| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05630/И |
| Дугаар | 101/ШШ2024/01353 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01353
2024 03 12 101/ШШ2024/01353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************тоот хаягт байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ************* тоот хаягт оршин суух, ******* овогтой *******/регистрийн дугаар: *******/-т холбогдох
909,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон СӨХ-ны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ********** тоот оршин суух Б.******* нь СӨХ-ны төлбөр сарын 13,780 төгрөг төлөх ёстой байсан ч огт төлөөгүй. 2018 оноос 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр болох 909,840 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сууц өмчлөгчдийн тухай хуульд зааснаар нийтийн үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг Б.*******оос нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би СӨХ-ны даргад 200,000 төгрөг, 80,000 төгрөг өгч байсан. Би өндөр настай, нүд хардаггүй, эм тариа их авдаг учраас СӨХ-ны төлбөр төлөх боломжгүй. Хөгшин 90 настай учир СӨХ-ны төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* СӨХ-ны 2021.09.30-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019.06.07-ны өдийн тогтоол, *************** тоотын оршин суугчид өгсөн2023.07.22, 2023.08.08 өдрийн мэдэгдэл, ******* СӨХ-ны ***************** тоот сууц өмчлөгчийн хуримтлагдсан төлбөрийн 2018 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны жагсаалт, 2018 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх /Төрийн банкны теллерийн тэмдэг дарагдсан/;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Б.*******т холбогдуулан, 2018 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр 909,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч буй тайлбараа нотлох баримтаар нотлоогүй ба хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсан агуулгатай байна.
4. Хариуцагч Б.******* нь ******* СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, ********************** тоот хаягт оршин суугч мөн бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан ******* СӨХ-ны ************** тоот сууц өмчлөгчийн хуримтлагдсан төлбөрийн жагсаалтад 2018 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар дуустал 124,020 төгрөг, 2019 онд 165,360 төгрөг, 2020 онд 165,360 төгрөг, 2021 онд 165,360 төгрөг, 2022 онд 165,360 төгрөг, 2023 оны 9 дүгээр сар хүртэл 124,020 төгрөг, нийт 909,480 төгрөгийн төлбөр гарсныг тусгасан байх ба хариуцагч нь уг төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.
6. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.
7. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.*******оос 909,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******соос улсын тэмдэгтийн хураамж 26,377 төгрөгийг гаргуулж ******* СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА