| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/04073/И |
| Дугаар | 101/ШШ2024/01348 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01348
2024 03 12 101/ШШ2024/01348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,672,802 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Иргэн Р.******* нь ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 2 дугаар сарын 4-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгон 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дугаартай Барьцааны гэрээг байгуулан өөрийн өмчлөлийн улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Alphard маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 163,061.63 төгрөг, зээлийн хүүнд 206,938.37 төгрөг, нийт 307,000 төгрөг төлсөн.
2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 4,336,938.37 төгрөг, зээлийн хүү 941,364 төгрөг, алданги 1,394,500.14 төгрөг, нийт 6,672,802.50 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагч Р.*******оос гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ УБ улсын дугаартай барьцаалбар болсон тээврийн хэрэгслийг үл таних иргэнд луйвардуулж, цагдаагаар шалгуулж байгаа тул цагдаагийн байгууллагын шийдвэрийг гартал хүлээж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Р.*******ид холбогдуулан, зээлийн үлдэгдэл 4,336,938.37 төгрөг, зээлийн хүү 941,364 төгрөг, алданги 1,394,500.14 төгрөг, нийт 6,672,802.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь нийт 6,672,802.50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч барьцаа хөрөнгийг бусдад луйвардуулсан асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлж байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
4. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Талууд 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлдэгч Р.******* нь ******* ******* ******* ХХК-иас 4,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Тоёота Альфард маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалуулжээ.
6. Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
286.2.-т Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.,
286.3.-т Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.,
286.4.-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.,
286.5.-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна., /2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн өөрчлөлтөөс өмнөх хуулиар/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулна.,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна. гэж тус тус заасан.
7. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээлийн төлбөрт 163,061.63 төгрөг, зээлийн хүүнд 206,938.37 төгрөг, нийт 307,000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 4,336,938.37 төгрөг, зээлийн хүү 941,364 төгрөг, алданги 1,394,500.14 төгрөг, нийт 6,672,802.50 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй буюу хүлээн зөвшөөрсөн.
8. Дээр дурьдсанаар нийт 6,672,802.50 төгрөгийн төлбөрийг хариуцагч Р.*******оос гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
9. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар, хариуцагч нь гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-тус тус заасныг баримтлан, хариуцагч Р.*******оос 6,672,802.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* нэмэх ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан, хариуцагч Р.******* шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд, улсын дугаартай, арлын дугаартай, Toyota Alphard маркийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 121,715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 121,715 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* нэмэх ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА