| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2019/00929/И |
| Дугаар | 155/ШШ2019/00968 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2019/00968
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2019/00968 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э бат даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, ХДС ТӨХК засварчин ажилтай, О овогт Г.Э /********** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХДС Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** оршин суух, ХДС ТӨККомпанид ************* ажилтай, Д овогт Г.Б /*****************/,
Засварын инженерийн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлж, засварчны өөр ажил албан тушаалд шилжүүлсэн, цалингийн зөрүү гаргуулах тухай гомдлыг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2019/00929/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 он 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Хөвсгөл дулааны станцад засварын инженерээр анх ажилд орсон ба 2019 оны ээлжийн амралтаа 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны хооронд эдэлсэн. Тухайн үед Ховд аймаг руу нагацын хуриманд явах гээд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр захирлаас чөлөө авахаар гар утас руу нь залгахад боломжгүй гэж хэлээд утсаа салгасан. Манай аав би найзаараа яриулаад чөлөө авахуулчихъя чи гар амраагаад машин барилцаад Ховд яв гэж хэлсэн. Тэгээд Эрчим хүчний сайдын зөвлөх Болдбаатар гэдэг хүнээр захирал руу яриулахад маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр над руу захирал өөрөө залгаад хэднийг хүртэл чөлөө авах гээд байгаа юм бэ гэж асуухад нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл чөлөө авъя гэж хэлсэн. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 09-нд ажилдаа ирэхэд захирал өрөөндөө намайг дуудаж чөлөө хэтрүүлээд 2-3 хоног чөлөө зөвшөөрөлгүй алга болчхож байгаа юм гэхлээр нь таниас 9 дүгээр сарын 9-н хүртэл чөлөө авсан биз дээ гэхэд захирал ажлаа өг гээд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр засварын инженерийн ажлаас халж засварчны ажилд шилүүлсэн тушаал гаргасан юм. Тухайн үед нь захиралд уг тушаалыг зөвшөөрөхгүй байгаагаа хэлээд хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.
Иймд ХДС төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/140 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир миний урьд эрхэлж байсан засварын инженерийн ажилд буцаан томилж 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойшхи цалингийн зөрүүг олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд орсон. Намайг ажилд орсны маргааш нь надад хэд хэдэн тушаал гарга гэж захирал хэлсэн. Тухайн тушаал дотор нь Г.Эрдэнийн ажлын байрыг өөрчилсөн тушаал байсан. Тэр тушаалаа чөлөө хэтрүүлж ажил тасалсан учир албан тушаал бууруулж байгаа болон байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажлаас шууд халах ёстой байтал харин албан тушаал бууруулж байгаа юм гэж захирал надад хэлж байсан. Э шүүхэд нэхэмжлэл гаргасан учир би Цогоо захирлаар өөрөөс нь тайлбар бичүүлж авсан. Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан ХДС ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3-9.т заалтанд чөлөө олгох талаар тодорхой заасан байгаа болон 8.3.10-т чөлөөгөө албан ёсоор бичгээр гаргах ёстой. Гэтэл тухайн үед Э бичгээр хүсэлтээ гаргаагүй. Чөлөө өгөхгүй гэж байхад нь сайдын зөвлөхөөр яриулж чөлөө авсан байдаг нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний 4.5.2 дахь хэсэг, мөн ажилтны ёс зүйн дүрмийн 5.2.3, 5.2.4 дэх хэсэгт заасныг ажилтан Э нь хөдөлмөрийн сахилга бат байгууллагын дотоод журмыг чанд сахиж ажиллах, цаг ашиглалтын журамд заасны дагуу заалтыг зөрчсөн. Ажилтан Эрдэнийн аав Ганзориг гэдэг хүн гүйцэтгэх захирал Цогоо руу яриад наад хүнээ албан тушаал бууруулж байхаар ажлаас нь халчхаарай гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь би ажлаас нь халахгүй ажлыг нь сайн хийлгэхээр албан тушаал бууруулсан гэж хэлсэн байсан. Ганзориг гэх хүн тухайн үед утсаар ярихдаа согтуу байсан ба гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн байдаг юм билээ. Гүйцэтгэх захирал нь чөлөө хүсэхэд нь хүйтрэх гээд ажил ихтэй байна. Чөлөө өгөхгүй гэхэд нь сайдын зөвлөхөөр яриулж, шахалт үзүүлж чөлөө авсан байдаг. Ингээд маргааш нь Э рүү яриад авсан чөлөөгөө бичгээр баталгаажуулж өгөөрэй гэсэн. Байгууллагад засварын инженерийн ажилтан ховор тул байгууллагаа, мөн тухайн ажилтанг бодоод тушаал гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан бол ажлаас халагдана гэж тодорхой заасан байдаг тул ажилтан Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч ХДС төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан засварын инженерийн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлж, засварчны өөр ажилд буруу шилжүүлсэн тул засварын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах гомдол бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Э нь ажил олгогчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/104 дугаартай ажил олгогчийн ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг үл зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 18-нд шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан байх тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байна гэж үзлээ.
Ажилтан Г.Э , ажил олгогч Хөвсгөл аймаг ХДС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/37 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймаг ХДС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/104 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд;
- Засварын инженер,
- Хугацаагүй байгуулсан гэрээ зэргээс дүгнэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байнгын ажлын байранд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Ажил олгогч Хөвсгөл аймаг ХДС төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/104 дугаартай тушаалаар засварын инженер Ганзориг овогтой Э -ийг үүрэгт ажлаас нь дараах үндэслэлээр Тухайлбал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д, 24 дүгээр зүйл-ийг тус тус үндэслэж ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь ХДС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/104 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай гэх тушаалыг хууль зүйн талаас нь дүгнэвэл:
Ажилтан Г.Эрдэнийг 1 дүгээрт ажлаас чөлөөлж байгаа нь хөдөлмөрийн харилцааг цуцлаж дуусгавар болгосон, 2 дугаарт өөр ажил албан тушаалд шилжүүлж байгаа нь Хөдөлмөрийн харилцааг бий болгож байгаа буюу хоёр өөр Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тушаалдаа зохицуулсан мэтээр харагдаж байгаа боловч ажил олгогч нь ажилтны ажил тасалсан гэх нэг зөрчилд нь ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлснээр хоёр сахилгын шийтгэл зэрэг ногдуулсан, сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй байхаар хуульд заасан байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, мөн хуулийн 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, энэ хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар тус тус хуульд тусгайлан заасан байдаг хэдий ч ажил олгогч нь дээрх холбогдох хуулийн аль зүйл заалтаар нь шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, тушаалдаа зааж дурьдаагүй байна.
Ажил олгогч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр засварын инженерийн орон тоон дээр ажилтантай хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа бол ажилтан Г.Эрдэнийг засварчин-аар томилсон орон тоон дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь хууль зөрчсөн байх ба хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ....засварын ажил албан тушаал дээр дахин гэрээ байгуулаагүй.... гэж тайлбарлаж байгаагаас дүгнэхэд Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасныг ажил олгогч нь зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй болжээ.
Хэрэв ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа нотлож чадахгүй хариуцагч нь Г.Эрдэнийн шүүхэд гаргасан Засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
Иймээс нэхэмжлэгч Г.Эрдэнийн засварын инженерийн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлж, засварчны ажилд буруу шилжүүлсэн тул засварын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнд: 1/ Засварын инженерийн албан тушаалаас чөлөөлж, засварчны ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлын тухайд:
Ажил олгогч, ажилтан нар гар утсаар хоорондоо ярьж чөлөө олгосон, чөлөө авсан талаараа маргахгүй, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх ба харин ажил олгогч нь хэд хоногийн чөлөө олгосон, ажилтан нь хэд хоногийн чөлөө авснаа тус тус нотлож чадахгүй, чөлөөний хугацааны асуудал дээр зохигчид нь маргаж байна.
ХДС ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.1-д ....ажилтан нь чөлөөний хүсэлтийг чөлөө авахаас өмнө гаргасан байна... урьдчилан тохиролцож, чөлөөний асуудлыг шийдэх ба чөлөөний хүсэлтийг нөхөн гаргаж үл болно.... гэх,
Мөн журмын 8.3.9-д ....ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг албаны дарга, 3 ба түүнээс дээш чөлөөг захирлын тушаал гаргаж чөлөө олгоно.... гэж тус тус зохицуулсан байх хэдий ч ажилтан, ажил олгогч нар нь чөлөө авах, чөлөө олгох журмаа өөрсдөө зөрчсөн болох нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлгээр батлагдаж байна.
ХДС ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-д дараах зүйлийг ойлгохоор талууд тусгажээ. Үүнд: Хөдөлмөрийн дотоод журмын 6.12.2, Хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т ....ажилтан нь хүндэтгэн шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Ажлаа орхисон, чөлөөний хугацаа дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол.... гэж заажээ.
Ажил олгогч нь сахилгын зөрчлийг ажилтан гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн дотоод журмын 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлүүдийн аль нэг хэлбэрийг сонгон ногдуулах байтал ажилтанг өөр ажилд шилжүүлэх талаар Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд тус тус зохицуулсан зохицуулалт байхгүй байхад ажил тасалсан гэх үндэслэлээр өөр ажил албан тушаалд шилжүүлсэн гэж хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгааг зөвтгөж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д, 24 дүгээр зүйл-ийг тус тус үндэслэж ажлаас нь чөлөөлж, өөр ажил албан тушаалд шилжүүлсэн-ийг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэх боломжгүй, ажилтанг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил нь ажлаас халагдсан, шилжүүлсэн үндэслэлтэй тохирч байх ба Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой юм.
Ажилтан Г.Э тэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1.6-д ....хөдөлмөрийн хөлсийг анх тохирсноос доошлуулахгүй.... гэж, энэхүү гэрээний 4.1-д ....хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг ажил олгогч, ажилтан нь харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчилж болно.... гэж заасан атлаа ажил олгогч нь ажилтантай ажлын байрыг нь өөрчилж байгаа болон цалин хөлс бууруулах талаар хоорондоо тохиролцсон эсэх нь тодорхойгүй, Хөдөлмөрийн гэрээгээ хуульд заасны дагуу дуусгавар болгосон гэж үзэж байгаа бол ажилтантай засварын орон тоон дээр дахин Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн засварын инженерийн орон тоон дээр хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл ажилтантай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцлаж, дуусгавар болгоогүй атлаа, ажилтны эрх зүйн байдлыг нь дордуулан өөр ажил албан тушаалд шилжүүлж болохгүй талаар хуульд тодорхой заасан байдаг болно.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: ....Г.Эрдэнийг ажлаас халах ёстой байтал өөрийг нь бодоод өөр ажилд шилжүүлсэн юм.... гэж тайлбарлаж байх боловч ажил олгогчийг ажилтан Э -ийг бодож өөр ажил албан тушаалд хууль зөрчиж шилжүүлснийг нь зөвтгөх боломжгүй байна.
Мөн ажил олгогч нь ажилтанг өөр ажил албанд шилжүүлэхэд хуульд хориглосон заалт байхгүй хэдий ч шилжүүлсэн тохиолдолд ажиллах ажлын нөхцөл, цалин хөлсийг бууруулахгүйгээр шилжүүлэх байтал цалинг нь бууруулан, ажлын байрны нөхцлыг нь өөрчлөн сахилгын шийтгэл ногдуулж байгаа мэтээр өөр ажил албан тушаалд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2/ Нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү гаргуулна гэх шаардлагын тухайд:
Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн олговор олгохтой холбогдуулан харилцааг зохицуулсан байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд 2016 оны ажилд томилох тухай Б/37 тушаалд заасан батлагдсан тарифт цалин, 2019 оны ажилд шилжүүлэх тухай тушаалд заагдсан тав дугаар зэргээр тооцсон цалингийн зөрүүгийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын №А1058028 дугаар бүхий дэвтэр дэх бичилтүүд нь дутуу байх тул цалингийн зөрүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл засварын инженерийн тарифт цалин, засварчиний тав дугаар зэргийн цалингийн зөрүү хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, мөн нийгмийн даатгалын дэвтрийн тавдугаар хуудсанд хийгдсэн бичилт нь 2019 оны 8 дугаар сараас хойшхи бичилт хийгдээгүй ба өмнөх бичилт хийгдсэн саруудын цалингийн дүн нь өөр өөр зөрүүтэй байх тул уг хэрэгт авагдсан №А1058028 дугаартай дэвтрийг үнэлж цалин гаргуулах боломжгүй байна гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгч Г.Эрдэнийг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/104 дугаартай ХДС төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захиралын тушаал үндэслэлгүй байх тул Г.Эрдэнийг урьд эрхэлж байсан ажил болох засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цалингийн зөрүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, харин хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлдөг буюу 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймаг ХДС төрийн өмчит хувьцаат компаний засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх буюу цалингийн зөрүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл Дулаан станц Төрийн өмчит компаниас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ