| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00850/И |
| Дугаар | 155/ШШ2019/00788 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2019/00788
| 2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2019/00788 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, ************ дугаар регистртэй, эмэгтэй, Т овогт Э.О-ын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, ************ дугаар регисртэй, эрэгтэй, Б овогт Б.Б-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2019/00850/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Б-тай 2014 онд танилцаад үерхэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Э г төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй боловч аав нь өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Төрөхөөс өмнө 2015 онд манай гэрт аав, ээжид хадаг өгч намайг гуйсан. Тэгээд хүүхэд төрсөн цагаас хойш охин бид хоёр ирэхгүй болж сүүлдээ холбоо тасарсан. Үүнээс хойш би охиноо асарч хүмүүжүүлж, 3 жил болж байна. Б.Б нь эцгийн үүргээ биелүүлэхгүй, хүүхдийн асаргааг мэдэхгүй өдийг хүрч байна. Миний бие оюутан ба хүүхдээ асарч жилийн чөлөө авсан, цаашид сургуулиа төгсөх, хүүхдийн асаргаа, цэцэрлэгийн асуудал, хүүхэд харах хүн хэрэгтэй гээд эцгийн туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна.
Иймд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б ын Э д эцэг Б аас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбар үнэн бөгөөд хүүхэд төрснөөс хойш бид хоёр ч удаа салж нийлж, болгож бүтээх гэж оролдож байжээ. Салъя гэж чам дээр ирээгүй, нийлье амьдаръя гэж чам дээр ирж хичээсэн. Нэгэнт болоогүй тул чамдаа аз жаргал хүсье. Хүүхэд асаргаа тал дээр манай аав, ээж дээр хоёр өвөл байсан, хотод аав дээрээ үе үе очдог байсан. Охинд минь шаардлагатай туслалцаа дээр үгүй гэж яваагүй болно. Нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн зөвшөөрч байна. Шийдвэр гарснаас хойш тэтгэлгийг өгч байхаар зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Б.Б ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.О , Б.Б нар 2014 оноос үерхэн, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Э төрж, гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Б.Б аар овоглож, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтаны олгосон Б овогт Б ын Э 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй 6701000583 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Б.Э гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Б аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Б.Э г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Иймд хариуцагч Б.Б аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Э г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э 04 нас 02 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ буюу 194.300 төгрөгийн 50 хувь 97.150 төгрөгийг охин Б.Э д сар бүр хариуцагч Б.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Э д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 32.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Э г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Бямбажавын Б аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамж 32.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.О д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА