| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00970/И |
| Дугаар | 155/ШШ2024/00437 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн ******************** оршин суух, Ө Б-ын О (*************** )-ын
Ш биеийн тамирын дээд сургуульд суралцан 2004 онд багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг тогтоолгох тухай 155/2023/00970/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.О ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь Ш биеийн тамирын дээд сургуульд суралцан 2004 онд багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О нь 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ш дээд сургуульд элсэн орж суралцаж байгаад 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн н/04 тоот тушаалаар цэргийн албанд татагдаж 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. Ингээд цэргийн алба хааж ирээд 2004 онд дээд сургуульдаа дахин үргэлжлүүлэн суралцаж байгаад сургуулиа биеийн тамирын багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөн хугацаанаас хойш 2004-2006 онд Х аймгийн БТСГ-т биеийн тамирын багш, 2013 оноос одоог хүртэл Х аймгийн БТСГ-ын дасгалжуулагчаар тус тус ажиллаж байна. Би Х аймгийн БТСГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас миний боловсролын бичиг баримтыг надаас шаардсан.
Ингээд холбогдох баримтаа өгч Боловсролын ерөнхий газраас сургууль төгссөн талаарх холбогдох баримтыг гаргуулан авахаар хүсэлт гаргатал миний сургууль төгссөн тухай баримт байхгүй гэсэн хариу өгч миний дээд боловсрол төгссөн тухай лавлагаа гарахгүй намайг хохироож байна. Ш дээд сургууль нь олон удаа нэр өөрчлөгдөж, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А/566 дугаартай боловсролын яамны сайдын тушаалаар татан буугдсан байх тул сургуулиас холбогдох баримыг гаргуулан авах боломжгүй байна.
Иймд Б.О намайг 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ш биеийн тамирын дээд сургуульд элсэн орж 2004 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл суралцан багш, дасгалжуулагчаар төгссөн нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Б.Шүүх хуралдаанд тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: ...Би 1998 онд Ш бие тамирын сургуульд элсэн орж байсан. Тухайн үед яг 4 дүгээр күрсээ төгсөх болоход төлбөрөө төлж чадахаа байгаад 2002 оны хавар цэрэгт явсан. Улсын гурван шалгалт өгдөг. Хоёр шалгалтыг өгч, ганцхан шалгалт үлдсэн байсан. Намайг төлбөр төлөөгүй учир шалгалтад оруулаагүй үлдээсэн.
Тухайн үед 22, 23 настай, ажил хийх боломжтой байсан ч ажил олдохгүй, ховор байдаг байсан. Цэргээс халагдаж ирээд 2003 оны намар сургууль дээрээ очиход чи хичээлүүдээ үзсэн юм чинь хавар ирээд шалгалтаа өгөөд явж болно гэсэн. Тэгээд би хавар очоод шалгалтад орж, төгссөн. Хоёр доор хүүхдүүдтэй шалгалтад орсон болохоор хонхны баярт ач холбогдол өгөөгүй. Би 2002 онд төгссөн. Манай ангийн хүүхдүүдийн хоёр нь гэрчээр байцаалт өгсөн. Би өөрийнхөө хуучин ангийн хүүхдүүдээс дипломыг нь хуулбарлаж авч байгаад гурван дипломд анализ хийж үзлээ. Гурван өөр тушаалтай байна. 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан, 5 дугаар сарын 30-ны өдрийн тушаалын нэг нь 491 байхад, нөгөөх нь 814 байх жишээний. Он, сар, өдрүүд өөр байна. Үүнээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хайхрамжгүй, болгоомжгүй хандаж байсан юм болов уу гэдэг үүднээс эргэлзэж байна. Би 2004 онд төгсөж ирээд Баянзүрх сумын ерөнхий боловсрол сургуульд ажилд ороод дараа нь Г сургуулиуд ажилласан. Би төрийн албаны шалгалтанд 2 удаа орсон.
Ахлах түшмэлийн сургалтад сурч төгссөн. Надад ямар нэгэн асуудал гарч ирээгүй. Өнгөрсөн жил түр даргын үүргийг гүйцэтгэж байсан. Засгийн газрын хянаж шалгах хорооноос бичиг баримтаа шалгуулна уу гэсэн бичиг ирсэн. Тэгэхэд би бүх байгаа юмаа явуулсан. Болсон, болохгүй байна гэж хариу ирээгүй. Хариу ирээгүй учир болсон юм байна гэж бодож байгаа. Манай үеийн н.Магнай, н.Батбаяр 2 бас ийм асуудал байна гэсэн. Та яаж байна гэхэд шүүлгүүлээд гарч ирээгүй, шүүгээд явж байна гэсэн. Цаашдаа юм цахим болно. Үүнийгээ нэг мөр тодорхой болгоод авчихдаг юм уу гэсэн үүднээс явж байна. Иймд Б.О намайг Ш биеийн тамирын дээд сургуульд суралцан 2004 онд багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Ө ч Б-ын О ын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, D200407356 дугаартай Бакалаврын зэргийн дипломын хуулбар 1 хуудас, Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 09 дүгэр сарын 12-ны өдрийн 1/4906 дугаартай албан бичиг 1 хуудас, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №А/182 дугаартай Сургуулийн нэр өөрчлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №А/16 дугаартай дээд сургуулийн ангилалд хамруулах тухай 1 хуудас тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №05 дугаартай Сургуулийн нэр, ангилалд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар 1 хуудас, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №321 дугаартай Сургуулийн нэр өөрчлөх тухай тушаалын хуулбар 1 хуудас, Монгол Улсын Засаг газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газар Хилийн цэргийн төв архивын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №а/402 дугаартай Архивын лавлагаа 1 хуудас, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/566 дугаартай Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалын хуулбар 1 хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.У ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт 1 хуудас, Таван цагариг сонины 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №15 (249) дугаар хэвлэл 4 хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 3-11, 50, 55, 77 дахь тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б , Т.М , Ч. Э , Д.С , Д. нарыг гэрчээр асуусан, шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архив, Боловсрол, Шинжлэх ухааны салбарын хяналтын газар, Хилийн цэргийн төв архив, Х аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб зэргээс лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 30, 53, 54, 69,-71, 78-90 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Ш дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар гаргасан.
3.Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ... Би Х аймгийн БТСГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас миний боловсролын бичиг баримтыг надаас шаардсан ба холбогдох баримтаа өгч Боловсролын ерөнхий газраас сургууль төссөн талаарх холбогдох баримтыг гаргуулан авахаар хүсэлт гаргатал миний сургууль төгссөн тухай баримт байхгүй гэсэн хариу өгч миний дээд боловсрол төгссөн тухай лавлагаа гарахгүй намайг хохироож байгаа тул шүүхэд хандсан...гэж тайлбарласан ба тэрээр Боловсролын ерөнхий газарт хандахад Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1/4906 дугаар албан бичгээр Ш биеийн тамирын дээд сургуулийн 2004 онд төгсөгчдийн мэдээллийн санд Бямбажав овогтой О ын D200407536 дипломын дугаартай төгссөн тухай баримт байхгүй тул дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэх боломжгүй гэх хариуг өгчээ.
4.Дээд боловсролын диплом олгох журамдсургууль төгсөгчдөд олгох диплом түүний хавсралтын хуулбар, эдгээрийг олгосон шийдвэрийг архивт хадгална. Мөн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон сургууль нийт төгссөн оюутны диплом, түүний хавсралтыг Боловсролын улсын хяналтын алба, Улсын архивт тус тус хүлээлгэн өгнөхэмээн заасан ба шүүх онцгой ажиллагааны журмаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт лавлагаа гаргуулахаар хандсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамны салбарын хяналтын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/4950 дугаар албан бичгээр Б-ын О /*************** / нь Ш биеийн тамирын дээд сургуулийг 2004 онд төссөн эсэх мэдээллийг Архивын ерөнхий газраас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллээс шүүж үзэхэд бүртгэлгүй байна гэх,
Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын удирдлага зохицуулалтын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/604 дугаар албан бичгээр Ш биеийн тамирын дээд сургуулийг 2004 оны төгсөгчдийн мэдээлэл 2003-2004 оны төгсөгчдийн архивын 4 дүгээр батийн 212-220 дугаар хуудсанд байна. Архивын мэдээлэлд тус сутгуулийн 2004 оны 98 төгсөгчид, D200407436-D200407533 дипломын дугаар олгосон байна. Тухайн архивын мэдээлэлд Б.О ын Ш биеийн тамирын дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр D200407536 дугаартай бакалаврын дипломтой төгссөн талаар мэдээлэл байхгүй байна гэх,
Боловсолын ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/569 дугаар албан бичгээр Иргэн Б-ын О нь 2004 онд Ш биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр D200407536 дугаарын диплом, бакалаврын зэрэгтэй төгссөн тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна гэх хариуг тус тус өгсөн.
5.Мөн Архивын ерөнхий газрын, үндэсний төв архивт хандахад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/1112 дугаар албан бичгээр Манай архивын сан хөмрөгт Улаанбаатар хотын Ш бөхийн хувийн сургуулийн баримт шилжин ирээгүй тул Б-ын О ад холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн.
6.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Ш дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
Тодруулбал Б. О нь Ш дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн хэмээн тайлбарлаж, нотлох баримтаар Ө ч Б-ын О ын иргэний үнэмлэхийн хуулбар, D200407356 дугаартай Бакалаврын зэргийн дипломын хуулбар, Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/4906 дугаартай албан бичиг, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №А/182 дугаартай Сургуулийн нэр өөрчлөх тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №А/16 дугаартай дээд сургуулийн ангилалд хамруулах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №05 дугаартай Сургуулийн нэр, ангилалд өөрчлөл оруулах тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №321 дугаартай Сургуулийн нэр өөрчлөх тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Засаг газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газар Хилийн цэргийн төв архивын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №а/402 дугаартай Архивын лавлагаа, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/566 дугаартай Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалын хуулбар, Таван цагариг сонины 2000 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №15 (249) дугаар хэвлэл зэргийг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь түүнийг Ш дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг шууд нотлох баримт болохгүй юм.
7.Мөн гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй, мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй, шүүх зөвхөн гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өгсөн тайлбар зэргийг үнэлж нэхэмжлэгч Б.О ыг Ш дээд сургуулийг 2004 онд биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Б.О ын Ш биеийн тамирын дээд сургуулийг 2004 онд багш, дасгалжуулагчаар төгссөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ