| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2019/01357/и |
| Дугаар | 615 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 615
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00313 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Н Э Б” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 61 532 ам.долларыг, түүнийг төлөх хугацааг хэтрүүлснээс үүссэн алданги 25 394.4 ам.долларын хамт нийт 86, 926.4 ам.доллар буюу 229 443 102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох ажлын хөлс 61 532 ам.доллар, хэтрүүлсэн хугацааны алданги 25 394 ам.доллар буюу нийт 229 443 102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх шүүхэд гаргасан 233 000 105 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 3 557 003 төгрөгөөр багасгаж байна. “М” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, хуванцар цонхны үйлдвэрлэл эрхэлдэг компани юм. Тус компани нь “Н Э Б” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо гэрлэх ёслолын ордны хойно баригдаж байсан оффис, үйлчилгээний зориулалттай барилгад 360 м.кв буюу 108 ширхэг хуванцар цонх хийхээр тохиролцсон. Бид гэрээнийхээ дагуу цаг хугацаанд нь ажлаа гүйцэтгэж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээ ёсоор нэгжийн үнийг 175.4 ам.доллараар тооцож нийт 360 м.кв буюу 63 144 ам.доллараар тохиролцсон боловч гэрээний дагуу 344.3 м.кв хийсэн бөгөөд гэрээнээс гадна 6.51 м.кв цонх хийсэн нь нийт 350.81 м.кв болсон бөгөөд үнэ нь 61 558 ам.доллар болж байгаа юм. Ам.долларын ханшийн зөрүүгээс алдагдал бага хүлээх учир талууд гэрээний үнийг төгрөгөөр бус ам.доллараар тооцсон, энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн. Бид ажлын үр дүнг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш “Н Э Б” ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж мөнгөө нэхэхэд өгнө, санхүүгийн хувьд боломжгүй байна гэдэг шалтгаанаар одоо хүртэл төлөөгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус тооцоо нийлж акт үйлдэж авлагаа баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ тул захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Бид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн NAB group оффисын барилгын цонх хүлээлцэх актаар нотлогдож байна. Уг актад гүйцэтгэгч талыг төлөөлж үйлдвэрийн мастер Б.Мөнгөншагай, нягтлан бодогч О.Баттогтох, захиалагч талыг төлөөлж инженер н.Даваадорж нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д 108 ширхэг буюу 360 м.кв-ийг угсарна гэж заасан боловч бодит гүйцэтгэлээр 108 ширхэг буюу 310.50 м.кв болсон байх ба энэ нь талуудын хооронд үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Бараа материалын зарлагын падаанд тодорхой тусгагдсан байна. Гүйцэтгэлээр ажлын хөлс 310.50 м.кв буюу 61 558.38 ам.долларыг гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэйг 2 ч удаа тооцоо нийлж баталгаажуулсан. Ийнхүү ажлын үр дүнг хүлээн авснаар хөлсийг төлөх үүрэг захиалагч талд ногдсон ч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй 2 жил 5 cap болж байна. Бидний хувьд бүх цонхны бариулыг угсраагүй гэдэг нь үнэн. Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ барилгын ажлын явцад цонхны бариулууд эвдрэх магадлалтай учир угсарч өгөөгүй байгаа. Тэдгээр бариулууд одоо ч байгаа, түүнийг угсарч өгөхөд бэлэн. Мөн 6 цонхны шил хийгдээгүй нь үнэн. Гэхдээ бид нийт ажлын 0,95%-тай тэнцэх энэ ажлын хөлсийг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хасаж тооцсон тул хийсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/16 тоот хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 8.3 дахь хэсэгт захиалагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дунгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэсний дагуу мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт 868 хоногоор тооцоход алданги 25 394.4 ам.доллар болсон. Иймд гэрээний дагуу хийсэн 344.3 м.кв ажил, гэрээнээс гадна хийсэн 6.51 м.кв ажил буюу нийт 350.81 м.кв ажлыг нэгжийн үнэ 175,4 ам.доллараар тооцож, нийт 61,532 ам.доллар, үүний дээр бодогдсон алданги 25 394.4 ам.доллар буюу бүгд 86 926.4 ам.доллар буюу нийт 229 443 102 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК нь “Н Э Б” ХХК-аас 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ХГ/2015/09/29 тоот гэрээгээр дотор болон гадна ган хаалга, үйлдвэрийн хаалга худалдан авах мөн угсруулахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үлдэгдэл төлбөр болох 11 595 719 төгрөгийг хугацаандаа өгөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Дээрх төлбөрийг тооцож авахын тулд “М” ХХК-аас бартерийн нөхцөлөөр цонх худалдан авахаар 11 595 719 төгрөгийг урьдчилгаанд нь тооцуулж, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 01/16 тоот Хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх нийт 63 144 ам.долларын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээт ажлаар нийт 360 м.кв цонх буюу 108 ширхэг цонхыг бүрэн тоноглолтой нь угсарч зориулалтын полиуретан монтажлагч хөөсөөр дулаалж өгөх үүрэг хүлээсэн байсны дагуу тодорхой хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн гэж бид үзэж байна. Гэвч одоогоор 6 ширхэг цонхны шил нь ирээгүй, бүх цонхны тоноглол буюу бариулууд хийгдээгүй, чанарын баталгааны сертификат өгөөгүй, ажлаа бүрэн дуусгаж акт бичиг баримтаар хүлээлгэж өгөөгүй байдалтай байна. Гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр байсан боловч одоог хүртэл ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй тул албан ёсоор акт бичиг баримтаар хүлээлгэн өгсний дараагаар бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахад манай зүгээс татгалзах зүйлгүй болно. Дээрх асуудлыг дурдсан албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан “Н Э Б” ХХК-аас 180,656,392 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, Мегапластик системс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,786,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,322,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,061,132 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нь шинжээч Баянмодот ХХК-ийн ажлын хөлс 429,000 төгрөгийг төлсөн тул одоо хуваарилах шинжээчийн зардалгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: “М” ХХК нь хариуцагч “Н Э Б” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 229 443 102 төгрөг гаргуулахыг шаардах Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүх 9 сарын дараа нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт дордуулсан, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гэрээний талуудын чөлөөт байдал руу хэт орж, төлбөр төлөх мөнгөн тэмдэгтийг ам.доллараар хийсэн гэж үзэж гэрээнээс энэ заалттай холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийг өөгшүүлж зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн талыг хохироосон шийдвэр гаргасан. Манай компани түүхий эд материалаа ХБНГУ-аас захиалж авдаг бөгөөд захиалагч талуудтай мөнгөн төлбөрийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэдэг. Энэ нөхцөлийг захиалагч тал зөвшөөрсөн учраас гэрээний 4.5-д төлбөрийг ам.доллароор төлөх, төгрөгөөр төлөх тохиолдолд гүйлгээ хийгдэх өдрийн буюу үүрэг гүйцэтгэх үеийн Монгол банкны ханшаар тооцохоор тохирсон.
Хариуцагч тал төлбөр төлөх мөнгөн тэмдэгтийн талаар маргаагүй, байхад шүүх санаачлагаараа хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон, шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбараа дэмжиж ирээгүй, мэтгэлцээгүй байхад 48 786 710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэт нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Захиалагч тал гэрээ байгуулагдсанаас хойш бусдын манайд гүйцэтгэх ёстой байсан үүргийг өөрийн үүрэгт оруулж тооцсоноос өөр төлбөр тооцоо хийгээгүй. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан, гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссанаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй хохироож байгааг харгалзан 229 443 102 төгрөгийг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “Н Э Б” ХХК-д холбогдуулан ажлын хөлс, алданги нийт 86 926.4 ам.доллар буюу 229 443 102 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Хуванцар цонх захиалах, захиалга гүйцэтгэх тухай” 01/ 16 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч “М” ХХК нь оффис, үйлчилгээний зориулалттай барилгад 360 м.кв буюу 108 ширхэг хуванцар вакум цонхыг 1 сарын хугацаанд үйлдвэрлэн, суурилуулж өгөх, хариуцагч “Н Э Б” ХХК цонхны 1 м.кв-ын үнийг 175.4 ам.доллараар тооцож, нийт 63 144 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна. /хх 8-12/
Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.
Харин талууд ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон, хариуцагч хэдий хэмжээний хөлс, алданги төлөх төлөх үүрэгтэй тухайд маргаж байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Харин гэрээний ажлын хөлсийг ам.доллараар төлөхөөр харилцан тохиролцсон хэсгийг хууль зөрчсөн гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөө 229 443 102 төгрөгөөр тооцон шаардсан байхад, анхан шатны шүүх гэрээний ажлын хөлсийг ам.доллараар тооцон төлөхөөр тохирсон хэсгийг хууль зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх бөгөөд шүүх талуудын хоорондын тохиролцоо, гэрээний чөлөөт байдлын зарчимд хөндлөнгөөс оролцож, гэрээний ажлын хөлсийг ам.доллараар тооцон төлөхөөр тохирсон хэсгийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Энэ талаарх нэхэмлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
“Мегапластик системс” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцон, 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 14өдрийг дуустал хугацааны төлбөрийн тооцооны үлдэгдлийг 61,558 ам.доллараар баталгаажуулсан баримт, зарлагын падаан хэрэгт авагдсан байна. /хх 17-18 /
Нэхэмжлэгч “М” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/16 дугаартай гэрээний дагуу нийт 344,17 м.кв, нэмэлтээр 6,51 м.кв буюу нийт 350,68 м.кв цонх суулгасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоныг хариуцагч тус тус баримтаар няцаагаагүй.
Мөн хариуцагч “Н Э Б” ХХК нь нэхэмжлэгчид гүйцэтгэх ёстой байсан үүргийг төлбөрт тооцуулснаас өөрөөр ажлын хөлсийг бүрэн гүйцэд төлснөө нотолж чадаагүй байна.
Иймд захиалагч буюу хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх шинжээчийн үнэлсэний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг 350,68 м.кв гэж үзэн, 1 м.кв-ын хөлсийг 391 643.6 төгрөгөөр тооцон, нийт 137 341 587 төгрөгнөөс гүйцэтгээгүй ажлын хөлс 1 278 871 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч 136 062 716 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй боловч төлбөр төлөх ам.долларын ханшны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг залруулах нь зүйтэй гэж үзэв. Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар төлбөрийг ам.доллараар төлөх бөгөөд төгрөгөөр төлөх тохиолдолд гүйлгээ хийгдэх өдрийн Монгол банкны ханшаар тооцохоор тохиролцсон.
Гадаад валютаар тохирсон төлбөрийн үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахад, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлдог тул талууд гэрээний үнийг ам.доллараар, нэхэмжлэгч төлөгдөөгүй төлбөрт дүйцэх ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн төгрөгтэй тэнцэх ханшаар тооцсон нь хууль зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт, ажлын хөлсийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тодорхойлж, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны алданги, ажлын хөлсөнд нийт 229 443 102 төгрөг шаардсан хэмжээнд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гомдолд дурьдснаар шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбараа дэмжиж ирээгүй, мэтгэлцээгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч “Н Э Б” ХХК-аас 229 443 102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “1 061 132” гэснийг “1 305 166” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 883 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА