Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2019/00810

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2019/00810

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ****************** байрлах, Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1990 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ************ хороонд оршин суух, ***********  дугаар регистртэй, Ш овогт Б.Э-т  холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 955.620,36 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53.222,96 төгрөг, бүгд 1.278.163,38 /нэг сая хоёр зуун далан найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2019/00861/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч байгууллагын захирал М.Б , хариуцагч Б.Э  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын ХТ-ны төвийн захирал М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батчулууны Бямбадалай, Б-ийн  Э  нар нь Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн Төрийн банкаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 201600063733 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан болно. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч Батчулууны Бямбадалай нь зээлээ төлөхгүй, сураггүй байгаа тул хамтран зээлдэгч Б-ийн  Э  зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэхгүй 2017 оны 3 дугаар сарын 02-ноос хойш 895 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 955.620,36 төгрөг, зээлийн үндсэн хүү 269.320,06 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний дүн 53.222,96 төгрөг, нийт 1.278.163,38 төгрөгийг хамтран зээлдэгч Б-ийн  Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороонд оршин суух, Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн захирал ажилтай, ЛА87042112 дугаар регистртэй, эрэгтэй, Даад овогт Мөнхөөгийн Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Бямбадалай, Б.Э  нар нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай банкнаас 2.500.000 төгрөгийн малчны зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, төлбөрийг 2 хувааж хүүгийн хамт төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцох нөхцөлтэйгээр авсан. Өмнө нь манай банкнаас энэ хоёр харилцагч дөрвөн удаа малчны зээл авч цаг хугацаандаа төлж барагдуулж байсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эхний төлбөр болох үндсэн зээл 1.250.000 төгрөг, зээлийн хүү 226.849,31 төгрөг, нийт 1.476.849 төгрөг 31 мөнгө төлсөн. Дараагийн төлбөрийн хувиар болох 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1.360.958,90 төгрөг төлөх байсан боловч миний шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу 895 хоног зээлийн хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч нар хоёулаа ирээд 2.500.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд оршин суух хаягандаа байхгүй алга болсон тул манай банк 2017 онд шүүхэд Б.Бямбадалай, Б.Э  хоёрыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас Б.Бямбадалайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байгааг, Б.Э ийн хаягийг олж тогтоосон талаар бидэнд мэдэгдсэн. Гэвч Б.Бямбадалай Улаан-Уул суманд байхгүй байсан ба заримдаа Хатгал тосгонд ирсэн сураг сонсогддог боловч Б.Э ээс асуухад ирээгүй гэдэг. Манай банк зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргасан боловч, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэл болон нэхэмжлэл буруу гаргаснаас татгалзаж байсан. Б.Э  нь тухайн зээлээс авсан мөнгө байхгүй гэж байгаа ч банкнаас зээлийн зарцуулалтыг харахад зээл олгосон данснаас Б.Э , Б.Бямбадалай нар өөрсдөө авсан байдаг. Ямар нэгэн гүйлгээ хийж хүн рүү мөнгө шилжүүлсэн зүйл байдаггүй. Үндсэн зээлдэгч Б.Бямбадалайг олон газраар хайсан боловч олдохгүй байгаа тул зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсний дагуу Б.Э ээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулна. Тухайн зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэхээр зээлдэгч нарын барьцаалсан мал болон бусад барьцаа хөрөнгүүд байхгүй болсон байна. Зээлдэгч нар нь анх зээл авахдаа барьцаа хөрөнгөд үхэр 15 ширхэг, адуу 17 ширхэг, хонь 60 ширхэг, ямаа 110 ширхэг, таван ханатай гэр 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг зэргийг барьцаалсан байсан. Хариуцагч Б.Э  2018 онд 400.000 төгрөг бэлнээр хийсэн, мөн Б.Э  өөрөө зөвшөөрөөд хүүхдийн хадгаламжаас сар бүр 19.400 төгрөгийг төлж байгаа. Хугацаа хэтэрсэн зээлийн тохиолдолд банк эхлээд бодогдсон хүүгээ суутгаад, дараа нь үндсэн зээлээс хасагдахаар зээлийн гэрээн дээр заасан байдаг. Б.Э ийн зээлийн төлөлт энэ зарчмаар төлөгдөж байгаа. Энэ тухай бид харилцагч нарт зээл авахаас өмнө тайлбарлаж, хүлээн зөвшөөрвөл зээл олгож, зээлийн гэрээн дээр гарын үсэг зурдаг. Манай банк Б.Э т сар бүр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж мэдэгдэл хүргүүлдэг байсан бөгөөд зээлийг хугацаандаа төлөхгүй бол хүү өсч, нэмэгдүүлсэн хүү бодогдоно гэдгийг тайлбарлаж, төлөх аргачлалыг хүртэл хэлж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Б.Э  9, 10 дугаар сард 19.400 төгрөг буюу нийт 38.800 төгрөг төлсөн байгаа тул үндсэн зээл 955.620,36 төгрөгөөс хасахад 916.820,36 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 916.820,36 төгрөг, үндсэн зээлийн хүү 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.222,96 төгрөг, бүгд 1.239.363,38 төгрөгийг Б.Э ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бямбадалай бид хоёр хамтран амьдарч байхдаа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Т Хөвсгөл салбарын ХТ-ны төвөөс 2.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бямбадалай гэрээсээ яваад одоо болтол ирээгүй, хүүхэдтэйгээ уулздаггүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Тус зээлээс Б.Бямбадалайгийн ээж н.Батчулуун 1.000.000 /нэг сая/ төгрөг авч, зээлийн хүүтэй нь буцааж өгөхөөр тохирсон. Түүнтэй утсаар яриад зээл, хүүг банкинд төлөөрөй гэхэд за гэдэг боловч одоог хүртэл хийгээгүй байна. Үлдсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг бид хоёр өөрсдөө хэрэглэсэн. Би банкинд эхний зээлийн төлбөр нийт 1.476.849 төгрөг 31 мөнгө төлсөн, дараа нь 2018 онд 400.000 төгрөг төлсөн, мөн хүүхдийн хадгаламжаас сар бүр 20.000 төгрөг суутгуулж байгаа. Гэтэл үндсэн зээл ерөөсөө багасахгүй байна. Би барьцаанд тавьсан гэр, хөлдөөгч хоёрыг зарж банкны төлбөр хийсэн, угаалгын машин нь эвдэрсэн, барьцааны малыг хадмынхан мэднэ. Б.Бямбадалай бид хоёр хамт гарын үсэг зурж зээл авсан боловч түүний ээж н.Батчулуун 1.000.000 төгрөгийг нь авсан тул зээл, хүүгийн үлдэгдэл төлбөр бүгд 1.239.363,38 төгрөгийг Б.Бямбадалайгаар төлүүлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төв нь хариуцагч Б.Э т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 955.620,36 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53.222,96 төгрөг, бүгд 1.278.163,38 /нэг сая хоёр зуун далан найман мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс 38.800 /гучин найман мянга найман зуу/ төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 916.820,36 төгрөг, үндсэн зээлийн хүү 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.222,96 төгрөг, бүгд 1.239.363,38 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Төрийн банкыг төлөөлж Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн захирал М.Б т шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн олгосон болох нь ...9016001018 улсын бүртгэлийн дугаар, 5341469 регистрийн дугаар, Төрийн банк...16. Ганбямба овогтой Дөлгөөнийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв. 2018 оны 03 сарын 16, Э.Эрдэнэбилэг гэх бичилттэй Т улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т Хөвсгөл салбарын захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ...1. Мөнхөө овогтой Б ыг Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 5 /тав/ сарын туршилтын хугацаагаар ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 84 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ...1. Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж буй М.Б ыг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус тооцооны төвийн захирлаар туршилтын хугацааг үргэлжлүүлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Захирлаар ажиллуулах тухай 152 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ...1. Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвийн захирал М.Б ыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Үндсэн ажилтнаар ажиллуулах тухай 301 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд...Төрийн банк ХХК-ийг төлөөлөх эрхийг...итгэмжлэлээр олгож байна... гэх бичилттэй Итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төв нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөгдөх бүгд 1.239.363,38 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийн төлбөрийг төлөхгүй, үндсэн зээлдэгч Б.Бямбадалайгаар төлүүлнэ, нэхэмжлэгч нь Б.Бямбадалай, Б.Э  нар өөрсдийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан авсан, Б.Бямбадалайг эрэн сурвалжлаад олдохгүй байгаа тул хамтран зээлдэгч Б.Э ээс зээлийн төлбөрийг гаргуулж авна гэж маргаж байна.

Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төв, зээлдэгч Б.Бямбадалай, хамтран зээлдэгч Б.Э  нар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байх нөхцөлтэйгээр малчны зээлийн гэрээ байгуулан, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөхөөр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, 201600063733 дугаар барьцаат малчны зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч, хамтран зээлдэгчийн анкет, малын тодорхойлолт, зээлийн мэдээллийн сан, малчны зээлийн өргөдлийн маягт, зээл судлах зөвшөөрлийн маягт, ирээдүйн орлогын мэдээлэл зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдов.

Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвөөс малчны зээл авсан зээлдэгч Б.Бямбадалай, хамтран зээлдэгч Б.Э  нар хамтын амьдралтай байсан, оршин суудаг бүртгэлтэй хаягандаа байхгүй, хаана амьдарч байгаа талаар тодорхойгүй учир эрэн сурвалжлагдсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэгчээс олгосон 0000693164-49 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 945 дугаар шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар нотлогдлоо.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулахаар үүрэг гүйцэтгэгч нарын хэн нэгнийг сонгох эрхтэй байна. Мөн барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан зэргээс дүгнэхэд банкны зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч Б.Бямбадалайгийн нэгэн адил хамтран зээлдэгч Б.Э  хариуцах үүрэгтэй байна.

Хариуцагч Б.Э  шүүх хуралдаанд ...Б.Бямбадалай бид хоёр хамт гарын үсэг зурж зээл авсан боловч түүний ээж н.Батчулуун 1.000.000 төгрөгийг нь авсан тул зээл, хүүгийн үлдэгдэл төлбөр бүгд 1.239.363,38 төгрөгийг Б.Бямбадалайгаар төлүүлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэх тайлбар гарган мэтгэлзэж байгаа ч үүнийг нотлох ач холбогдолтой, хамааралтай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Зээлдэгч нар банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Б.Э ээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 916.820,36 төгрөг, үндсэн зээлийн хүү 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.222,96 төгрөг, бүгд 1.239.363,38 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35.226 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш овогт Б-ийн  Э ээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 916.820,36 төгрөг, үндсэн зээлийн хүү 269.320,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53.222,96 төгрөг, бүгд 1.239.363,38 /нэг сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э ээс улсын тэмдэгтийн хураамж 35.226 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т Хөвсгөл салбарын харъяа ХТ-ны төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА