Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00430

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00430

Хөвсгөл аймаг

 

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********************** байрлах, АФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, Б  Н.Г (*************** )-д холбогдох,

Зээлийн үлдэгдэл 9,187,991 төгрөг, хүү 5,970,603.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,831.72 төгрөг, нийт 16,020,426.28 (арван зургаан сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АФ ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нямбаяр овогтой Гансэлэнгэ нь АФББСБ ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Да-21/275 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-г тус тус байгуулан 10,850,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Да-21/275 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 62-82УАМ улсын дугаартай, КМРХК37ВР211577187 арлын дугаартай, hyundai porter-1 маркийн, цагаан өнгөтэй 2002 онд үйлдвэрлэсэн, ачааны зориулалттай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, зээлдэгч нь унаж явах эрхтэйгээр зээл авсан. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө огт төлдөггүй зээлийн гэрээний 7.2.1, 7.2.13-д заасныг тус тус зөрчсөн байх тул гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаж болно гэсний дагуу АФББСБ ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцласан болно. Зээлдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8 удаагийн гүйлгээгээр нийт 5,746,400 төгрөг төлсөн. Үүнээс нэмэгдүүлсэн хүүнд 597,125.8 төгрөг, зээлийн хүүнд 3,487,265.2 төгрөг, үндсэн зээлд 1,662,009 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.

Зээлийн гэрээний 2.7-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ хэмээн заасан. Шүүхэд өгсөн дансны хуулгын төлөлтийг дэлгэрэнгүй задалж тайлбарлая. Үүнд:

2021.12.1-ний өдрийн 600,000 төгрөг төлснөөс 19 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүд 354,433.24 төгрөг, үндсэн зээлд 245,566.76 төгрөг,

2021.12.01-ний өдрийн 583,000 төгрөг төлснөөс зээлийн хүүд 380,948.63 төгрөг, үндсэн зээлд 202,051.37 төгрөг,

2022.2.22-ны өдрийн 753,000 төгрөг төлснөөс 83 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 29,126.64 төгрөг, зээлийн хүүд 511,701.56 төгрөг, үндсэн зээлд 212,171.80 төгрөг,

2022.4.7-ны өдрийн 859,000 төгрөг төлснөөс 44 хоногийн хугацаа хэтрэлттэй

нэмэгдүүлсэн хүүд 66,576.16 төгрөг, зээлийн хүүд 523,819.49 төгрөг, үндсэн зээлд 268,604.35 төгрөг,

2022.4.19-ний өдрийн 395,900 төгрөг төлснөөс 12 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 20,835.36 төгрөг, зээлийн хүүд 138,902,52 төгрөг, үндсэн зээлд 236,162.12 төгрөг,

2022.5.9-ний өдрийн 475,500 төгрөг төлснөөс 20 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлийн хүүд 237,293.28 төгрөг, үндсэн зээлд 238,206.72 төгрөг,

2022.6.16-ны өдрийн 680,000 төгрөг төлснөөс 6 хоногийн хугацаа хэтрэлттэй

нэмэгдүүлсэн хүүд 13,226.16 төгрөг, зээлийн хүүд 407,527.96 төгрөг, үндсэн зээлд 259,245.88 төгрөг,

2023.2.13-ны өдрийн 1,400,000 төгрөг төлснөөс 242 хоногийн хугацаа хэтрэлттэй нэмэгдүүлсэн хүүд 467,361.48 төгрөг, зээлийн хүүд 932,638.52 төгрөг,

Зээлийн гэрээний 2.7, 3.2.4, 3.2.5, 3.2.11, 4.1.1, 5.1, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээний 3.1, 3.2, 4.1.1, Иргэний хуулийн 451.1, 453.1, 452.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21,2-т тус тус зааснаар хариуцагчаас ззэгийн гэрээний үүрэгт нийт 401 хоногийн хугацаа хэтрэлттэй үндсэн зээлийн үлдэгдэл 9,187,991 төгрөг, зээлийн хүү 5,970,603.56 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 861,831.72 төгрөг, нийт 16,020,426.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Гансэлэнгэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Нямбаяр Гансэлэнгэ АФББСБ ХХК-д 16,020,426.28 төгрөгийн зээлтэй байснаас 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 8,020,426.28 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч АФББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г  шүүхэд гаргасан хүсэлтдээ: АФББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нямбаярын Гансэлэнгэд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,020,426.28 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэлд хариуцагчтай дараах байдлаар харилцан тохиролцож байгаа болно. Үүргийн гүйцэтгэл болох 16,020,426.28 төгрөгийн 8,000,000 төгрөгөөс татгалзан үлдэгдэл 8,020,426.28 төгрөгийг сар бүр 668,368.9 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай төлж барагдуулна. Үүнд:

1.    2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

2.    2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

3.    2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

4.    2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

5.    2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

6.    2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

7.    2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

8.    2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

9.    2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

10. 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

11. 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг

12. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 668,368.9 төгрөг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АФББСБ ХХК нь хариуцагч Н.Г-ээс  зээлийн үлдэгдэл 9,187,991 төгрөг, хүү 5,970,603.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,831.72 төгрөг, нийт 16,020,426.28 (арван зургаан сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь .... 8,020,426.28 төгрөгийг 2025

оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбарыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн дээрх хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлага 16,020,426.28 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 8,000,000 төгрөгөөс татгалзаж, 8,020,426.28 төгрөгийг сар бүр 668,368.9 төгрөгөөр 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаатай төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч АФББСБ ХХК нь зээлийн үлдэгдэл 9,187,991 төгрөг, хүү 5,970,603.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,831.72 төгрөг, нийт 16,020,426.28 (арван зургаан сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг хорин найман мөнгөтөгрөгийг хариуцагч Н.Г-ээс  гаргуулахаар нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 8,000,000 төгрөгөөс татгалзаж, 8,020,426.28 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч АФББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,052 (хоёр зуун гучин найман мянга тавин хоёртөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс  119,026 (нэг зуун арван есөн мянга хорин зургаатөгрөгийг, улсын орлогоос 119,026 (нэг зуун арван есөн мянга хорин зургаатөгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч АФББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Гансэлэнгэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ