсан бэлэн 70.000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29/, хохирогч О.Э ийн “... 2017 оны 06 сарын 01-ний 07 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Цэрэнчимэг өглөө манайх руу ганцаараа явсан. Удаагүй манай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь очиж үзэхэд 42 инчийн SHARP маркийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34/, хохирогч С.Б-н “... Манай гэрээс 32 инчийн ELKO брендийн хар өнгийн телевизор 1 ширхэг дунд гарын полисон аяга 1 ширхэг тус тус алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, хохирогч Д.Ц-н “... 2017 оны 05 сарын 20-ны өдөр гэж хэлж байсан шиг санагдаж байна. Манай ах Д.Э-с өөрөөс нь сонсож байсан. ... Хөөргөө буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Д.Н-н “... Тэр хоёр залуу нилээн согтуу байсан. Би тэр хоёр залууг машиндаа суулгаад “Их Богд” колонкийн дугуй засвар дээр машинтай очоод хавтгай дэлгэцтэй, хар өнгийн хар өнгийн телевизорыг авсан. ... Дугуй засварын залуутай хамт явсан хар царайтай том хамартай залуу нь зурагтыг 40.000 төгрөгөөр зарна намайг авах уу эхнэр хүүхэд рүүгээ явах гэж байгаа гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/, гэрч О.Ц-н “... Амбаарын хаалгыг янзлах гээд гэрээс нь алах авах гээд гэрийн үүдэнд очиход гэрийнх цүүг нь эвдлээд хулгай орчихсон байхаар нь би төрсөн эгч О.Э т гэрт хулгай орсон талаар гар утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч П.Лхагвасүрэн, Ц.Б нарын мэдүүлэг. /хх-ийн 51-52, 54-58/, гэрч Г.А-н “... Л.Э ыг ирэхэд үүрийн 05-06 цаг л болж байсан юм. Манайх 24 цагаар ажилладаг юм. Тэгээд Энхболд ирэхдээ хар өнгийн хавтгай дэлгэцтэй телевизор барьчихсан орж ирээд “... манай телевизор байгаа юм, мөнгөний хэрэг байна хэдэн төгрөгөөс өгөх гэсэн юм гэж хэлж байсан...” Би хулгайн телевизор гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/, гэрч А.Б-н “... Тэр өдрийн орой 00 цагийн орчимд гэртээ байж байтал бор царайтай өөрийгөө Энхээ гэх залуу манай гуанзанд орж ирээд надаас телевизор авах уу гэхээр нь би хэний телевизор юм бэ гэхэд миний телевизор байгаа юм зарах гэсэн юм гэж хэлсэн. Барьж яваа телевизорыг харахад хар өнгийн хавтгай дэлгэцтэй SHARP маркийн том телевизор байсан. Тэгээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 70.000 төгрөг өгөөд телевизорыг нь худалдаж авсан. ... Би хулгайн телевизор гэдгийг мэдээгүй. Хэний телевизор юм вэ гэж асуухад Энхээ миний телевизор байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 60/, гэрч Д.О-н “... Тэгсэн за байж байгаарай би юм аваад ирье гэж хэлчихээд эргээд гудамны үзүүрээс нэг хавтгай дэлгэцтэй телевизор бас нэг зурагтаас арай жижигхэн хавтгай 2 ширхэг эд зүйл гаргаж ирээд миний араар суусан. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд наад авч яваа эд зүйлс чинь юу юм бэ, чинийх мөн юм уу гэхэд тиймээ минийх, эхнэрээсээ салж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд телевизор, плетка аваад явж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зогсоод наад юмаа аваад яв би явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би тамхи хашааны буланд хаячих шиг боллоо гээд телевизор орихчихоод буугаад явсан. Би тэр хооронд цагдаа дуудчихсан. Тэгсэн тэр залуу тэр чигээрээ зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20, 22-25/, Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35, 39, 47/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32, 36, 40, 48/, Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 63-64/, Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/04 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 70-71/, Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №06/06 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 77-78/, Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №06/60 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 85-86/, шүүгдэгч Л.Э ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Л.Э од холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Л.Э од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг болж нийцэж байгаа бөгөөд оногдуулах ял нь хүндэрсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Э  нь энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Л.Э ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Цоохор овогт Л.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүгдэгч Л.Э ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм хор арилаагүй зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Л.Э ын цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцох, шүүгдэгч Л.Э  нь хохирогч Д.Ц, С.Б, О.Э  нарт төлөх төлбөргүй эдгээр хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Н т 140.000 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогч Б.Н  нь гомдолтой гэсэн болохыг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э оос 140.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н т  олгож,

Шүүгдэгч Л.Э оос AS1174443 серийн дугаартай 1000 төгрөг  битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Э од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3.1, 36.5.1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цоохор овогт Л.Э-г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Цоохор овогт Л.Э-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э од оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Л.Э ын цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

5. Шүүгдэгч Л.Э  нь хохирогч Д.Ц, С.Б, О.Э  нарт төлөх төлбөргүй эдгээр хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Б.Н т 140.000 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогч Б.Н  нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э оос 140.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Н т  олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар шүүгдэгч Л.Э оос AS1174443 серийн дугаартай 1000 төгрөг  битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э од  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Э од  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР