Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 06 сарын 16-ны өдөр                    2022/ДШМ/44                                 Хэрлэн сум

 

Т.У-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0044

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/199 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцлээр Т.У-т холбогдох эрүүгийн 2239000000132 дугаартай хэргийг 2022 оны 05  дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Т.У- нь Хэнтий аймгийн Биндэр сумын “Онон” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө “танай дүү нар намайг зодсон, чи хажууд байж намайг өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр З.О-ийн зүүн гарын мөр, бугалга, гуя хэсэгт 7-8 удаа гараараа цохих, өшиглөх зэргээр зодож З.О-ийн биед зүүн мөр, бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч З.О-ийн мэдүүлэгт дурдагдсан болон Хэнтий аймгийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 520 дугаартай албан бичгээр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.4 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шилжүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө эхнэр З.О-ийг зодсон, мөн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуваарьт хөрөнгө болох “Samsung А30” маркийн гар утсыг нь эвдэлсэн,  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Samsung G63” маркийн гар утсыг нь яваад өгөөгүй” гэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг  шалгуулахаар яллагдагч Т.У-т холбогдох хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.У-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хууль тогтоогч Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: 1.1 зодсон, 1.2 харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, 1.3 хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол гэж хуульчилжээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 202 дугаартай тогтоолд: Энэхүү гэмт хэргийн шинжийг бүрдүүлдэг “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой ...байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм” гэжээ.

Яллагдагч Т.У- нь эхнэр З.О-ийг зодсон болон хуваарьт эд хөрөнгөө ашиглах, эзэмших эрхэд халдсан үйлдэл нь тус тус 2 удаагийн үйлдэл тогтоогдсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлдэг байнга гэсэн шинжид хамаарахгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн гэмт хэргийг тус тусдаа 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдэх гэмт хэргийн шинжийг хангана, уг шинжийг хангаагүй бол Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар хуульчилсан.

Т.У-ын үйлдэл нь байнга гэсэн шинжийг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Т.У-т холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нь Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Т.У-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө эхнэр З.О-ийг зодсон, мөн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуваарьт хөрөнгө болох “Samsung А30” маркийн гар утсыг нь эвдэлсэн,  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Samsung G63” маркийн гар утсыг нь яваад өгөөгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэр бүлийн хүчирхийлэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгддэг.  

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байхаар хуульчилсан ба “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг ойлгодог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.У-ын 2022 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө эхнэр З.О-ийг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээс гадна  2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө З.О-ийг зодсон, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түүний гар утсыг нь эвдэлсэн,  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гар утсыг нь яваад өгөөгүй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх үзлээ.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/199 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн бичсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

           

                                                                                 Г.БОЛОРМАА