| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00836/И |
| Дугаар | 155/ШШ2019/00813 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2019/00813
| 2019 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2019/00813 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **************** байрлах, 9015003063 улсын бүртгэлийн дугаартай, 5935652 дугаар регистртэй, ЭФ ББСБ ХХК-ий
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, ************ дугаар регистртэй, эрэгтэй, Б овогт Б.Б-т холбогдох
Үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, зээлийн шимтгэл 200.000 төгрөг, бүгд 37.234.688 /гучин долоон сая хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2019/00836/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭФ ББСБ ХХК-ий гүйцэтгэх захирал С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Б.Ба нь манай байгууллагад хандан хүсэлт гаргаж, манай зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээн дэхь Автомашин барьцаалсан зээл-ийг 2 удаа авсан юм.
Эхний удаа буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр: Аралын дугаар: HDJ7810010347, улсын дугаар: 80-96 УБЗ бүхий Тоёота ланд круйзер-80 маркийн хар ногоон өнгийн автомашин барьцаалан, ЗГ/072-2017 тоот гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд сар бүр зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх зэрэг нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.
2 дахь удаа буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр: Аралын дугаар: FZJ800172708, улсын дугаар: 95-66 УБП, Тоёота ланд круйзер-80 маркийн, хар өнгийн автомашин барьцаалан ЗГ/074-2017 тоот гэрээгээр 11.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 06 сарын хугацаатайгаар, сарын 4 хувийн хүүтэйгээр, үндсэн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэвч Б.Ба нь дээрх 2 зээлийн гэрээний хугацаа, нөхцөл, зээл төлөх графикийн дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүйн дээр гэрээний хугацаа дууссанаас хойш ч төлбөр төлөөгүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарыг дуустал зээлийн төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байсан ч ямар ч санаачлага, үр дүн гаргахгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна.
Б.Ба тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйл болох 2 ширхэг автомашин нь манай байгууллагад бүртгэлтэй боловч Б.Ба ын эзэмшилд байгаа болно. Өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаагаар дээрх 2 гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол дараахь байдалтай байна. Үүнд:
1-рт: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/072-2017 тоот гэрээний хувьд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 19 сарын хугацаанд: Зээлийн үндсэн төлбөр 9.000.000 төгрөг, нийт хүүгийн төлбөр 7.148.712 төгрөг,
нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 539.390 төгрөг, зээлийн шимтгэл 90.000 нийт
16.778.102 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр
төлөгдөөгүй байна.
2-рт: 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/074-2017 тоот гэрээний
хувьд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 19 сарын хугацаанд: Зээлийн үндсэн төлбөр 11.000.000 төгрөг, нийт хүүгийн төлбөр 8.693.918 төгрөг,
нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 652.668 төгрөг, зээлийн шимтгэл 110.000 нийт
20.346.586 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр
төлөгдөөгүй байна.
Дээрх 2 зээлийн төлбөрийг нийтэд нь тооцвол, Б.Ба нь 37.234.688
төгрөгийн зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг манай
байгууллагад төлөөгүй байна. Иймд Б.Ба аас 37.234.688 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү...дараахь тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Иргэн Б.Ба тай байгуулсан ЗГ/072-2017 болон ЗГ/074-2017 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг огт төлөөгүй учир дээрх гэрээнүүд тус бүрийн 3.5 дахь заалтыг үндэслэн гэрээний хугацааг үргэлжлүүлсэнд тооцно.
2. Дээрхи 2 зээлийн гэрээний 3.8 дахь заалтанд тусгагдсан шимтгэлийг зээлдүүлэгчийн анх зээл олгохдоо олгосон зээлээс заагдсан хувиар шимтгэл авахаар гэрээнд тохиролцсон боловч иргэн Б.Ба ын нөхцөл байдлыг хүндэтгэн эргэн төлөлтийн хугацаанд тохируулан санхүүгийн боломжтой үед нь авахаар хойшлуулсан боловч огт төлөөгүй тул шимтгэлийг нэхэмжилсэн болно.
3. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээ тус бүрийн 2.1.5 болон 3.1.3 дахь заалтын дагуу зээл эргэн төлөх хуваарь-т хугацаанд огт төлөлт хийгдээгүй үндсэн хүүн дээр нэмж хугацаа хэтэрсэн хоногийг тооцож нэмэгдүүлсэн хүүг бодож нэхэмжилсэн гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 19-07 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, эмэгтэй, РУ86082501 дугаар регистртэй, Барнууд овогт Батмөнхийн М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Уг зээлийн гэрээ нь үндсэндээ 3 төрлөөр хийгдсэн байдаг. ЭФ ББСБ ХХК-ий захирал н.Лхагважаргал, зээлдэгч Б.Ба нэг ангийн хүүхдүүд, мөн найз нөхдийн харилцаатай юм билээ. Хариуцагч Б.Ба 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр биеийн байдал муу, эмчилгээний зардал төлбөрт туслалцаа үзүүлнэ үү гэж анх 3.000.000 төгрөгийг, хүүгүй нэг сарын хугацаатай зээлж авсан байдаг. Дараа нь Солонгос улс руу эмчилгээнд явахад эмчилгээний болон визэнд ороход дансандаа мөнгө байршуулах шаардлагатай байна гээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өмнөх 3.000.000 төгрөгийн зээл дээр 6.000.000 төгрөг нэмж, нийт 9.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11.000.000 төгрөгийг тус бүр 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 2 ширхэг ланд круйзер-80 маркын автомашин барьцаанд тавьж фидуцийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх зээл нийт 20.000.000 төгрөгийг тус байгууллагын эдийн засагч н.Цэнд-Аюушийн данснаас 3 удаа Б.Ба болон түүний эхнэрийн данс руу шилжүүлж, 1 хувийн шимтгэлийг төлбөр төлөхдөө авахаар зээлийн гэрээндээ тохирсон байна. Б.Ба нь уг зээлийг авснаас хойш өнөөг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд авсан зээлийн үнийн дүнгийн хувьд маргадаггүй. Харин зээлийн үндсэн хүүг зээлийн гэрээнд зааснаар 6 сарын хугацаанд тооцно. Үүнээс цааш нэмэгдүүлсэн хүү тооцогдох ёстой гэж тайлбарлаж байгаа. Гэвч нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил гаруй хугацаанд буюу 19 сарын хугацаанд хүү тооцсон. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул 6 сарын хугацаанд зээлээ төлөөгүй боловч үүнээс хойш хүү тооцох эрх нь банк бус санхүүгийн байгууллагад байгаа бөгөөд энэ талаар гэрээнд тодорхой тусгасан учир энэ үндэслэлээр хүү тооцсон. Мөн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллагыг анзыг хэрэглэхийг хориглосон байдаг.
Зээлийг тооцож гаргасан үнийн дүнгийн талаар танилцуулахад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлж авсан 9.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хүүгийн төлбөр 7.148.712 төгрөг, зээлийн шимтгэл 90.000 төгрөг, хүүгийн төлбөр 7.148.712 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 539.390 төгрөг, нийт 16.778.102 төгрөг болж байна. Харин 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлж авсан 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хүүгийн төлбөр 8.693.918 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 652.668 төгрөг, зээлийн шимтгэл 110.000 төгрөг, нийт 20.346.586 төгрөг болж байна. Мөн зээл ашигласан хоногийг тооцоход 9.000.000 төгрөгийн зээлийн хувьд 573 хоног, 11.000.000 төгрөгийн зээлийн хувьд мөн 570 хоног болсон байна. Үндсэн зээлийн хүүг сар болгоны ашигласан хоногт 4 хувиар, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүний дүнгээс 20 хувиар тооцож бодсон байгаа. Хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээ байгуулагдаж Б.Ба ын 2 ширхэг автомашиныг барьцаанд авч тухайн машинуудыг банк бус байгууллагын нэр дээр шилжүүлсэн бичиг баримт хийгдсэн байдаг боловч уг машинууд түүний өөрийнх нь эзэмшилд байж, ашиглаад явж байгаа юм. Иймээс барьцаанд тавьсан дээрх машинуудыг эдэлгээний явцад элэгдэл, хорогдол үүссэн гэж үзэж зээлийн төлбөрт авах боломжгүй болсон. Б.Ба ыг зээлийн төлбөрөө хийхийг удаа дараа шаардаж, хугацаа өгч байхад одоо төлнө гэх тайлбар удаа дараа өгдөг байснаа сүүлдээ шүүхээр шийдүүлнэ гэх болжээ. Хоорондоо эвлэрэх санал солилцсон боловч тохиролцоонд хүрээгүй.
Иймд хариуцагч Б.Ба нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул түүнээс үндсэн зээл 20.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 19 сараар тооцсон үндсэн зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, бүгд 37.034.688 төгрөгийг гаргуулж, ЭФ ББСБ ХХК-д олгож өгнө үү. Харин зээлийн 1 хувийн шимтгэл нийт 200.000 төгрөгийг хариуцагчаас авахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, эрэгтэй, РЮ59062819 дугаар регистртэй, Барчууд овогт Баадайн Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. ЭФ ББСБ ХХК-ий захирал н.Лхагважаргал, хариуцагч Б.Ба нар найз нөхдийн харилцаатай юм билээ. Б.Ба тус байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11.000.000 төгрөгийг тус тус 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар төлөх нөхцөлтэйгээр зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй гэдэг. Харин зээлийн үндсэн хүүг 19 сараар тооцсонд маргаж, зээлийн гэрээнд заасан нөхцлөөр төлнө гэх байр суурьтай байгаа. Зээлийн үндсэн хүү нь гэрээнд заасан 6 сарын хугацаагаар тооцогдож, үүнээс хойш хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцно. Мөн хэтэрсэн хугацааны хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгч 20.000.000 төгрөгийн үндсэн хүүг 19 сараар тооцож 15.842.630 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ энэ мөнгийг нэхэмжлэгч талаас ингэж тооцож байгаа бол банк бус санхүүгийн байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлсэн мөнгө хүүлэгч байгууллага мэт харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан зээлдэгчийн хариуцлага гэх зүйл заалтын 1, 2 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй байна. Нэгэнт талууд зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд гэрээгээр заасан үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтаар барьцааны гэрээг тусад нь хийдэг. Уг зохицуулалт гэрээнээс харагдаж байсан. Гэхдээ нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарлахдаа барьцаанд тавигдсан 2 авто машиныг эзэмшигч нь өөрөө эзэмшилдээ байлгаж байгаа гэж байна. Гэтэл дээрх зүйл заалтыг нэхэмжлэгч тал чандлан сахиж хэрэгжүүлсэн бол өдийд барьцааны эд хөрөнгөтэй болчихсон байх байсан. Мөн зээлийн шимтгэл төлөх ойлголт нь зээлийн гэрээний зохицуулалтад байхгүй ойлголт гэж ойлгож байна. Иймээс ингэж хандаж байгаа нь нэхэмжлэгч тал хэт давуу байдлаар хандаж байна. Учир нь гэрээнд оролцогч нар нь гэрээний өмнө харилцан эрх тэгш үүрэгтэй оролцоно гэх эрх зүйн зохицуулалт харагдах ёстой. Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэрээний хугацаанд заасан хүүг төлнө. Харин нэмэгдүүлсэн хүүг төлөхдөө үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр бодно. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийтлэг эрх бүхий этгээдэд анзыг хэрэглэхгүй гэж заасан байгаа. Хариуцагч Б.Ба тухайн үед биеийн байдал нь хүнд гадаад руу гарч биеэ эмчлүүлэх шаардлага үүссэн байдаг бөгөөд зээл төлөх хугацаа өгөөч гэж удаа дараа шаардсан боловч нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хариу өгөөгүй, хоорондоо тохиролцоонд хүрээгүй байна. Одоо Б.Ба т байгаа хөрөнгө нь 2 ширхэг автомашин л байгаа. Хариуцагч Б.Ба анх гэрээ хийсэн 9.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 9.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.162.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432.000 төгрөг, нийт 11.594.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараагийн 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 11.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.640.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 528.000 төгрөг, нийт 14.168.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд эхний зээлийн төлбөртэй нийлээд үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.802.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960.000 төгрөг, нийт 25.762.000 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлага нийт 37.234.688 төгрөгөөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 25.762.000 төгрөгийг төлж барагдуулна, харин илүү нэхэмжилсэн 11.472.668 төгрөгийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭФ ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Ба т холбогдуулан үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, зээлийн шимтгэл 200.000 төгрөг, бүгд 37.234.688 /гучин долоон сая хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн шимтгэл 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг авахгүй гэж шаардлагаа багасган, үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, бүгд 37.034.688 /гучин долоон сая гучин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулна гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.
ЭФ ББСБ ХХК, Б.Ба нарын хооронд 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд огт төлөлт хийгээгүй, хоорондоо тохиролцоонд хүрээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Зохигч зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь зээлийн хүүг гэрээнд заасан 06 сарын хугацаанд төлнө, үүнээс хойш хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцно. Хэтэрсэн хугацааны хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгоно. Иймд үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.802.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960.000 төгрөг, нийт 25.762.000 төгрөгийг төлж барагдуулна, илүү нэхэмжилсэн 11.472.668 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Зээлдүүлэгч ЭФ ББСБ ХХК, зээлдэгч Б.Ба нар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 9.000.000 /есөн сая/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг тус бүр 06 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл тооцож авах, зээлдэгч зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдлээс 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцох, гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл гэрээний хугацаа үргэлжилж, зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан нь ЗГ/072-2017, ЗГ/074-2017 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдлоо. Мөн дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота ланд круйзер-80 маркын 2 тооны автомашин барьцаалсан гэрээ байгуулсан, зээл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг зээлдэгч Б.Ба ын өмчлөлд шилжүүлсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ФГ/072-2017 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ФГ/074-2017 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-нүүд, зээлдэгч Б.Ба ын ...11.000.000 төгрөгийг Голомт банк 1805104111 данснаас ХААН банк 5913134498 дугаартай дансанд шилжүүлэхдээ /гэрээний үлдэгдэл тооцоо/ гэсэн утгатай шилжүүлж өгнө үү... гэх бичилттэй өргөдөл, ХААН банкны 5913134498 тоот дансанд мөнгө шилжүүлсэн Голомт банкны цахим гүйлгээний болон төлбөрийн баримтууд, ЭФ ББСБ ХХК-ий эдийн засагчийн мөнгөн шилжүүлэг хийсэн тухай тайлбар, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Дээрх хоёр зээлийн гэрээний утга агуулга адил бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан Зээл төлөгдөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэх үндэслэлээр хариуцагчаас хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д заасан Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 3-д заасан Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэх заалттай нийцэж байна. Мөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй болохыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтаар зохицуулсан зэргээс дүгнэхэд хариуцагч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хариуцлагыг хүлээнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...зээлийн үндсэн хүүг 19 сараар тооцсонд маргаж, зээлийн гэрээнд заасан нөхцлөөр төлнө гэх байр суурьтай байгаа. Зээлийн үндсэн хүү нь гэрээнд заасан 06 сарын хугацаагаар тооцогдож, үүнээс хойш хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцно. Мөн хэтэрсэн хугацааны хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгож байна...эхний зээлийн төлбөртэй нийлээд үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.802.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 960.000 төгрөг, нийт 25.762.000 төгрөгийг төлж барагдуулна... гэх тайлбар гаргаж байгаа боловч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Зээлдэгч нь банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Б.Ба аас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, бүгд 37.034.688 /гучин долоон сая гучин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭФ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Голомт банкны цахим гүйлгээний баримтууд, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 32-44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтад үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.034.688 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 343.123 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б овогт Б гийн Ба аас үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 15.842.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.192.058 төгрөг, бүгд 37.034.688 /гучин долоон сая гучин дөрвөн мянга зургаан зуун наян найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЭФ ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ба аас улсын тэмдэгтийн хураамж 343.123 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭФ ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА