Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/01354

 

2024 03 12 101/ШШ2024/01354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** тоот хаягт байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *********** тоот хаягт оршин суух, ******* овогтой *******/регистрийн дугаар: *******/-т холбогдох

1,383,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон СӨХ-ны төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ************** тоот хаягт оршин суугч Н.******* нь 2018 оны 5 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөр болох 1,383,200 төгрөгийг огт төлөөгүй. Н.*******аас 1,383,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* СӨХ-ны 2021.09.30-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019.06.07-ны өдийн тогтоол, ********** тоотын оршин суугчид өгсөн 2023.08.08 өдрийн мэдэгдэл, ******* СӨХ-ны **********тоот сууц өмчлөгчийн хуримтлагдсан төлбөрийн 2018 оны 5 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны жагсаалт, 2018 оны 5 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх /******* банкны теллерийн тэмдэг дарагдсан/;

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Н.*******т холбогдуулан, 2018 оны 5 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөр болох 1,383,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.

4. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.

5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,

42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,

42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,

42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

7. Хариуцагч Н.******* нь ******* СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг ********* тоот хаягт оршин суугч мөн бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.

8. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан ******* СӨХ-ны ******** тоот сууц өмчлөгчийн хуримтлагдсан төлбөрийн жагсаалтад 2018 оны 5 дугаар сараас 12 дугаар сар дуустал 170,240 төгрөг, 2019 онд 255,360 төгрөг, 2020 онд 255,360 төгрөг, 2021 онд 255,360 төгрөг, 2022 онд 255,360 төгрөг, 2023 оны 9 дүгээр сар хүртэл 191,520 төгрөг, нийт 1,383,200 төгрөгийн төлбөр гарсныг тусгасан байх ба хариуцагч нь уг төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.

9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.

10. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Н.*******аас 1,383,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 37,082 төгрөгийг гаргуулж ******* СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА