| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05489/И |
| Дугаар | 101/ШШ2024/02106 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/02106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С***** тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*********** хаягт оршин байрлах, ******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох
20,568,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч ******* ******* ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч компанитай холбогдож хууль зүйн зөвлөгөө авахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би өмгөөлөгч Э. хамтаар очиж хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал буюу ахлах нягтлан бодогч нартай уулзаж тус шүүхэд иргэний хэрэг үүсэн хянагдаж байсан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар зөвлөгөө авсан. Энэхүү уулзалтаас талууд Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцож гэрээний нөхцөлүүдээ мөн харилцан ярилцаж тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2022/10 дугаартай Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан тухайн гэрээний 3.1.а заалтад төлбөрийн нөхцөлийг урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдсан үнийн дүнгийн 10 хувиар тооцон төлбөрийг төлөхөөр тохиролцож урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж эхэлсэн. Тухайн иргэний хэрэгт итгэмжпэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өмгөөлөгч Э. хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож 3 шатны шүүхээр хуралдаанд хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс нийт 256,663,000 төгрөгийг хасуулан шийдвэрлүүлсэн. ББСБ ХХК-тай холбоотой иргэний хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр талууд гэрээг дүгнэж үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлсэн акт үйлдэж 20,568,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Талууд хооронд байгуулсан Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.1.4 дэх заалтад гэрээний дагуу холбогдох төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулах гэж заасны дагуу хариуцагч нь төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.
Иймд Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу үлдэгдэл төлбөр 20,568,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаруулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Б.*******д олгосон 2023.08.16№0816 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.09.09№2022/10 Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, ******* ******* ХХК-иас 20,568,000 төгрөг нэхэмжилсэн ******* ******* ******* ******* ХХК-ийн 2023.05.09-ний өдрийн нэхэмжлэх, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17№101/ШШ2022/04874 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.10№210/МА2023/00359 магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.04.18№001/Т2023/00067 дугаар тогтоол,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Ж.ы иргэний үнэмлэхийн хуулбар,
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 20,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
3. Хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит *******д нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
6. ******* ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/10 дугаартай Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-нээс үзэхэд, ******* ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д эрх зүйн зөвлөх үйлчилгээг гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үзүүлэхээр харилцан тохиролцож, Гэрээний 3.1-ийн а/-д Үйлчлүүлэгч тал нь зөвлөх талд хууль зүйн үйлчилгээний хөлсөнд эрсдэлээс хамгаалсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүнгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийг төлөх бөгөөд урьдчилгаа төлбөр болгон 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэр эцэслэн гармагц төлнө. Урьдчилгаа төлбөр нь зөвлөхийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх төлбөр бөгөөд гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсан болон бусад тохиолдолд буцаан олгогдохгүй болно. /хх-ийн 7-11 дүгээр тал/ гэж заасан байна.
7. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэд хүсэл зоригийн илэрхийлэл болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
8. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №101/ШШ2022/04874 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №210/МА2023/00359 магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №001/Т2023/00067 дугаар тогтоолоос үзэхэд, нэхэмжлэгч - ган ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах тухай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, хариуцагч ******* ******* ХХК-иас шаардсан нэхэмжлэлийн шаардлагын 256,663,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******, өмгөөлөгчөөр Р., Э. нар оролцсон байна.
9. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/10 дугаартай Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1-ийн а/-д ... нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүнгийн 10 хувьтай тэнцэх төгрөг төлөх, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц, үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэр эцэслэн гармагц төлнө... гэж заасны дагуу гэрээний үүрэгт төлөх төлбөрийн үлдэгдэл хэмээн 20,568,000 төгрөг гаргуулахаар 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийн нэхэмжлэх үйлдсэн нь талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуульд нийцсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 20,568,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 260,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА