| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2022/0156/Э |
| Дугаар | 0065 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 0065
Б.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Э
Шүүгдэгч Б.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Хд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овогт Б-н Х,
Б.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг В цэнгээний газрын үүдэнд иргэн Э.С-н хэвлийн тус газарт дэвсэх, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Г овгийн Б-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т нар давж заалдах гомдолдоо:
“... Э.С-н эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг, чин санаанаа гэмшдэг, мөн хохирогчид гэмтэл учруулснаасаа хойш тухай бүрд нь эмчилгээ сувилгааны зардлыг чадах чинээгээрээ төлж, эд хөрөнгөө зарж үрэн байж хохирогчид мөнгө төлж ирсэн. Өнөөдрийн байдлаар нийт 19.181.565 төгрөг төлсөн байна. Үүн дотор хохирогч Э.С-н ээж ажлаасаа чөлөө авч хүүхдээ асарсан гэх 3 сарын цалингийн талыг төлсөн зардал орж байгаа.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогч талаас нэхэмжилж байгаа зардлын нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дараа нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед ч мөн адил яг хэдэн төгрөгийн эмчилгээг, хаана яаж хийлгэх гэж байгаа нь огт тодорхойгүй, мөн л баримтгүй хэвээрээ орж ирж 250 - 300 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнээс нь шалтгаалж анхан шатны шүүх хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй, хор уршиг арилаагүй байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулж болох ялын хамгийн хүндийг нь буюу 2-8 жилийн хугацаатай хорих ялыг нь сонгож, прокурор ялын 50 хувьтай тэнцэх хэмжээ буюу 4 жил хорих ялын санал гаргаж, шүүх 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль тогтоогч торгох ялын төрлийг сонгож хэрэглэж болохоор хуульчилж өгсөн. Энэ ялын төрлийг ямар хүнд хэрэглэж болох вэ гэдэг асуудал нь анхаарал татаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөд, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг арилгахыг эрмэлзэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа хүнд, огт хохирол төлөөгүй, хохирогчийг тоохгүй орхисон, үйлдэлдээ гэмшдэггүй хүнд ял оногдуулж буй мэт хүнд ялыг сонгож, өндөр ял шийтгэсэн нь харамсалтай бөгөөд хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээс хойш шүүгдэгчийн эхнэр, эцэг хоёр нь хохирогчтой холбоо барьж, улсын 1 дүгээр Төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгадаг гэсний дагуу дагуулж яваад шинжилгээг нь 5.000.000 төгрөгөөр хийлгүүлж, бөөрний донор 25.000.000 төгрөг болно, мэс заслын зардал нь нийгмийн даатгалаар 100 хувь чөлөөлөгддөг гэдгийг хэлэхэд хохирогч өөрөө шийдтэй хариу өгдөггүй. Зориуд шүүгдэгчийн хохирол, хор уршгийг арилгах боломжийг нь боогдуулж байна.
Нэгэнт Монгол улсад хийгддэг мэс ажилбарыг гадны улс руу явуулж хийлгэдэггүй гэдгийг улсын 1 дүгээр төв эмнэлгийн эмч мэргэжилтэн нь хэлсэн, өөрийн улсдаа 30.000.000 төгрөгийн өртгөөр шинэ бөөртэй болох боломжтой болох нь тодорхой болсон. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчтой уулзаж мэс засалд оруулах, эсхүл зардлыг нь бэлнээр өгөх санал тавьсан боловч баримтгүй 150.000.000 төгрөг л нэхэмжилдэг.
Иймд гэм буруудаа гэмшдэг, чадлынхаа хэрээр мэрийж зүтгэж байгаа, өмнө нь өгсөн 19.181.565 төгрөг дээрээ нэмж Монгол улсад хийгдэх бөөр шилжүүлэн суулгах ажиллагааны зардлыг төлөхөө илэрхийлж байгаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хуульд заасан торгуулийн ялаар шийтгэж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргасан” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа:
“Хохирогчийн зүй бус үйлдлээс болж энэ болчимгүй хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос нөхөн төлсөн, хохирогчийн зүй буй үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сонгох санкц байгаа. Эмнэлэгт шинжилгээ хийлгэх гэхээр хохирогч нь очдоггүй. Шүүгдэгчийн эцгийн нэр дээр байгаа автомашиныг хохиролд тооцож нэр дээр нь шилжүүлж өгөх боломжтой. Хохирол төлбөрөө нөхөн төлөхийг илэрхийлж байгаа зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “Хохирогчийн байр суурийг дэмжиж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг В цэнгээний газрын үүдэнд хохирогч Э.С-н хэвлийн тус газарт дэвсэх, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.С, гэрч Б.Б, гэрч З.Т, гэрч Б.А, гэрч Ч.Б, гэрч Г.Ө, шинжээч Ж.Г нарын мэдүүлэг,
хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай нэмэлт дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Хттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч Э.С давж заалдах шатны шүүхэд “...шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...одоо миний бие хэвлийндээ гуурстай эхний шатанд яаралтай нойр булчирхайн эмчилгээ хийлгэх шаардлагатай тул БНСУ-д эмчилгээ хийлгэнэ...хэвлий нуруугаар өвчтэй, сэтгэл санааны хохиролтой байна. Цаашид гарах хор уршгийг мэдэхгүй тул нойр булчирхайн эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд 150.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 19.181.565 төгрөг төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх хохирогч Э.С-г цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байх тул хохирогчийн дээрх эрх нээлттэй юм.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохируулан шийдвэрлэх ёстой.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т нь “ ... шүүгдэгчийн эцгийн нэр дээрх автомашиныг хохирогчид шилжүүлэх боломжтой ... ” гэсэн тайлбар гаргаж холбогдох баримтыг ирүүлсэн байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Т нарын “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ