| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00349/И |
| Дугаар | 155/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00428
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00428 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Б сумын Баянхошуу багт байрлах, Б сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын Сангийн далай багт оршин суух, О Г.М (*********** )-т холбогдох,
15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00349/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ЗДТГ-ын нярав Г.С тай зээлийн гэрээ байгуулан өвс худалдан авсан. Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч мөнгөө бүрэн төлөөгүй өгөх боломжгүй гэж хойшлуулсаар 10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд хүндрэл учруулж өндөр хэмжээний өр үүсэж аймгийн төрийн аудитаас төлбөрийг бүрэн барагдуулах зөвлөмж авсан.
Иймд ЗДТГ-ын өвсний мөнгө Сангийн далай багийн Засаг дарга Г.Мөнхбаяраас 15,985,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
2023 оны 01 дүгээр сард өөрийн багийн 172 өрх айлд тус бүр 5 ширхэг пресс өвсийг зээлээр өгсөн нь үнэн бөгөөд нийт 15,985,000 төгрөгийг малчдаас авч сумын ЗДТГ-ын няравт 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөр тооцоо хийж дуусгах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Мөнхбаярт холбогдуулан 15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Мөнхбаяраас 15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 237,875 (хоёр зуун гучин долоон мянга найман зуун далан тав) төгрөгийн тал хувь 118,937 (нэг зуун арван найман мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Б сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Мөнхбаярт холбогдох 15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,985,000 (арван таван сая есөн зуун наян таван мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Мөнхбаяраас 118,937 (нэг зуун арван найман мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ