Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00408

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00408

Хөвсгөл аймаг

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *************************** байрлах, Т ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ************** оршин суух Ш  Б З ,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ******************* тоотод оршин суух Б  Б Д  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,306,819 төгрөг, зээлийн хүү 10,743, 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, нийт 22,226,700 (хорин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу) төгрөг гаргуулах,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах   тухай 155/2024/00270/и дугаар индекстэй иргэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Ж ,

Хариуцагч: Б.З ,

Хариуцагч: Б. Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.З , Б.Д  нарт холбогдуулан  үндсэн зээл 9,306,819 төгрөг, зээлийн хүү 10,743, 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, нийт 22,226,700 (хорин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу) төгрөг гаргуулах,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах   шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Т  ББСБ нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 150010220026 тоот зээлийн гэрээгээр Б.З д 10,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэгчээр Б.Д  гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр дуусах байсан боловч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

-Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1723006000 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай зоорь,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу:

-Хөвсгөл аймаг, Түнэл сум, Хөх толгой-1 14-1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 211403089 дугаарт бүртгэлтэй, 597,8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших газар,

-Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2а тоот хаягт байршилтай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-1723000140 дугаарт бүртгэлтэй, 600 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмших газрыг тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээл 9,306,819 төгрөг, үндсэн хүү 10,743,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, нийт 22,226,700 (хорин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу) төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцааны зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...гэжээ.

Б.Шүүх хуралдаанд төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хамтран зээлдэгч уг зээлийн хамтран зээлдэгчээр орсноо хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч 2,363,000 төгрөг гэрээний хугацаанд төлсөн. Нийт 10,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс үндсэн зээлд 963,1881 төгрөг хийсэн. Хүү 1,450,887 төгрөг төлсөн. Хөл хориотой байсан хугацаанд 50,269 төгрөгний хүүг манай зүгээс хөнгөлсөн. 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 180,000 төгрөг хийгээд өөр мөнгө огт хийгээгүй. Үүнээс хойш зээлээ төл гэсэн албан бичиг 2,3 удаа өгсөн. Хэрэгт уг албан бичгийн гаргаж өгөөгүй байна. Хариуцагч Б.З тай зээл төлүүлэх талаар уулзахад барьцаа хөрөнгөө зарах гээд байна. Зар байршуулъя шүүхэд хандахгүй байж бай гэдэг байсан. Тухайн үед бид хашаа, байшин зарах зарыг нь өөрсдийнхөө фейсбүүк хуудсаар дамжуулан явуулж байсан. Шүүхэд өгөх гэхээр Өмнөговьд ажилладаг хүн авах гэж байгаа гэдэг байсан. Тэр хүн нь ч хоёр, гурван удаа ирж уулзсан. Шаардлага хангаагүй болохоор манай зүгээс зээлийг нь гаргаагүй. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар зээлийн үлдэгдэл 9,306,819 төгрөг, үндсэн хүү 10,743,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,774 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 27,400 төгрөг манай зүгээс гарсан. Одоо нийт 22,226,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 20 дугаар гудамжны 2а тоотод байрлах 600 метр квадрат газар, зоорь 40 метр квадрат, хамтран зээлдэгчийн Хөх-толгойд байрлалтай газар байгаа. Эдгээрээр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хангуулна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Д ийн гэрийн хаягаар зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Гэвч одоогоор энэ тухай баримт хэрэгт байхгүй байна. Ер нь бол эдгээр хүмүүсээр зээлийг нь төлүүлэх гэж манай зүгээс утсаар ярьж, мэдэгдэж байсан...гэв.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.З :..Миний бие Б.З  нь Т  ББСБ-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Т  ББСБ-аас 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг өөрийн дүү Б.Д ийг хамтран зээлдэгчээр оролцуулан авсан нь үнэн. Миний бие өндөр настай, бие даан босох чадваргүй, байнгийн хэвтэрт байдаг ээжийгээ асрахын хажуугаар ногоо тарин амьдардаг байсан боловч коронавирусын халдвар тархаж, бүх нийтээр хөл хорио тогтоосны улмаас зээлээ заасан хуагцаанд нь төлөлт хийж чадаагүй нь үнэн. Би 2020 оны 10 дугаар сард төлөлт хийснээс хойш огт төлөлт хийж чадаагүй ба үүнийгээ тухайн үедээ нэхэмжлэгч байгууллагад хэлж, өөрийн нөхцөл байдлыг ойлгуулсаар байтал зээлийн гэрээний хугацаа дуусмагц зохих байгуулагад хандалгүй бүхэл бүтэн 9 сарын дараа шүүхэд хандсаныг нь гайхаж байна.

Хэдийгээр би зээл аваад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч байгууллага хэтэрхий өндөр хүү тооцож байгаад гомдолтой байна. Миний бие үндсэн зээл 9,306,819 төгрөг, зээлийн гэрээгээр төлбөл зохих хүү 6,345,184 төгрөг, нийт 15,652,003 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү 2,148,747, нотариатийн зардал 27,400 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна.

...Хүү хэтэрхий өндөр байна. Би хэлж байсан. Хүүгээсээ хасах боломж байна уу гэхэд байхгүй гэсэн. Төлөх хэмжээнээс их байна. 15,000,000 төгрөг байвал төлнө. Би дүүгээ оролцуулах шаардлага алга. Манай дүү энд хамаагүй тул хасч өгнө үү.

...Тухайд үед ковид гарсан. Өндөр настай ээжийгээ асардаг зэрэг шалтгаан нь зээл төлөхөд нөлөөлсөн. Энэ байдлаа ББСБ-д хэлж байсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 9,306,819 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, хүү 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хүүг зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн зээлээс давсан өндөр хүү бодогдсон нь хохиролтой байна...гэв.

Б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.Д :...Б.Д  миний бие Т  ББСБ-н төлбөр төлөх боломжгүй, хамаарал байхгүй. З ын авсан зээл надад хамаагүй болно.

Гэрээнд гарын үсэг зурсан учир энд хариуцагчаар сууж байна. Эгчийн авсан зээлд батлан даагчаар ороод өгөөч гэхээр нь гарын үсэг зурсан юм. Хүү нь бас өндөр байна. 2024 оны 3 дугаар сард шүүхээс дуудснаар уг асуудлыг мэдсэн. Урьд нь энэ хүн зээлээ төлөхгүй байна гэсэн бичиг надад ирээгүй. Надтай Т  ББСБ-аас холбогдож байгаагүй. Нэг ёсондоо хүний ажил амьдрал явж байна. Т  ББСБ ХХК-аас надад мэдэгдсэн бол тухайн үед асуудлыг шийдвэрлэх арга зам хайх байсан.

Ийм өндөр хүү бодогдохгүй байх байсан. Яагаад шүүхэд хандаагүй, 4 жилийн дараа 2024 онд хандсаныг ойлгохгүй байна. Намайг батлан даагчаас хасч өгөөч.

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл, нотариатийн зардал зэргийг зөвшөөрч байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүнд 5,000,000 төгрөг төлөх Б.З ын саналыг дэмжиж байна. Үлдэх хүүг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 1 хуудас, салбарын гэрчилгээний хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, байгууллагад очих баримт 1 хуудас, нотариатчаар гэрчлүүлсэн 2020 оны 1 дугаар сарын 09ий өдрийн №150010220026 дугаартай,зээлийн гэрээний хуулбар 2 хуудас, баталгаат ипотекийн гэрээний хуулбар 3 хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар 3 хуудас, хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээний хуулбар 3 хуудас, зээлийн хүүний тооцоо гэх баримт 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар 2 хуудас, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас зэрэг баримтуудыг гарган өгсөн.

Хариуцагч нараас хариу тайлбар 3 хуудас баримтыг ирүүлсэн.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч  Т  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.З , Б.Д  нарт холбогдуулан  үндсэн зээл 9,306,819 төгрөг, зээлийн хүү 10,743, 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, нийт 22,226,700 (хорин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу) төгрөг гаргуулах,  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажитгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцсон.

2.Хариуцагч  нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

3.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ...Т  ББСБ ХХК-аас Б.З , Б.Д  нар нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр №150010220026 дугаартай зээлийн, баталгаат ипотекийн, үл хөдлөх,хөдлөх эд хөрөнгийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10.000.000 төгрөгийг  зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь 2020 оны 10 дугаар сараас хойш гэрээнд заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй.Одоо үндсэн зээл 9,306,819 төгрөг, зээлийн хүү 10,743, 734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргасан. Үүнд гарсан нотариатийн зардал 27,400 төгрөг. Нийт 22,226,700 (хорин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу) төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Мөн хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна ...гэж тодорхойлсон.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн үндэслэлээ хариуцагч Б.З ...2020 оны 1 дүгээр сард зээл авсан ба 2020 оны 10 дугаар сараас зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй нь үнэн. Тухайд үед ковид гарсан. Өндөр настай ээжийгээ асардаг зэрэг шалтгаан нөлөөлсөн. Энэ байдлаа ББСБ-д хэлж байсан.

Одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 9,306,819 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, хүү 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хүүг зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн зээлээс давсан өндөр хүү бодогдсон нь хохиролтой байна...гэж,

хариуцагч Б.Д ....миний бие энэ зээлийн хамтран зээлдэгч бөгөөд эгчийгээ гарын үсэг зураад өгөөч гэхээр нь гэрээнд гарын үсэг зурсан, мөнгийг авч ашиглаагүй.Уг мөнгийг би төлөх үндэслэлгүй. Намайг хариуцагчаас хасч өгнө үү. Зээлийг эгч Б.З  авч, төлөлтийг мөн тэр төлдөг байсан. 2020 оны 10 сараас эхлээд огт төлөлт хийгээгүй гэдгийг би мэдээгүй. Т  ББСБ ХХК-аас надтай огт уулзаж байгаагүй ба энэ асуудлыг шүүхээс нэхэмжлэл авах үед мэдсэн. Хэрэв урд нь Т  ББСБ ХХК-аас надад мэдэгдсэн бол тухайн үед шийдвэрлэх байсан. Ийм өндөр хүү бодогдохгүй байх байсан. Яагаад шүүхэд хандаагүй, 4 жилийн дараа буюу 2024 онд хандсаныг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл, нотариатийн зардал зэргийг зөвшөөрч байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүнд 5,000,000 төгрөг төлөх Б.З ын саналыг дэмжиж байна. Үлдэх хүүг зөвшөөрөхгүй....гэж тус тус тайлбарлав.

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

Иргэн Б.З , Б.Д  нар нь Т  ББСБ ХХК-аас 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр №150010220026 дугаартай зээлийн, баталгаат ипотекийн, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 10,000,000 төгрөгийг зээлж, зээлдэгч нар нь гэрээнд заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүгийн хамт төлөх үүрийг хүлээжээ.

Ингэснээр Т  ББСБ ХХК нь зээлдэгч Б.З ын дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгож, зээлдэгч нар нь гэрээний дагуу үндсэн зээлд 693.181, зээлийн хүүнд 1.450.887, нэмэгдүүлсэн хүүнд 215,932 төгрөг, нийт 2,360,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдлоо.

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 6-17 дахь тал)

Мөн зохигчид үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн төлбөр болон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл зэрэгт маргаагүй бөгөөд зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх ёстой боловч 2020 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь нотлогдлоо. 

Тодруулбал зохигчид үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн төлбөр болон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,306,819 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн зэрэгт маргаагүй.

Харин 2020 оноос эхлэн зээл төлөх боломжгүй болсныг нэхэмжлэгч тал мэдсэн мөртлөө шүүхэд 2024 онд хандсан нь өндөр хүү бодогдох нөхцлийг бий болгосон. Иймд нэхэмжилж байгаа шаардлагаас үндсэн зээл 9,306,819 төгрөг, нотариатийн зардал 27,400 төгрөг, хүү 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хүүг зөвшөөрөхгүй хэмээн мэтгэлцэв.

Зээлдэгч нар 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлөлтөө зогсоосноос хойш зээлдүүлэгч тал гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан эсэх нь тодорхойгүй, гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр дууссанаас хойш 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, энэ талаар Б.З , Б.Дэмжид нарт мэдэгдэл хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 150010220026 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлд Т  өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардах. Үүнд:

Зээлдэгч...Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөөгүй бол...гэх үндэслэлээр зээлийн  гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлахаар заажээ.

Шүүх хуралдаанд гаргасан зохигч нарын тайлбараас дүгнэвэл Т  ББСБ ХХК нь зээлдэгч Б.З , Б.Д  нарыг зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй, гэрээг хугацаанд нь биелүүлэхгүй нөхцөл үүссэнийг бодитоор мэдсэн атал шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хугацаа хэтэрч хүү 10,743,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,148,747 төгрөг төлөх нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүүг авах эрхээ алдана гэж хуульчилсан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг үүрэг гүйцэтгэгч хариуцах үндэслэлгүй байна.

Гэвч хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн зээл төлөх үүргээ гүйцэтгээгүй нь үнэн тул нэхэмжилж буй хүүнээс зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь хамтран үүрэг гүйцэтгэгч  Б.Д ээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан  ба Б.Д  нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураар оролцож, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн  байх тул зээлийн хамтран зээлдэгч биш гэж үзэх боломжгүй, үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно.

Иймд зээлийн төлөлт 2020 оны 10 дугаар сард зогссоноос хойш гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлөлт хийхийг шаардах эрхээ зээлдүүлэгч тал хэрэгжүүлээгүйн улмаас хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой болсон байх тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувь багасгаж, зээлийн хүүд 10,743,734 төгрөг шаардсаныг 5,371,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,148,747 төгрөг шаардсаныг 1,074,373.5 төгрөг болгон багасгаж, үндсэн зээл 9,306,819 төгрөг, нийт 15,753,059, 5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 27,4000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.З ын өмчлөлийн Y-1723006000 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2а тоотод байрлах 40 м.кв талбайтай зоорь зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Б.З ын эзэмшлийн Э-1723000140 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2а тоотод байрлах, гэр орон сууцны хашааны газар, Б.Д ийн эзэмшлийн, нэгж талбарын 211403059 дугаар бүхий, Хөвсгөл аймаг, Түнэл сум, Хөх толгой-1 14-1 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 15,780,459.5 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 236,852 төгрөгийг хариуцагч Б.З , Б.Д  нараас гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 227 дугаар зүйлийн 227.3, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.З , Б.Д  нараас 15,780,459.5 /арван таван сая долоон зуун наян мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,446,240,5 /зургаан сая дөрвөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун төгрөг таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.З , Б.Д  нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Б.З ын өмчлөлийн Y-1723006000 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2а тоотод байрлах 40 м.кв талбайтай зоорь зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Б.З ын эзэмшлийн Э-1723000140 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 3 дугаар баг, 20 дугаар гудамж, 2а тоотод байрлах, гэр орон сууцны хашааны газар, Б.Д ийн эзэмшлийн, нэгж талбарын 211403059 дугаар бүхий, Хөвсгөл аймаг, Түнэл сум, Хөх толгой-1 14-1 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,290 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 236,852 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ