Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 138

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүгдэгч Ц.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 1726000670025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овгийн Ц.Ц;

Шүүгдэгч Ц.Ц  нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” ХХК-ий үүдэнд иргэн Т.А  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Ц  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлээрээ наадамд очихоор гарч явсан. Тэгтэл Т.А  портер дээр тоосго аччихсан гарч явахаар нь “Яагаад манайхаас хулгай хийж байгаа юм бэ” гэж хэлээд цохиод авсан. Манай сахиул портер машиных нь ачаан дээр хэвтчихсэн байсан. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан тул хохирол төлбөрийг барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу…” гэв.

Хохирогч Т.А ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг Хүнс бараан захын баруун талд портер машинтайгаа таксинд зогсож байхад “*******” ХХК-ий манаач /нэрийг нь мэдэхгүй/ хүн ирээд “…350 ширхэг тоосго ачъя хэдэн төгрөгөөр явах вэ…” гэхээр нь “… би 15000 төгрөгөөр явна…” гэж хэлсэн. Тэгсэн тухайн манаач надад засмал замаар их ойрхон явна 10000 төгрөгөөр явчихъя гээд тохиролцсон. Тэгээд манаачийг машиндаа суулгаад нисэх буудлын ар талд байрлах “*******” ХХК-ий хашаанд ороод манаач гэх хүн тоосго ачсан. Тухайн үед 13 цаг болж байсан байх. 30-40 минут орчим ачаад “*******” ХХК-ий хашаанаас манаачийн хамт гарахад өмнөөс “*******” ХХК-ий захирал Ц.Ц  ирээд хулгайч минь хулгай хийсэн юмаа буулга гэж хэлсэн. Энэ үед манаач машинаас буугаад хашаа руу гүйгээд орсон. Тэгсэн Ц.Ц  намайг ална гээд машиныхаа түлхүүрээр бие рүү чичлээд цохиод авсан. Би Ц.Ц т хулгай хийгээгүй, 10000 төгрөгөөр таксидаж явж байна. Танай манаач тоосго зөөгөөд өг гэж хэлсэн гэхэд Ц.Ц  ерөөсөө тоохгүй байсан. … Автомашиныхаа түлхүүрийг атгаж байгаад үзүүр хэсгээр нь бие рүү хатгаад байсан. Ойролцоогоор 10 орчим удаа хатгасан. Нүүр лүү хоёр удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч В.М-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Нисэх буудлын ар талд байрлах “*******” ХХК-ий хашаанд манай гэр байдаг ба би “*******” ХХК-нд манаач ажилтай. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчим хашаанаас гараад ******* сумын 7 дугаар багийн мотоциклийн сэлбэгийн дэлгүүрт ороод хуучин тоосго зармаар байна гэрлийн мөнгө өгөх гэсэн юм гэхэд тухай хүн надад очиж байж авах үгүйгээ шийднэ гэсэн. Би хашаагаа зааж өгчихөөд гэртээ хариад байж байтал тоосго үзэх хүн ирээд тоосго үзээд авмаар байна гэж хэлсэн. Би гэрлийн мөнгө байхгүй гэрлээ тасдуулчихаад байна. Та нэг ширхгийг нь 150 төгрөгөөр авчих гэхэд нөгөө хүн хашаанд аваачаад буулгачих гэж хэлсэн. Би хүнс барааны захын баруун талд цэнхэр өнгийн портер машинтай хүн дээр очоод Нисэх буудлын ар талд байрлах хашаанаас тоосго ачаад 7 дугаар хорооны мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрийн хашаанд аваачиж буулгана хэдээр явах вэ гэхэд 10000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Тэгээд тэр машинд суугаад “*******” ХХК-ий хашаа руу явсан. Замдаа портер автомашины жолооч надад хэлэхдээ “Батбаян хангай” модны захад ажиллаж байсан гэж ярьж байсан. “*******” ХХК-ий хашаанд очоод би портер машин дээр тоосго ачаад дөнгөж хөдөлсөн чинь “*******” ХХК-ий захирал Ц.Ц  машинтайгаа ирсэн. Тэгээд Ц.Ц  машинаасаа бууж ирээд Портер автомашины жолоочийг барьж аваад 2-3 удаа бие рүү нь цохиод авахаар нь айгаад хашаа руу орсон. Удалгүй портер автомашины жолооч машинтай хашаа руу ороод ирэхэд нь би ачсан тоосгоо буулгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Л.М-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… 2017 оны 08 сарын 11-ний өдөр Ц.Ц , С.У, манай нөхөр Т.Б бид дөрөв ******* суманд наадам үзэх гээд машинтай явж байгаад клонк орсон. Тэгтэл Ц.Ц ын ажлын хашаанаас машин гарч байна гээд ажил дээрээ очих гээд явтал гудамжинд цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Ц.Ц ын ажлын сахиул залуу тэр машины урд талд суучихсан Т.А  жолоо барьчихсан тэвшин дээрээ тоосго ачсан байсан. Ц.Ц  машинаасаа буугаад чи яахаараа миний юмыг хулгай хийдэг юм гээд А-н мөр хавьцаа 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед сүйдтэй зодоон цохион болоогүй. Тэгээд Т.А , сахиул залуу хоёр ачсан тоосгоо буулгаад үлдсэн. Бид дөрөв буулгаж дуусаагүй байхад явсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч С.У-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “… Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн нөхөр Ц.Ц , Т.Б, Л.М нарын хамт хөдөө гарах гээд шатахуун авахаар явж байтал манай “*******” ХХК-ий хашаанаас цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлийг Т.А  жолоодсон, хажууд нь манай сахиул В.М суучихсан явж байхад нь гудамжинд таарсан.  Манай нөхөр Ц.Ц  машинаасаа буугаад Т.А  дээр очоод чи яахаараа манайхаас хулгай хийдэг юм бэ? Гээд гараараа цохиод авах шиг болсон. Тэр үед би машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Т.А ийг хэд цохьсоныг машинд сууж байсан болохоор хараагүй. Ц.Ц  дээр очоод орхи цагдаад мэдэгд гэж хэлээд буцаад явсан. Тухайн үед Т.А , В.М хоёр машин дээр ачсан байсан тоосгоо буулгаад үлдсэн…” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 306 дугаартай: “… Т.А ийн биед зүүн мөр дал, цээжний зүүн хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, нуруу, баруун мөр, цээжний баруун хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Очирбатын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49, 57 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд  /хх-ийн 46-48 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ц  нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” ХХК-ий үүдэнд иргэн Т.А  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.А ийн “… Манаачийг машиндаа суулгаад Нисэх буудлын ар талд байрлах “*******” ХХК-ий хашаанд ороод манаач гэх хүн тоосго ачсан. Тухайн үед 13 цаг болж байсан байх. 30-40 минут орчим ачаад “*******” ХХК-ий хашаанаас манаачийн хамт гарахад өмнөөс “*******” ХХК-ий захирал Ц.Ц  ирээд хулгайч минь хулгай хийсэн юмаа буулга гэж хэлсэн. Энэ үед манаач машинаас буугаад хашаа руу гүйгээд орсон. Тэгсэн Ц.Ц  намайг ална гээд машиныхаа түлхүүрээр бие рүү чичлээд цохиод авсан. Би Ц.Ц т хулгай хийгээгүй, 10000 төгрөгөөр таксидаж явж байна. Танай манаач тоосго зөөгөөд өг гэж хэлсэн гэхэд Ц.Ц  ерөөсөө тоохгүй байсан. … Автомашиныхаа түлхүүрийг атгаж байгаад үзүүр хэсгээр нь бие рүү хатгаад байсан. Ойролцоогоор 10 орчим удаа хатгасан. Нүүр лүү хоёр удаа цохьсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч В.М-н “… “*******” ХХК-ий хашаанд очоод би портер машин дээр тоосго ачаад дөнгөж хөдөлсөн чинь “*******” ХХК-ий захирал Ц.Ц  машинтайгаа ирсэн. Тэгээд Ц.Ц  машинаасаа бууж ирээд Портер автомашины жолоочийг барьж аваад 2-3 удаа бие рүү нь цохиод авахаар нь айгаад хашаа руу орсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Л.М-н “… Ц.Ц  машинаасаа буугаад чи яахаараа миний юмыг хулгай хийдэг юм гээд Алтанхуягийн мөр хавьцаа 2-3 удаа цохиж байгаа харагдсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, гэрч С.У-н “… Манай нөхөр Ц.Ц  машинаасаа буугаад Т.А  дээр очоод чи яахаараа манайхаас хулгай хийдэг юм бэ? гээд гараараа цохиод авах шиг болсон. Тэр үед би машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Т.А ийг хэд цохьсоныг машинд сууж байсан болохоор хараагүй…” /хх-ийн 26-27/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 306 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Очирбатын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол /хх-ийн 1/, шүүгдэгч Ц.Ц ын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ц т холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Ц.Ц холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Ц  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,    

 Шүүгдэгч Ц.Ц т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4, 17,5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Ц-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөер хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц т
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР