Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 17-ны өдөр                    2022/ДШМ/45                            Хэрлэн сум

 

Б.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2022/0045

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Э.Баасанбаяр /цахимаар/,  

Яллагдагч Б.Б-,

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Х.Даваахүү,

Яллагдагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /цахимаар/,

Хохирогч Ж.О-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С- /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М-/цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/181 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-өд холбогдох эрүүгийн 2039005100083 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Б- 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Х” гэх “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 22.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас Х.М-ын жолоодож явж байсан “Ниссан, Икс-Триал” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж,  Э.О-ий биед хүнд хохирол учруулж, Х.М-, И.З- нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Баасанбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дэх заалт, 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан “яллагдагч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан байхад мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэргийн зүйлчлэлийн хувьд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь буруу,  хууль хэрэглээний хувьд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой” гэсэн хүсэлтүүдийг хангаж,

- “хэргийн газрын үзлэг нь хууль, журамд заасны дагуу хийгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй,  ослын шалтгааны талаар бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, автомашинуудын эвдрэлд үндэслэн  осол болох үеийн хурд, чиглэл зэргийг тогтоолгохоор шинжээч томилох, гэрчээр Б, О, Ш, Н, Т нараас гэрчийн мэдүүлэг авах, хохирогч Ж.О-, яллагдагч Б.Б- /өөрөө зөвшөөрч байгаа/ нарыг гэрч Ж-тай нүүрэлдүүлэн байцаах, жолооч асан М-н талаар гарсан дүгнэлт солигдсон асуудлыг шалгах, хэргийн газрын үзлэгийн явцад авсан фото зургийг флаш,  CD дээр хуулбарлаж авах, мөрдөгчийн магадалагаа солигдсон асуудлыг шалгуулах” гэсэн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж,

- Б.Б-ийн жолоодож явсан  “Зил 131” маркийн автомашинд үзлэг хийж арлын дугаарыг тодруулж, холбогдох газраас лавлагаа авах, уг автомашин нь С.М-н өмчлөлийн мөн эсэхийг шалгуулахаар хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын газрын схем зураг, фото зургуудаас үзэхэд замын нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Жишээлбэл: Тухайн осол болсон зам хэдэн эгнээтэй зам болохыг тогтоогоогүй. 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд байх схем зургаас харахад Батмөнх замын баруун гар талыг барьж явсан гэж үзэх үндэслэл байдаг. Энэ нь Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-ийг зөрчсөнийг үгүйсгэж, харин хохирогч М эсрэг урсгалыг сөрж осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн дүр зураг харагдаж байна.

Осолд холбогдсон хоёр тээврийн хэрэгсэлд ямар ч механикжсан тээврийн хэрэгсэл чирч явсан тээврийн хэрэгсэл байхгүй байхад механикжсан тээврийн хэрэгсэл байсан мэтээр Б-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22.5-ийг зөрчсөн гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцээгүй байна. Эсхүл механикжсан тээврийн хэрэгсэл чирч явсан гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл компьютерээр бичигдсэн байдаг. Мөн схем зургийг хэмжээтэй /масштаб/ баримтаар бүрдүүлсэн тул гар бичиглэл, хар зургийг хэрэгт тусгуулах хэрэгтэй байна. Энэ байдал нь бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл асар хурдтай шороо тоос босгон үзэгдэх орчин хязгаарлаж явсан учир чигээрээ зөрж өнгөрсөн бол ямар аюул учирч болохыг мэдэрч аюулаас зайлуулж зүүн гар тал руугаа зайлах үйлдэл хийсэн байхад хөөж баруун гар руугаа дарж Батмөнхийн жолоодож явсан Орос улсад үйлдвэрлэгдсэн “Зил-131” маркийн машиныг мөргөж кабин дээр гарч эвдрэл үүссэн, купот болон бусад эд ангид эвдрэл үүсгэсэн байдлаас тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлээр ямар байдлаар мөргөлдсөн, мөргүүлсэн эсэхийг тогтоож, хурдыг энерги хадгалагдах хуулиар тооцоолон бодох ажиллагааг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн техникийн лабораториор оношилж тооцоолуулж хийх нь ослын бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Жишээ нь Орос улсад үйлдвэрлэгдсэн “Зил-131” машин техник үзүүлэлт, хурд, туулах чадвар, чадлыг орчин үеийн Япон улсад үйлдвэрлэгдсэн “Ниссан Икстрал” машин хоёрыг харьцуулсан үзүүлэлтийг жирийн нэг жолооч ч хийж чадна.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд холбогдогч хохирогч нарыг оролцуулж хийх, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд машинуудыг оношлуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах нь чухал байна.

2. Тухайн хэрэгт мөрдөгчийн магадалгаа гаргасан бөгөөд бодит байдалд нийцээгүй нь дээрх байдлаас харахад ойлгомжтой байна. Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 22.5-ыг зөрчсөн гэдэг нь нотлогдоогүй байна.

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг Хэнтий аймгийн жолооны курсийн дүрмийн багшаар гаргуулсан нь мөн бодит байдалд нийцээгүйгээс гадна мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтэд Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Замын хөдөлгөөний дүрмийн 37.а-г зөрчсөн гэж үзээгүй нь онцгой анхаарал татаж байна. Иймд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь чухал байна.

3. Батмөнхийн биед согтууруулах ундааны зүйл уусан эсэхэд хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж дүгнэсээр байтал шүүгчийн захирамжид биднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрсөн мэтээр мэдэн будилж заасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүгч Б-г архи ууж байсан гэж хууль сануулж мэдүүлэг авсан нь худал гэдэг нь Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоор байтал гэрч Ж М-г хаацайлж байна гэж хардаж байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Уг захирамжид тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшил болохыг тодруулах шаардлагатай гэх заалт байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийг нарийн сайн тогтоосны үндсэн дээр иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу тогтоох ёстой учир энэхүү заалтыг хүлээн зөвшөөрч байна.

Урьдчилсан хэлэлцүүлэг зарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг буюу өмгөөлөгч миний гомдол гаргах эрхийг хязгаарласан.

Мөн зам тээврийн осол гарахад хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлт гэх нотлох шаардлагатай баримт байдаг. Гэтэл энэ гурван шаардагдах  баримт хоорондоо зөрсөн. Осол гарсан зам хэдэн эгнээ зам болох, сөрөг, эсрэг хөдөлгөөнтэй үгүйг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тогтоогоогүй, ойлгомжгүй схем зураг гарсан байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг компьютерт шивж хийдэггүй, заавал гар бичмэлээр бичиж, гарын үсэг зуруулж, хар схем зургийн хамт хавсаргах ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй. Хэргийн газрын үзлэг хийхэд хохирогч, яллагдагч гэх мэтчилэн хүмүүс оролцсон байхыг хуульд заасан байтал хэргийн газарт үзлэг хийхэд оролцогчид байгаагүй. Хоёр машин аль нь алийгаа мөргөсөн, яг ямар байдалтайгаар эвдрэл үүссэн гэдгийг тогтоох шаардлагатай учир хэргийн газрын үзлэгийг дахин хийх шаардлагатай гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол” шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзахаар заасан. Гэтэл мөрдөгч Г нь өөрийн гаргасан магадалгаанд дүгнэлт хийсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11 дэх заалтад заасан мөрдөгч, прокурор шинжээчээр оролцож болохгүй заалтуудыг зөрчиж мөрдөгчийн магадалгаа гаргасан үйлдэл нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна.

Үүнээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 22.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж мөрдөгч тогтоосон нь үндэслэл муутай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 22.5 дахь заалтад заасан “механикжсан тээврийн хэрэгслийг чирч” гэх заалтыг зөрчсөн гэж үздэг. Харин механикжсан тээврийн хэрэгслийг чирсэн үйлдэл огт байхгүй. Эдгээр хуулийн заалтыг мөрдөгчийн магадалгаанд тусгасан нь шинжлэх ухааны үндэслэлгүй байна.

Мөн дүрмийн багш Э гэх хүн дүгнэлт гаргасан байдаг. Шүүх шинжилгээнээс гадуур хийж байгаа учраас шинжээчээс гэрчийн мэдүүлэг авах, ажлын туршлага байгаа эсэхийг тогтоон шинжээчийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл мөрдөгчийн магадалгаа шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо зөрөөтэй эдгээр нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох буюу техникийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй томилуулах шаардлагатай гэж үзэж байна.

Яллагдагчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 157/ гарсан байтал прокурор согтуу гэх байдлаар яллах дүгнэлт үйлдсэн учир дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Шүүгчийн захирамжийн 7 дугаар хуудсанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гээд бичсэн нь давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн хугацаа сунгах заалтыг оруулан бичиж шүүгчийн захирамж гарсныг компьютерын алдаа гэж үзэхгүй байна.

Давах гомдолд заагдсан ажиллагаануудыг хийж захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “1. Шинжээч Энхтайваны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна” гэснийг, 18 дугаар зүйлийн 18.1-т заасан “Шинжээчийн дүгнэлтэд дараах зүйлийг тусгана”, 18.1.6-т заасан “шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц” гэснийг зөрчиж шинжилгээний бодит үр дүнг тусгаагүй, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлаагүй, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн тэмдэглэл дүгнэлтгүй гарсан буюу шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байхад шүүх “....шинжээч дүгнэлт гаргахдаа мөрдөн байцаалтын 2039005100082 дугаартай хэрэгтэй танилцаж дүгнэлт гаргасан талаараа дурдсан, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл бий болсон, шинжээчийг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ” гэж тавьсан санал үндэслэл бүрт бүрэн дүгнэлт өгөлгүйгээр татгалзаж байгааг зөвшөөрөхгүй байна. Шинжээч танилцсан гэж байгаа хэргийн дугаар нь ч хэлэлцэж байгаа хэрэг биш байна.

2. Осол болсон мэдээллийг Ж-с утсаар авч эмнэлэг цагдаагаас өмнө ослын газарт очиж анхан шатны тусламж үзүүлж ул мөрийг хамгаалах тэмдэг тавьж, X-trial машин 2-3 зам хөндлөн гарч Зил-131 машиныг дайрсан ослын ул мөрийн зургийг гар утсаараа авч, ослын болсон шалтгааны талаар ярилцаж байсан ослын газарт Land-80 машинтай очсон Б, түүний эхнэр О, ослын газарт хар ногоон өнгийн Dellica машинтай очсон Ш, Н, Т нарыг гэрчээр асуухад нь хэргийн бодит байдлыг тогтооход нэн ач холбогдолтой байхад шүүх ....осол болсны дараа хэргийн газарт орсон гэх тул тэднийг гэрчээр зайлшгүй байцаах шаардлага байна гэсэн нь ойлгомжгүй, дутуу дулимаг дүгнэлт хийж татгалзсаныг зөвшөөрөхгүй байна.

3. Цагдаагийн байгууллагаас бэхжүүлж хэрэгт авагдсан хэргийн газрын ул мөрийн фото зураг нь маш бүдэг, жижиг хэмжээтэй угаагдсан ба зарим ул мөрийг балаар зурж тодруулсан байдаг. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хэрэгт авагдсан ул мөрийн фото зургийг флаш юм уу CD гээр цагдаагийн байгууллагаас гаргуулж хэрэг авах хүсэлт гаргасан байхад шүүх ... флаш, CD хавтаст хэрэгт авагдаагүй тул ...хангах үндэслэлгүй байна гэсэн илт буруу үндэслэлгүй дүгнэлт хийж татгалзсаныг зөвшөөрөхгүй байна.

4. Мөрдөгч Гг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан магадалгааг хавтаст хэргээс авч оронд нь 2021 оны 01 дүгээр сарын 21-нд үйлдсэн агуулгад нь нэмэлт бичилт хийж өөрчилсөн магадалгаа хийсэн байгааг шалгуулахаар өмгөөлөгч миний бичгээр гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн авахгүй татгалзаж, үнэнээс зайлсхийж, нэг талыг барьж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, дээрх хүсэлтүүдийг хангаж өгнө үү” гэв.  

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Авто ослын хэргийг бүрэн гүйцэд шалгалгүйгээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заалтад заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй.  

Урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхийн өмнө мөрдөгч яллагдагчид танилцуулсан магадалгааг солин өөр магадалгаа хийсэн байсан учир би 4 хуудас бичгээр хүсэлт гаргахад хүлээн аваагүй миний хүсэлт гаргах эрхийг хуулиар хязгаарласан.

Цагдаагийн албан хаагчийн зургийн аппарат эсхүл утсанд авагдсан зүйлийг СD, флашаар хэрэгт хавсаргуулах хүсэлтүүдийг гаргахад осол болсны дараа хүмүүс очсон, флаш, СD хэрэгт авагдаагүй гэх үндэслэлүүдээр шүүх хүсэлтийг ханган шийдвэрлээгүй. Өмгөөлөгч миний бие флаш, CD-г хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргаж байхад хэрэгт авагдаагүй байна гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн өмгөөлөгч нарын зүгээс огт тавиагүй хүсэлт буюу үйлчлүүлэгчийнхээ ялыг хүндрүүлж өгөөч гэх хүсэлт гаргасныг хүлээж авлаа гэх агуулгатай заалт оруулж ханган шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулах үйлдэл огт хийхгүй. Бусад гаргасан хүсэлтийн хувьд ямар ч тодорхой үндэслэл заагаагүй, ерөнхийд нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийн шүүхийн шийдвэрт үндэслэлээ тодорхой заана гэх заалтыг ноцтой зөрчсөн, хариуцлагагүй хандсан байна.

Хэргийн газрын үзлэг хангалтгүй хийсэн гэж дүгнэж байна.

Мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан заалтуудыг баримтлах ёстой. Шинжээч томилоход хэргийн объектын талаарх тэмдэглэгээ, хэргийн материал судалсан тэмдэглэл, харьцуулан шинжилгээ зэрэг эдгээр зүйл огт байхгүй зөвхөн буруутай байна гэх 1 хуудас дүгнэлт гаргасан нь хангалтгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Ийм учир мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Мөн яллагдагч Б нь тухайн үед архи хэрэглээгүй талаар шүүхийн шинжээчийн дүгнэлт, Батмөнхийн эхнэр эдгээр хүмүүс гэрчилдэг. Гэтэл тухайн үед явж байсан 5 хүний 2 хүн  Б-г архи уусан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр архи уусан гэж үзэн архи уусан гэж зүйл анги сонсгосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир дээрх нөхцөл байдлыг харж үзэн анхан шатны шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 5 дугаар хуудсанд өмгөөлөгч миний хэлсэн үгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гуйвуулан бичсэн байдаг. Энэ заалтыг өмгөөлөгч нарын зүгээс санал болгож тавиагүй.

Энэ эрүүгийн хэрэг гурван дугаартай явж байгаа. Яллагдагчаар татсан тогтоолд “...00083...” гэж,  шинжээчийн дүгнэлт гаргах тогтоолд “...0000082 дугаартай хэрэгтэй танилцсан...” гэж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “Б-д холбогдох 203900510083 дугаартай эрүүгийн хэргийг...” гэж 3 өөрөөр бичсэн байдаг. Эдгээрийг техникийн алдаа гэж үзэж болохгүй.

Энхтайван гэх хүн шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадалгаа эргэлзээтэй. Хэргийн газрын үзлэг тухайн үед хийгдсэн гэхэд эргэлзээтэй байгаа учир өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авна уу” гэв.

 

Хохирогч Ж.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөрдөгч хэтэрхий нэг талыг барьсан гэх хардалт төрж байна. Хэргийн газарт аль машин хаанаас орж ирж мөргөсөн нь шууд харагддаг. Хуулийн байгууллага энэ хэргийн үнэн зөвийг олоосой гэж хүсч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.М-давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Уг тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан, хэнийх нь эзэмшил болохыг тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Яллагдагчийн өмгөөлөгч нар хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадалгаа хангалтгүй дахин шинжээч томилуулах шаардлагатай гэдэг. Мөрдөгч Г нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн газарт үзлэг хийсэн байдаг. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлтэй явж байсан. Олон эгнээтэй зам байсан гэдгийг тодорхойлсон.  Хоёр тээврийн хэрэгсэл ямар байдалтай мөргөлдсөн  гэдгийг зам тээврийн хэрэгслийн схем зурганд тодорхой зааж өгсөн. Эдгээр нөхцөл байдал тогтоогдсон учир дахин шинжээч томилох шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр заалтад зааснаар мөрдөгч магадалгаа гаргасан. Мөрдөгчийн магадалгаанд жолооч Б нь эрхээ хасуулсан, түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан энэ байдлыг оруулаагүй. Мөн осол гарснаас хойш хохирол төлбөр төлөгдөөгүй. Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирлыг барагдуулах талаас нь иргэний хариуцагчийг зөв тогтоогоод хэргийг шийдэх боломжтой гэж үзэж байна” гэв.

 

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Баасанбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Яллагдагчийн өмгөөлөгч нар гэрч асуух шаардлагатай гэсэн тайлбар хэлж байна. Үүнийг шүүгчийн захирамжаар татгалзсан нь үндэслэлтэй байна. Мөн тухайн газарт байсан хүмүүс, дүрмийн багш Э нарыг гэрчээр асуух шаардлагатай гэж үзвэл шүүхийн хэлэлцүүлэгт дуудан мэдүүлэг, тайлбар авах боломжтой. Шинжээч эмч Э-ы 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй учир дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Баасанбаяраас яллагдагч Б.Б- тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 22.5-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Э.О-ийн биед хүнд хохирол, хохирогч Х.М-, И.З- нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдээс “яллагдагч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан байхад мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэргийн зүйлчлэлийн хувьд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь буруу,  хууль хэрэглээний хувьд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой” гэсэн хүсэлтүүдийг хангаж, үлдэх хэсгийг хангахаас татгалзаж,  хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр  хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсны дараа яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй, өмгөөлөгчийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан, ЗИЛ-131 маркийн автомашин хэний өмчлөлийнх болохыг тогтоох” ажиллагааг нэмж хийлгэх заалт үндэслэлтэй байна.

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах тухай яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянавал:

Давж заалдах шатны шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн газрын ул мөрийн фото зургийг флаш эсхүл CD-ээр цагдаагийн байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргуулах, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулах, өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хэлсэн саналыг яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар буруу бичсэнийг  зөвтгүүлэх   тухай гомдлуудыг  хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь:

- Зам тээврийн ослын шалтгааныг тогтоолгохоор 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр мөрдөгчийн магадалагаа,  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт тус тус гарсан байх ба шинжээчийн дүгнэлт нь  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2,  18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг зөрчсөн, шинжилгээний бодит үр дүнг тусгаагүй, шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулахаар гаргасан  яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн дээрх мөрдөгчийн магадалагаа  болон шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан яллагдагч Б.Б-ийг буруутгаж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд нь хоорондоо  зөрүүтэй, яллах дүгнэлтэд Б.Б- Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 12.3, 22.5-д заасан заалтуудыг зөрчсөн болохыг дурдсанаас гадна мөрдөгчийн магадалагаа болон шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 11.6 дахь заалтыг Б.Б-ийг зөрчсөн гэсэн хэсгийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, дээрх 2 заалтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмж /хх2-174/ өөрчлөлт оруулсан атлаа яллах дүгнэлтэд тусгаагүй, өөрөөр хэлбэл Б.Б- Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 11.6 дахь заалтыг  зөрчсөн эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй  нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Иймд эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүйгээс гадна шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулах яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.

- Хэргийн газрын үзлэгийг хэргийн оролцогчдыг оролцуулан нөхөн хийлгэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх ба харин хэргийн газрын үзлэгийн ул мөрийг бэхжүүлсэн фото зураг  бүдэг, жижиг хэмжээтэй угаагдсанаас сайн харагдахгүй, зарим ул мөрийг балаар зурж тодруулсныг нотлох баримтын хүрээнд үнэлэхэд хүндрэлтэй байгаа учир цагдаагийн байгууллагаас дээрх ул мөрийн фото зургийг флаш юм уу CD-р гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

-Шүүгчийн захирамжинд хэргийн зүйлчлэл буруу, хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг зөвтгүүлэхээр яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн хувьд шүүх өмгөөлөгчийн саналыг шүүгчийн захирамжинд тусгахдаа агуулгын хувьд зөрчилтэй бичсэн байна гэж үзлээ.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжинд тусгасан хийгдвэл зохих нэмэлт ажиллагаанаас гадна магадлалд дурьдагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх  шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуух, хохирогч, яллагдагч нарыг гэрч У.Ж-тай нүүрэлдүүлэн байцаах, Х.М-ын талаар гарсан дүгнэлт солигдсоныг шалгах хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд яллагдагчийн өмгөөлөгч  Х.Даваахүү, Г.Бадамханд  нарын гаргасан “шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/181 дугаартай шүүгчийг захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Г.Бадамханд нарын гаргасан “шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                 Д.БАЙГАЛМАА

           

                                                                                             Г.БОЛОРМАА