| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/08260/И |
| Дугаар | 101/ШШ2024/01952 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2024/01952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С************* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/иргэний бүртгэлийн дугаар: *******/-т холбогдох,
4,815,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А.*******, гэрч Б.*******, А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* би 2022 оны 12 сарын 26 ны өдөр Найман шарга валют арилжааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг А.*******аас 350,000 юань худалдан авахаар 172,303,500 төгрөгийг хэлсэн данс руу шилжүүлсэн.
А.******* нь тухайн үедээ нийт захиалгын дүн болох 350,000 юаниас 295,000-г тэр доороо шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 55,000 юанийг шилжүүлээгүй ба учрыг асуухад өөр хүнд шилжүүлээд алдсан гэх тайлбар өгдөг. Би уг асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. дүүргийн прокурор нь хэрэгт хяналт тавин намайг 55,000 юань авч чадалгүй хохирсон гэдгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн тогтоосон боловч дээрх үйл баримт нь иргэд хоорондоо хувийн эрх зүйн хүрээнд хэлэлцэн тохирч хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ, хэлцлийн харилцаанаас үүдэлтэй буюу гэрээний нэг тал гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих эд хөрөнгийн маргаан гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн. Хэргийг шалгаж байх хугацаанд А.******* нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний дансанд 22,300,000 төгрөгийн хийсэн бөгөөд одоо үлдэгдэл 4,815,000 төгрөг төлөөгүй хохироож байгаа тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* би иргэн Б.*******ийн гаргасан нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь нэгдүгээрт ******* нь 2022 оны 12 сарын 22-ны өдөр 350,000 юань биш 349,500 юань авна гээд 493 ханшаар бодож 172,303,500 төгрөг өгснөөс 295,000 юанийг шилжүүлж өгөөд 55,000 юань биш 54,500 юань шилжүүлэлгүй үлдсэн байдаг. Үлдсэн учир нь Хятадаас юань шилжүүлсэн хүн нь хуурамч баримт өгсөнтэй холбоотой.
Би Б.*******ийг өөрийн харилцагч гэдэг үүднээс Хятад талаас юаний гүйлгээний хуурамч баримт өгсөн Нарсуу гэх өвөр монгол хүн, валют арилжаа эрхлэгч А. , Б. ******* нарт аль болох *******ийг хурдан хохиролгүй болгож өгөх тал дээр нэг бус удаа харилцан ярилцсаны үндсэн дээр *******ийг юаний шилжүүлгээ хятад дансанд орсон үгүйг сайн шалгаарай гэхэд баттай шалгалгүй орсон байна гэж хариу өгсөн тул тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэж 4,568,500 төгрөг хасаж тооцоо дуусгахын ******* нь өөрөө зөвшөөрсний үндсэн дээр Нарсуугаас 8,300,000 төгрөг, А.аас 7,000,000 төгрөг, А.*******аас 7,000,000 төгрөг тус тус гаргаж 2023 оны 3 сарын 17-ны өдөр Б.*******ийн банкны дансанд 22,300,000 төгрөгийг Нарсуу тооцоо дуусгав гэж шилжүүлсэн байдаг.
Иймд иргэн Б.******* нь бид бүгдтэй харилцан ярилцаж тохиролцож мөнгөө авсны дараа дахин мөнгө нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж би үзэж байна. Харилцан тохиролцож хохиролгүй болгосон гэдэг үндэслэлээр дүүргийн мөрдөн байцаагч Н. хэргийг хаах санал гаргаж прокурор нь хэргийг хаасан гэж би ойлгож байгаа гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 531 дүгээр тогтоол,
Хариуцагч талаас гаргасан баримтууд: хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.*******, А. нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******ад холбогдуулан, 4,815,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
3.1. Б.******* нь 2022 оны 12 сарын 26 ны өдөр Найман шарга валют арилжааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг А.*******аас 350,000 юань худалдан авч БНХАУ дахь дансанд шилжүүлүүлэхээр тохиролцож, 172,303,500 төгрөгийг А.*******ын заасан данс руу шилжүүлсэн ба А.******* нь тухайн үедээ нийт захиалгын дүн болох 350,000 юаниас 295,000 юанийг тэр даруй шилжүүлсэн боловч үлдэгдэл 55,000 юанийг шилжүүлээгүй, учрыг асуухад өөр хүнд шилжүүлээд алдсан гэх тайлбар өгдөг гэв.
4. Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Б.*******оос 350,000 юанийн шилжүүлэгт тооцогдох 172,303,500 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй.
5. Харин 350,000 юанийн 55,000 юанийг Б.*******ийн заасан дансанд шилжүүлж чадалгүй бусдад залилуулсан, Б.*******ийг юанийн шилжүүлгээ хятад дансанд орсон үгүйг сайн шалгаарай гэхэд баттай шалгалгүй орсон байна гэж Б.******* хариу өгсөн тул тодорхой хэмжээгээр түүнд хариуцлага хүлээлгэж 4,568,500 төгрөгийг хасаж тооцоо дуусгахыг Б.*******т санал болгоход зөвшөөрсний үндсэн дээр хятадын иргэн Нарсуугаас 8,300,000 төгрөг, А.аас 7,000,000 төгрөг, А.*******аас 7,000,000 төгрөг тус тус гаргаж 2023 оны 3 сарын 17-ны өдөр Б.*******ийн банкны дансанд 22,300,000 төгрөгийг Нарсуу тооцоо дуусгав гэж шилжүүлсэн, энэ талаар цагдаа шалгаж дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлага 4,815,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.
6. Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 531 дүгээр тогтоолын хуулбар болон зохигч талуудын хэн алины тайлбар, гэрч Б.*******, А. нарын мэдүүлгээс үзэхэд, Б.*******ийн шилжүүлэхийг хүссэн 350,000 юанийн 55,000 юанийг Б.*******ийн заасан дансанд шилжүүлж чадаагүй, улмаар 55,000 юаньд тооцогдох 27,117,000 төгрөгөөс 22,300,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдов.
7. Тодруулбал, 55,000 юань нь зохих дансанд шилжиж ороогүй байна гэдийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хэлсэн, улмаар 55,000 юаньд тооцогдох 27,115,000 төгрөгийн 22,300,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид буцаан өгч, нэхэмжлэгч өөрөө мөнгө дансанд орсон байна гэж хэлсэн тул үлдэх мөнгийг нэхэмжлэгч өөрөө хариуц гэхэд нэхэмжлэгч алданги төлөх асуудалд орохоос сэргийлж, мөнгө хэрэгтэй байдалд байсан, эрүүгийн журмаар шалгах хугацаанд мөнгөө авахгүй удах гээд байсан гэх шалтгаанаар хариуцагчийн тавьсан саналыг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдов.
8. Ийнхүү нэхэмжлэгч нь алданги төлөх асуудалд орохоос сэргийлж, мөнгө хэрэгтэй байдалд байсан, эрүүгийн журмаар шалгах хугацаанд мөнгөө авахгүй удах гээд байсан гэх шалтгаанаар хариуцагчийн тавьсан саналыг зөвшөөрөхөд, хариуцагчийн зүгээс хүч хэрэглэн, хясан боогдуулсан, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх зүйл байгаагүй буюу мөнгө яаралтай хэрэгтэй, алданги төлөхөөр байдалд хариуцагчийн нөлөө байгаагүй хэмээн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
9. Хариуцагч А.******* нь Б.*******ийн заасан дансанд 55,000 юанийг шилжүүлэхдээ бусдад залилуулсан, улмаар уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөхдөө, мөнгө заасан дансанд орсон байна гэх агуулгатай мэдээг нэхэмжлэгч өөрөө хэлсэн гэх үйл баримтад тулгуурлаж, 27,115,000 төгрөгийн 22,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэх мөнгийг нэхэмжлэгчид өөрт нь хариуцуулахаар хэлэлцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбараар тогтоогдож байна.
11. Гэвч хариуцагч А.******* нь дурдаж буй 55,000 юанийг Б.*******ийн заасан дансанд шилжүүлэх тухайн үед бусдад залилуулсан гэх үйл баримтаа нотлох баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Б.*******ийн мөнгөн гуйвуулгыг бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадаагүй үйл баримт тогтоогдож байх боловч А.******* болон түүний захиалгаар мөнгө шилжүүлсэн гэх хүмүүс бусдад залилуулсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй.
12. Нэхэмжлэгч Б.******* нь А.*******ын бусдад залилуулсан гэх тайлбарт тухайн үед итгэсэн байхыг үгүйсгэхгүй ба нэхэмжлэгч энэ талаар үгүйсгэж мэтгэлцээгүй боловч А.******* юанийн шилжүүлэг хийхдээ бусдад залилуулсан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй.
13. Хариуцагч А.******* нь юанийн гуйвуулга хийх хэлцлийн үндсэн дээр Б.*******оос 172,303,500 төгрөгийг авч, уг мөнгөн дүнд тооцогдох юанийн гуйвуулгыг бүрэн гүйцэтгээгүй, улмаар 4,815,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч А.******* 4,815,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;, 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: гэж заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******аас 4,815,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 91,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА