Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0062

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Б.Ж

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Х.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Х овогт Х-н М,

   Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр      аймгийн      сумын      багийн     тоотод Б.Б-г “утсаар чинь дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, “Самсунг А31” загварын гар утасыг залилж авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Х.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Х овгийн Х-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тооцон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 240 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Х.Маас 450.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:

 

“... Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л нь эрүүгийн           дугаартай Х.Мд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Х.Мд холбогдох хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцээд 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Мд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тооцож,      аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны      дугаартай шийтгэх тогтоол,     аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн     дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 02 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Яллагдагч Х.М нь     аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны     дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 02 сар 06 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн    дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үйлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа удаа дараа зөрчил гаргасан тул     аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр    дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон. Прокуророос Х.Мд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө Х.М нь цагдан хоригдож байсан ба эрх зүйн байдлын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 212 дугаар зүйлд зааснаар хоригдол шилжүүлэн хорих тухай шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорих байранд шилжүүлэн хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авах байсан бөгөөд хэрэгт хяналт тавьсан прокуророос энэ ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хорих ял эдэлж байгаа Х.Мын ялын тооцоог буруу тооцож, нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: “... дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай эсэргүүцэл гаргасан боловч шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хэргийг прокурорт буцааж ялтны ялын тооцоог дахин гаргуулж хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Мд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

              Шүүгдэгч Х.М нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр      аймгийн      сумын    багийн      тоотод оршин суух иргэн Б.Б-н гэрт түүнийг “утсаар чинь дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч, Самсунг А31 загварын гар утсыг нь залилж авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

   Шүүгдэгч нь урьд      аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн    дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 cap 6 хоногийн хорих ялаар шийтгүүлж,     аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн     дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.

   Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Х.Мыг цахим хяналтаас гарсан зөрчлийг 5 удаа гаргасан үндэслэлээр  тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн     дугаартай захирамжаар түүнд оногдуулсан 1 жил 10 cap 8 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, түүнийг цагдан хорьж, ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн байна.

   Дээд шатны прокуророос “ ... хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө Х.М нь цагдан хоригдож байсан ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хорих ял эдэлж байгаа Х.Мын ялын тооцоог буруу тооцож, нэгтгэсэн...” гэсэн эсэргүүцэл гаргажээ.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 212.1-д заасны дагуу шилжүүлэх тохиолдолд хоригдлыг яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шилжүүлэн авсан албан тушаалтан цагдан хорих байранд хүргэх бөгөөд уг хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцно” гэж заасан бөгөөд ялтныг шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул түүнийг энэ хугацаанд цагдан хоригдож байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

   Харин шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хх 89/ ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн өдөр хүртэл хугацаанд 1 сар 4 хоногийн хорих ял эдэлсэн байна.

   Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Мд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 хоногийн хорих ялаар тооцон, дээрх      дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 1 жил 1 сар 25 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

              Хэргийн бүх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Анхан шатны шүүхийн шүүгч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гаргаж, мөн өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг журмыг зөрчсөн байх боловч энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

              Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ