Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сү********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ба********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/регистрийн дугаар: У*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 19-нд Х.******* нь хүү А.ын хамт зээлийн гэрээ байгуулж 3,000,0000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч мөнгөө төлөөгүй алга болсон. Түүнээс хойш аав нь туж зугтсан. 2021 оны 02 дугаар сард аавтай нь ТҮЦ ажиллуулж байхад нь таарч, уулзахад найзын итгэл эвдлээ, мөнгөний ханш унасан, хугацаа хожсон гээд 10,000,000 төгрөг өгөхөөр нотариатаар 2021 оны 02 дугаар сарын 04-нд батлуулсан. 1,750,000 төгрөг өгсөн. Үүнд 1,300,000 төгрөг өгч, 750,000 төгрөгт тооцож кофе өгсөн. Тэгээд алга болсон.

Одоо хариуцагчаас үлдэх төлбөр 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Харицуагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015.10.19 өдөр зээлдүүлэгч С.*******, зээлдэгч А. нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, төлбөр авагч С.*******, төлбөр төлөгч Х.******* нарын хооронд 2021.02.04 өдөр байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагчийн гадаад паспортын хуулбар, хариу тайлбар, Х.*******аас Д.*******д олгосон 2023.10.27 өдрийн итгэмжлэл;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан, нийт 8,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дор дурдсанаар тайлбарлаж байна.

2.1. Хариуцагч Х.******* нь өөрийн хүү А.т мөнгө зээлдүүлэхийг нэхэмжлэгч С.*******аас хүсч, 1,300,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүүгүй, 1,700,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 3,340,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 10-нд зээлдэгч төлөхөөр тохиролцсон боловч зээлээ эргүүлж төлөөгүй.

Улмаар зээлдэгч А.ын эцэг Х.******* нь дээрх зээлийн төлбөрийг 10,000,000 төгрөг болгож С.*******ад төлөхөөр тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэв.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан ба уг татгалзлаа нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй.

4. Хэрэгт авагдсан, зээлдүүлэгч С.*******, зээлдэгч А. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ-нээс үзэхэд, С.******* нь А.т 1,300,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүүгүй, 1,700,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба зээлдэгч нь 3,340,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 10-нд төлөхөөр тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

4.1. Мөн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, төлбөр авагч С.*******, төлбөр төлөгч Х.******* нарын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-нээс үзэхэд, төлбөр төлөгч Х.******* нь нийт 10,000,000 төгрөгийг төлбөр авагч С.*******ад 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

5. Талуудын байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Х.*******ид холбогдуулан, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардахдаа, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагч Х.******* гүйцэтгэхээр тохиролцсон хэмээн тайлбарласан нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 6.4-т Энэхүү гэрээ нь 2015.10.19-ний өдөр Х.*******ийн хүү ын зээлж авсан мөнгө болно гэж зааснаар нотлогдож байна.

7. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 04-нд төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш төлбөр төлөгч Х.*******аас нийт 1,750,000 төгрөг буюу 1,300,000 төгрөг болон 750,000 төгрөгт тооцож кофе өгснийг авч, үлдэх төлбөр 8,250,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч буй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, аливаа нотлох баримтаар татгалзлаа нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдрах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Х.*******аас 8,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамж 146,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА